Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр мэдээллээ. 
 
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.
 
Мөн хуралдаанаар Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг