sonin.mn
МАН-ын Засгийн газар 13 дэд сайдтай. Сангийн дэд сайдаар МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа,  Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар УИХ-дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл, Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайдаар ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, Эрчим хүчний дэд сайдаар МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн, Эрүүл мэндийн дэд сайдаар Л.Бямбасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнчимэг, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны дэд сайдаар “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нар ажилладаг. Тэд 2016 оны наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд томилогдсон. Ажлаа аваад хоёр сар болж байна гэсэн үг.
 
Тэгвэл өнөөдөр 100 хоног нь дөхөж байгаа Засгийн газрын энэ дэд сайд нар юу амжуулав. Олон нийтэд энэ тун сонин байгаа. Учир нь МАН дэд сайдын албан тушаалыг бялуу хүртээх зорилгоор Засгийн газартаа бий болгосон, хямралын энэ цаг үед бол “муу эрд халдага дараа” гэдгийн үлгэр болж байгаа юм. Эрх мэдэл, үүрэг роль багатай гэж хэдийнээсээ шүүмжлэгдээд ирсэн. Үүнийгээ дагаад дэд сайдын албан тушаалыг хэрэгцээ байхгүй гэж олон түмэн тодорхойлдог.
 
Ажил аваад хоёр сар болохдоо эрхэм дэд сайдууд энэ “үүрэг”-ээ нэр төртэй биелүүлсээр ирэв.
 
Харин тэднээс Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл арай өөрөөр ажиллаад байгаа юм.  Уг нь энэ хүн зам тээвэр, иргэний нисэх ч юм уу дэд бүтцийн мэргэжлийн хүн огтоос биш. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан. Сүүлд МАН-ын аппаратад ажиллаж байгаад УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллах болсон. Тэр үедээ шилэн данс онгичиж, улмаар “Шилэн” Цогоо гэх олны дууддаг нэртэй болсон. Ингээд Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдсоноосоо хойш яамны ажлаар энд тэнд ажиллаж байгаа нь цахим хуудаснаас нь харагдаж л байв. Хятадад очлоо, Орост ажиллалаа гээд л. Хамгийн сүүлд тэрээр УБТЗ-ын даргыг томилох ажилд нэлээд гүнзгий оролцжээ.
 
Хэд хоногийн өмнө Москвад болсон УБТЗ-ын ерөнхий хорооны хурлаар тус нийгэмлэгийн даргаар монгол хүн тавиулах, тэр дундаа Д.Жигжиднямааг томилуулахаар ихээхэн чармайлт гаргасан гэнэ. Энэ тухай сайн, муу мэдээллийг тэнд байсан хүмүүс болон төмөр замын мэргэжлийн хүмүүс ярьсаар байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг томилуулахаар МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд үүрэг өгч явуулсан. Үүүнийг бататгаж Зам тээврийн хөгжлийн  сайд Д.Ганбат албан бичиг хийж өгсөн.
 
Гэтэл Б.Цогтгэрэл /”Шилэн” Цогоо/ том толгой гаргаж,  тэр бичгийг нь нууж байгаад Д.Жигжиднямааг зүтгүүлсээр дарга болгосон гэж ярьж буй. Нөгөө хэсэг нь УБТЗ-ын ерөнхий хорооны хурал дээр Оросын тал монгол захирлын асуудлыг хэлэлцэхгүй гэхэд дэд сайд Б.Цогтгэрэл өмд, гутлаа тайлж шийдэн эсэргүүцэл үзүүлж, улсынхаа нэр хүндийг шавхайд хутгалаа гэв.
 
Энэ бол сүүлийн хэд хоногт яригдсан, бичигдсэн мэдээлэл. Эцсийн бүлэгт монголчууд Москвад болсон хурлаас ирэхдээ Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилуулаад иржээ. Энэ л болоо. Захирал нь орос, монгол байхын ялгааг үнэндээ мэдэхгүй юм. Гэхдээ манай төрд байгаа эрхмүүд ингэж зүтгэснийг бодоход ач холбогдол байгаа нь ойлгомжтой.
 
Ийн бий болсноосоо хойш байнга нүд үзүүрлэгдэж ирсэн дэд сайдын суудлыг “юм”-тай болгож болдог л юм байна. Үүнийг “Шилэн” Цогоо харуулав.
 
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин