sonin.mn
НӨАТ-ын урамшуулал, сугалааны 12 дахь удаагийн тохирлоор 4 болон 20 сая төгрөгийн азтанаар тодорсон 12 иргэнд өнөөдөр ГТЕГ-ын дэргэдэх Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулга батламж гардуулав.
 
Энэ сарын 19-нд болсон ээлжит сугалаагаар тодорсон 9246 азтанаас 11 хүн тус бүр 4 сая, нэг азтан 20 сая төгрөгийн эзэн болсон бөгөөд 12 дахь тохирлоор 20 сая төгрөг хожсон азтан анх удаа орон нутгаас буюу Завхан аймгийн Их-Уул сумаас тодорчээ.
 
Их-Уул сумд НӨАТ-ын баримт олгодог ганцхан байгууллага байдаг нь Төрийн банк аж. Тус сумын иргэн Б.Авирмэд өнгөрсөн сарын 30-нд Төрийн банканд цахилгааны төлбөр тушаахдаа авсан баримтаараа 20 сая төгрөг хожжээ.
 
Азтан Б.Авирмэд, “Би өмнө нь өөрөө Имэйл хаяг ашиглаж чаддаггүй байсан тул өөр хүний хаягаар баримтаа бүртгүүлдэг байлаа. Саяхан өөрөө Имэй хаяг шинээр нээж, хоёр баримт бүртгүүлсний нэг нь 20 сая төгрөгийн тохиролд таарлаа. Сугалаа үнэн зөв, бодит байдгийг өөрийн биеэр үзлээ.
 
Тиймээс баримтаа тогтмол бүртгүүлж байхыг иргэддээ зөвлөх байна. Манай сумын зарим иргэд баримтаа бүртгүүлэхгүй хаячихдаг гэх яриа ч гардаг. Хожсон мөнгөө юунд зарцуулахаар одоогоор төлөвлөөгүй. Гэхдээ нэн түрүүнд машин авч унана” хэмээв.
 
Хуулийн дагуу сугалааны азтануудын мөнгийг 20 хоногийн дотор дансанд нь шилжүүлдэг. Гэхдээ өнөөдөр батламжаа гардсан иргэдийн мөнгийг маргааш буюу энэ сарын 24-нд багтаан олгохоор ажиллаж байгааг ГТЕГ-ын дэргэдэх Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулга онцлов.
 
Тэрбээр, “Сангийн яам, ГТЕГ болон холбогдох албаны байгууллагуудаас НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар уг саналыг дэмжиж УИХ-д хүргүүлсэн боловч хэлэлцэж байх хугацаандаа завсарлага авснаас түр хойшлуулаад байна.
 
Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг жил бүрийн нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг байхаар тусгасан. Харин бидний хүргүүлсэн саналд НӨАТ-ын буцаан олголтыг жилд 2 удаа өгдөг болохыг хүссэн. Уг хууль батлагдвал иргэд  9 дүгээр сард буцаан олголт авах боломж бүрдэх юм” гэлээ.
 
Өнөөдөр батламжаа гардсан азтанууд тохирол үнэн бодитоо болж буйд эргэлзэлгүй итгэж байгаагаа хэлж байв. Азтанууд "www.ebarimt.mn" цахим хуудсан баримтаа заавал бүртгүүлж байхыг нийт хүмүүст хандан  уриалсан юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг