Ж.Эрдэнэбатын Засгийн газар 100 дахь хоногоо бүтээж бус, устгаж чаддаг улс төрийн хүчин хэмээх МАН-д хаягласан дүгнэлттэй хамт угтлаа. АН-ын Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын үед эхлэлээ тавьж, эгэл түмэнд өгөөжөө өгч ирсэн олон шинэ ажлыг МАН үгүй хийв.
 
Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн асуудлыг ажилгүйдэлтэй хамтад нь шийдсэн Хүүхэд харах үйлчилгээ МАН-ын үед амь тавив. 
 
Иргэдэд үйлчлэх 1111 төв мөн л энэ намын үед амаа бариулав. Иргэдээ орон сууцжуулах ипотекийн зээл МАН-ын үед царцаж, Орон нутгийн хөгжлийн сан устаж, Шилэн данс мааниа уншуулав. Ард түмнийг төртэй холбож байсан, ардчилсан нийгмийн илэрхийлэл нь болж байсан энэ гүүр ийнхүү нуран унаснаар Монгол Улс нийгмийн байгуулалтын хувьд тодорхойгүй нөхцөл байдалд орсон талаар барууны хэвлэлүүд гайхшран бичиж байна.
 
Тэгвэл МАН-ын үед чухам юу цэцэглэн хөгжих вэ гэсэн асуулт гарч ирж байна. Голлох сонин хэвлэлүүдээр хэдэн жилийн турш реклам сурталчилгаагаа цацаж, явган тактикаар дайрч ирсэн "Bank of China” эдийн засийн хамгийн хүндрэлтэй нөхцөлийг туулж байхдаа ч АН хилийн цаана байлгаж чадсан нь өөрөө улс орны үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зайлшгүй арга хэмжээ байсан гэдгийг сануулмаар байна.
 
Угаас МАН-ын үед Монголд Хятадын нөлөө мэдэгдэхүйц хүрээгээ тэлж, Ли овогтын компаниуд хаалгаа дэлгэн, Хятадтай хамтарсан нэрээр бизнесийн орчинг урд хөршийнхөн эзэлж, Хятадын ажиллах хүч бөөн бөөнөөрөө орж ирдэг нь зуршил болтлоо баталгаажсан талаар зарим иргэний хөдөлгөөнүүд сануулаад эхэллээ. 
 
Ингэж хардах шалтгаан бий. МАН 2012 оны сонгуульд ялагдчихаад байхдаа Ө.Энхтүвшинг намын даргаар тавьсан түүхтэй. Төдөлгүй түүнийг ширээнээс нь гулсуулж, М.Энхболдыг МАН-ын даргаар дахин сонгох шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед санхүүгийн хувьд шаварт суугаад байсан МАН-д өмнөд хөршийнхөнд нэр хүнд сайтай, тэндээс санхүүжилт татаж чадах хүнээр удирдуулах нь ашигтай байж болох тухай хуйвалдаан зохих түвшинд өрнөсөн гэх хардлага хэвлэлээр цухалзаад өнгөрсөн билээ.
 
Үнэндээ ч М.Энхболдын үед нийслэлтэй харилцах өмнөд хөршийнхний харилцаа илэрхий сайжирч, тусламж, бэлгээр тасрахаа байсан үе бий. Хотын гудамжаар М.Энхболдын нэрийг лоозон болгон бичсэн 100 автобус давхилдан, нийтийн тээврийн үйлчилгээнд өнгө нэмж байв. Тэр ч байтугай М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед Монгол Улс Тяньжиний боомтод өөрийн гэсэн зогсоолтой болсон тухай мэдээлэл түгэж байсан. 
 
Ноён М.Энхболдыг урд хөршийнхөн бүдүүн дарга, том дарга хэмээн хүндэлдэг бөгөөд бараг л хөл газар хүргэлгүй үйлчилдэг гэсэн явган яриа ч нийслэлийн түвшинд гарч байв. Энэ мэт хардлагыг нотлох гэсэн мэт МАН ипотекийн зээлийг зогсоож, залууст үлэмж хэрэгтэй эл төслийг үргэлжлүүлэхийн тулд бага хүүтэй гаднын зээл хэрэгтэй байгаа талаар ам уралдан тайлбарлах болов. Үүний цаана барилгын салбарт урд хөршийнхөн жин даран орж ирэх боломж нуугдаж буйн зэрэгцээ бага хүүтэй зээл гэсэн нэрийн дор "Bank of China"-r эх орондоо оруулж, банк санхүүгийн салбараа хятадуудад атгуулах хэтийн төлөв харагдаж байна. Хятадаас их хэмжээний, бага хүүтэй зээл авах тухай ч яригдаж байна. Энэ мөнгө улс төрийн зорилготой гэдгээрээ өмнөх зээлүүдээс эрс ялгарч буй нь үнэн юм.
 
Тажикстаны гашуун жишээг энд зориуд дурдъя. Тус улсад цэцэглэн хөгжсөн "Bank of China” богино хугацаанд тажикчуудын мал, газар, орон сууц гээд барьцаалж болох бүхнийг халаасалсан бөгөөд Хятадын Засгийн газар Тажикстаны Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өр зээлийнхээ оронд авахаар болсон тухай мэдээ хоёр жилийн өмнө дэлхий нийтийг доргиож, тайван цагийн эзлэн түрэмгийллийн тухай олон улсын шинжээчид ам уралдуулан бичиж байв. 
 
Энэ бүхэн Монголд давтагдахгүй гэсэн баталгаа өнөөхөндөө алга. Аль ч утгаар нь бодсон 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн Монгол Улсын гадаад харилцаанд өөрчлөлт авчирсан нь үнэн бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн хөгжлийн зүг тэмүүлсэн эрмэлзлэл, ардчилсан нийгмийн төлөөх зүтгэлийг үнэлэн хүрээлж байсан барууны орнуудтай тогтоосон харилцаа тодорхойгүй байдалд шилжээд байгаа билээ. Энэтхэгийн геофолитик судлаач Г.Ханна "Хятадууд Монголыг эзэлж байна. Гэхдээ зэвсэг барьж, буу дуугаргалгүйгээр, эдийн засгийн эрчимтэй аргаар энэ орныг залгиж байна" хэмээн Хятадын нөлөөллийн талаарх илтгэлдээ дурдсан нь бий. В.Путин "Сибирьт нэгэнт суурьшиж, мод болон эмийн бизнесийг атгандаа оруулсан зургаан сая хятад иргэний асуудал Кремлийн сэтгэлийг түгшээж эхэллээ" хэмээн нэгэн ярилцлагадаа бодит байдлыг дурдсан нь бий. Хятадын эдийн засгийн эрс хөгжил, хүн амын хязгаарлашгүй өсөлт цөөхүүлээ Монголыг байтугай дэлхий дахиныг, их гүрэн Оросыг ч эмзэглүүлэх болсон нь эндээс харагдана.
 
Чухам энэхүү эгзэгтэй үед МАН-ын Засгийн газар Хятадаас авч болох их хэмжээний өр зээлийн тухай цухуйлгах болсон нь үндэсний аюулгүй байдлаа нохойд барьж өгснөөс өөрцгүй хэрэг юм. Магадгүй Хятадын зээлээс өөр аврах гарц байхгүй мэтээр олон нийтэд ойлгуулахын тулд АН-ын үед эхлүүлсэн, олон нийтийн талархлыг хүлээсэн, эдийн засагт бага ч болов нэмэр болж ирсэн ажлуудыг зогсоох шийдвэр гаргасныг үгүйсгэхгүй.
 
Ялангуяа цементийн хэрэгцээгээ анх удаа монголчууд дотооддоо хангаж, вакум цонхоо урдаас зөөхөө больсон нь АН-ын хэрэгжүүлсээр ирсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын үр дүн байв. АН-д алдаа байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ ололт нь илүүтэй байсныг хүлээн зөвшөөрөх зориг МАН-ын удирдлагуудад хэрэгтэй бололтой.
 
Ялангуяа Төв Азид буу дуугаргалгүй мэндэлсэн цорын ганц ардчилсан хувьсгалыг хийж чадсан Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог онцлогоо бодсон ч олон улсын харилцаа, дипломат бодлогодоо илүү ардчилсан байдлаар анхаарах шаардлага зүй ёсоор тулгардаг.
 
Жингийн туухайг тэнцүүхэн авч явах ухаан АН-аас гарч байсныг зориуд дурдмаар байна. Энэ утгаараа гадаад харилцаа өмнө байгаагүйгээр хүрээгээ тэлж, БНСУ-д боолын хөдөлмөр эрхлэхээр явдаг байсан иргэд маань визний таатай нөхцөлөөр суралцах, итгэл хүлээн ажиллах боломжтой болж, улмаар Турк, ОХУ, Япон зэрэг оронд монгол иргэд зорчих шинэ боломж, гарцууд нэмэгдсэн билээ.
 
Гэтэл өнөөдөр МАН нийгмийн халамжид дулдуйдаж, урд хөршийн хаялгыг хүлээсэн хуучин нийгмийг эргүүлэн сануулсан алхмуудыг хийх боллоо. Энэ бол ухралт гэдгийг хэлэхийг хүсэж байна.
 
АН-ын Засгийн газрын үед олсон ололт, бусад улс оронтой тогтоосон ач холбогдол бүхий харилцаагаа алдах эрх бидэнд үгүй. Төр барьж байгаагийн хувьд ололт амжилтаа залгамж байдлаар үргэлжлүүлэн авч явах нь МАН-ын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Учир нь монголчууд бидэнд улс төрийн үзэл бодлоор ялгаварлах аргагүй нэг л хүндэтгэх шалтгаан байдаг. Тэр нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал билээ.
 
МАН-ын үед Монголын зах зээл юаниар амьсгалж, хятадууд түрэн орж ирэн суурьшиж, өмнөд хөршийн эдийн засгийн нөлөө Монголыг эргэлт буцалтгүйгээр хоморголон эзэлсэн тухай гашуун түүхийг бидний үеийнхэн бүтээх учиргүй.
 
Сэтгүүлч Р.Эмүжин