sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы улс орон даяар гурван сарын хугацаанд онц байдал зарлах тухай саналыг тус улсын хууль тогтоогчид өчигдөр олонхын саналаар баталлаа.
 
Тус улсын парламентын 346 гишүүн онц байдлын дэглэм тогтоохыг дэмжсэн бол 115 нь энэ саналыг дэмжихээс татгалзжээ. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл онц байдлын хүрээнд Туркийн ард түмний үндсэн эрх болон эрх чөлөөг хязгаарлах ажээ.
 
Ерөнхийлөгч Эрдоган онц байдал зарлахаар төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдэн “Туркийн ардчиллыг хамгаалахын тулд онц байдал зарлах шаардлагатай байна” гэсэн юм.
 
Цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан Туркийн холбогдох албаны хүмүүс наад зах нь 10 мянган хүн, тэдний дотор армийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг баривчлаад байна. Мөн цагдаа, эмч, төрийн захиргааны ажилтнууд зэрэг олон хүнийг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
 
Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек хэлэхдээ “онц байдлын дэглэм удаан үргэлжлэхгүй байх гэж би найдаж байна. Нөхцөл байдал хэвийн болбол нэг сар эсвэл сар хагасын дараа онц байдлыг цуцлах боломжтой” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг