sonin.mn
“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Сити хаус” компанийн захирал Ц.Сумъяацэрэнг урилаа.
 
-Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна?
 
-Зургаан жилийн өмнө барилга угсралт, интерьер дизайны чиглэлээр байгуулж байсан. Өдгөө барилгын чиглэлийн бүхий л ажлыг хийж байна даа. Сүүлийн үед тавилга хийж эхэлсэн. Манай компани байгууллагуудын дотор засал чимэглэл, тавилгыг захиалгаар хийж байна. Энэ зун канад технологиор байшин барьсан. Тавилга үйлдвэрлэж байгаа давуу талаа ашиглан бүрэн тавилгатай нь хүлээлгэж өгсөн.
 
Интерьер засал болон тавилга хийхдээ монгол өв уламжлал, арга билгийн ухааныг онцлогоо болгодог. Бидний хувьд хэрэглээ даах чадвартай, чанартай, баталгаатай тавилга хийхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Ингэж ажилласнаараа өнөөдрийг хүртэл захиалгаар тасрахгүй байгаа болов уу.
 
-Бизнест тулгамдаж байгаа асуудлыг тоочоод байвал дуусахгүй. Энэ нь цаг үетэйгээ холбоотой байна гэлцдэг. Та бүхний хувьд?
 
-Эдийн засгийн хямрал компанийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Гэхдээ энэ удаагийн хямрал манай компанид сайнаар нөлөөлж байна гэж боддог. Учир нь аливаа зүйлийг хийхдээ тухайн нөхцөл байдалд нь тохируулан чанартай хийж байсан нь эргэх холбоог бий болгодог бололтой. Хэдийгээр эдийн засаг хэцүү байгаа ч өмнө нь гэрийнхээ тавилгыг хийлгэж байсан хүн дахин өөр зүйл хийлгэх санал тавьж байна.
 
-Үйлдвэрлэл эрхлэхэд боловсон хүчний асуудал байнга яригддаг. Учир нь мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа нь энэ салбарын хөгжилд нөлөөлж байна гэх нь ч бас бий?
 
-Үйлдвэрлэлээ хэвийн явуулахын тулд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй залууст цалинг нь өгөөд дадлагажуулж, сургаж авдаг. Ингээд нэлээд зүгширснийхээ дараа “Би өөрөө хийнэ” гээд ажлаа орхиод яваад өгөх нь ч бас бий. Тэгэхээр боловсролын системдээ өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм. Бизнесийг ашиг олохын төлөө хийдэг. Гэтэл нэг хүнийг сургаж авахын тулд багадаа гурван сар зарцуулна. Энэ хугацаанд цалингийн хий зардал гарсаар байна.
 
-Гадаад, дотоодын бүтээгдэхүүний ялгаа болон технологийн хоцрогдол гарч байгааг хэрэглэгчид шүүмжилдэг. Гэхдээ үүнийг нь үйлдвэрлэгчид эсэргүүцдэг шүү дээ. Таны хувьд шинэ технологийг цаг алдахгүй нутагшуулахын тулд юу хийх ёстой гэж боддог вэ?
 
-Манай салбарын хувьд хэрэглэх түүхий эд нь төдийлөн өөрчлөгддөггүй. Харин загвар маш хурдацтайгаар өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацаатай хөл нийлүүлэн алхахын тулд тэдгээр шинэ загварт шаардлагатай технологийг зайлшгүй нутагшуулах учиртай. Үүнийг дагаад дахиад л боловсон хүчний асуудлыг ярих хэрэгтэй болно. Ер нь аливаа зүйл гинжин урвалаар холбогддог шүү дээ. Цаашилбал, бизнесийнхэнд хүндээр тусч байгаа асуудлын нэг нь мэргэжлийн ажилчныг сургах явдал. Тиймээс энэ тал дээр төрөөс анхаарах цаг нь болсон.
 
Уламжлалт технологи хоцрогдож байна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид өмнөхөө үгүйсгэж одоо байгаагаа тахин шүтсээр сүүлийн 20 жилийг үдсэн. Үр дүн нь юу байна вэ гэдгийг цаг хугацаа хангалттай харуулж байгаа шүү дээ. Тиймээс уламжлалыг хадгалж үлдээд, дэлгэрүүлж, сайжруулахын тулд шинэ технологийг ашиглах нь зүйтэй.
 
-Өнгөрсөн улирлын байдлаар эдийн засгийн огцом агшилт ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байна. Энэ нь бизнесийнхэнд хүнд цохилт болно гэдгийг ч бас хэлсэн?
 
-Нэг талаараа хүнд цохилт мэт боловч нөгөө талдаа сорилтыг давж гарах шалгарлын үе гэж ойлгож болно. Зах зээлийн зарчмаар хийж чадаж байгаа нь үлдээд чадахгүй байгаа нь унах нь бизнесийн зарчим. Эдийн засаг сайн байх үед хүн бүр л “чадна” гэдэг байсан шүү дээ. Сорилыг даваад үлдэж байгаа үйлдвэрлэгчид, бизнесийнхэнд төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Гэхдээ төрийн хэт оролцоогоо бууруулж зах зээлийн зарчмаар ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, олон жилийн туршид бизнесээ өргөжүүлэн тогтвортой ажиллаж байгаа хэсэг нь шалгарлыг давж гарна.
 
Үүнийг төрийн бодлогоор хамгаалж эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нь өсгөхийн төлөө дэмжих ёстой гэсэн үг. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид хүсч байгаагаа, үйлдвэрлэлд юу дутаж байгаа зэрэг өөрт тулгамдсан асуудлаа сайн ойлгуулж байх нь зүйтэй гэж боддог.
 
-Тэгвэл төр бизнесийг, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих ёстой вэ?
 
-Татварын асуудлыг хүн бүр л хэлж байна. Түүнээс гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд хамгаалалт хэрэгтэй. Тухайлбал, тавилгыг дотооддоо хийж байгаа үед ижил төрлийн бүтээгдэхүүнд ногдох татвар, импортоор орж ирэх хэмжээг хязгаартай болгох ёстой. Яагаад гэвэл, импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүний өртөгтэй дотоодод үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байна. Ер нь манай хэрэглэгчид худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ орц найрлага, түүхий эдийг нь сайн судалж байх учиртай. Аливаа бүтээгдэхүүн чанараасаа хамаараад үнэ нь өөр, өөр байна. Мэдээж сайн чанарын түүхий эдээр хийсэн барааны үнэ өндөр байх нь дамжиггүй.
 
-Төрийн залгамж ха­лаа байхгүйгээс бизнест бас чөдөр болж байгааг шүүм­жилж байна. Таны хувьд?
 
-Миний бодлоор мэддэг, чаддаг хүн нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж байх ёстой. Жишээлбэл, хуульчийг эмч бол гэж болохгүй. Хүн байгаа нөхцөлдөө дасан зохицох чадвартай хэдий ч цаг хугацаа алдсаар байдаг юм. Түүнтэй адил төрийн залгамж халаагүй байдал нь бизнест нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Дөрвөн жилийн мөчлөгтэй төрийн албаны томилгоогоор ирсэн хүн тухайн салбартайгаа танилцаж учрыг нь ойлгох гэсээр байтал цаг алдаад байгаа юм шүү дээ. Энэ үнэхээр харамсалтай зүйл. Бизнесийнхэнтэй хийж байсан Ерөнхийлөгчийн уулзалтын үед “Цаг төртэй, бизнес цагтай уралддаг” гэж хэлж байсныг нь санаж байна. Энэ байдал одоо ч хэвээр байгаа.
 
-Бизнест итгэл чухал гэдэг. Манай үйлдвэрлэгчдийн хувьд борлуулалт сайн болоод ирэхээр өөрсдөө хийхээс илүүтэй урд хөрш рүү захиалж авчран борлуулж байгаа нь хэрэглэгчдийн ит­гэлийг алдаж байна гэ­дэг­тэй та санал нийлэх үү?
 
-Үүнд төрийн бодлогоор импортын бараанд квот тогтоож, дотоодын бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой. Мэдээж дотоодын үйлдвэрлэгчид байгууллагынхаа онцло­гийг харуулсан загвартай, чанар стандартыг ягштал мөрддөг байх учиртай. Ер нь манай улсад өрсөлдөх чадварын талбарт шударга тулаан дутаж байгааг хэлэх хэрэгтэй. Жижиг, томоос үл хамааран шударга өрсөлдөөнөөр хэрэглэгчдэд танигдах нь чухал.
 
Харамсалтай нь одоогоор шударгаар өрсөлдөхгүй булхай луйвар, том, жижгийн хэт ялгаа гаргаад байгаа нь зах зээлийн зарчмаар өрсөлдөх гарцыг боомилж байгаа юм. Дээрээс орон нутгийн дэмжлэг бас дутаж байна. Манай компанийг ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг үйлдвэрлэлээ явуулж байх хугацаанд ганц ч төрийн албаны хүн ирж үзээгүй. Тэгэхээр төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхний уялдаа холбоогүйгээс аль үйлдвэр нь ямар байдлаар ажилладаг вэ гэдэг бодит судалгаа дутагдана шүү дээ.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин