sonin.mn
ЗХУ-ын маршал, ЗХУ, Монгол Улсын баатар Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хот дахь  Оросын соёл, шинжлэх ухааны ордонд ёслон тэмдэглэлээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, "Монгол Орос" найрамдлын нийгэмлэг, Г.К.Жуковын музей зэрэг олон нийтийн байгууллагууд оролцсон байна.
 
Маршал Г.К.Жуковын 120 жилийн ойг Монгол Оросын дипломат харилцааны 95 жилийн ойн хүрээнд тэмдэглэж байгаагаас гадна энэ сарын 21-нд орос сургуулийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааныг дүгнэжээ. Улаанбаатар хотод Жуковын нэрэмжит гудамж, музей байдаг, монголчууд ч түүнийг андахгүй.
 
Тиймээс түүний тухай зохион бичлэгийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцож,   2-4 дүгээр ангийн сурагчдаас Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн сурагч А.Оганов, А.Постигов, 5-8 дугаар ангийн сурагчдаас А.Ахунов, 9-12 дугаар ангийн сурагчдаас Т.Чингүүн нар түрүүлсэн байна. Шалгарагсдын шагналыг ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Артём Оганов, Улаанбаатар дахь Үнэн алдартны сүмийн хамба лам Алексей нарын зэрэг хүмүүс гардуулж  баяр хүргэв. Үүний дараа зочдод концерт тоглон, ордны танхимд гаргасан үзэсгэлэнг сонирхуулжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг