sonin.mn
Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны гэмт хэргийн нөхцөл байдал болон 2017 онд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нягтлан боловсруулах газрын дарга дэд комиссар Ц.Ням-Очир, тус газрын хэлтсийн дарга, хурандаа Х.Батбаатар тэргүүтэй албаныхан өнөөдөр /2017.01.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нягтлан боловсруулах газрын дарга дэд комиссар Ц.Ням-Очир: Өнгөрсөн 2016 онд гэмт хэргийн тоо 2.1 хувиар буурсан гэж яриагаа эхлэв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл, орон нутагт нийт 399 олон нийтийн цагдааг ажилуулсан байна. Мөн оюутан цагдаа хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын улирал болох 6-9 дүгээр сард 100 орчим оюутан цагдаа ажиллаж, нийт 25 мянга орчимд туслалцаа дэмжлэг үзүүлжээ. Улсын хэмжээнд 761 ерөнхий боловсролын сургууль байдгаас 401 дунд сургуультай хамтран ажилласан байна. Үүний үр дүнд өдөрт 3000 орчим эцэг, эхийн эргүүл хийж, гэмт хэрэг, осол гэмтлийн тоог буурах эерэгээр нөлөөлсөн үр дүн гарчээ. Улсын хэмжээнд нийт 12 мянган орчим камер ажиллаж байдаг. Үүнээс 2500 орчим нь цагдаагийн байгууллагын өмчлөлд байдаг аж. Мөн иргэдийн дунд хөршийн хяналт, гэмт хэргийн газрын зураглал зэрэг ажлуудыг зохион байгуулж, үр дүнд хүрчээ.
 
Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Х.Батбаатар: -Өнгөрсөн 2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 27167 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 590 гэмт хэргээр буюу 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр гэмт хэргүүдийн илрүүлэлт нь 64 хувь буюу өмнөх оныхоос 1.9 хувиар өссөн дүн гарчээ.
 
 
Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 65.9 хувь нь Нийслэл хотод аймгуудад 33.9 хувь, бусад газар 0.1 хувьтай гарсан байна. Үүнд Баянзүрх дүүрэгт 4218, Баянгол дүүрэгт 3137, Сүхбаатар дүүрэгт 2962, Сонгинохайрхан дүүрэгт 2811, Чингэлтэй дүүрэгт 2337, Хан-Уул дүүрэгт 1639, Налайх дүүрэгт 489, Багануур дүүрэгт 293, Багахангай дүүрэгт 23 гэмт хэрэг тус тус бүртгэгджээ. 
 
Гэмт хэрэг үйлдсэн газраар нь авч үзвэл гэр орон сууцанд 9200 буюу 33.9 хувь, гудамж талбайд 5479 буюу 20.2 хувь, олон нийтийн газарт 3837 буюу 14.1 хувь, төрийн байгууллагад 417 буюу 1.5 хувь, төрийн бус байгууллагад 253 буюу 0.9 хувь, аж ахуй нэгжид 2435 буюу есөн хувь, автозамд 1684 буюу 6.2 хувь бусад газарт 3604 буюу 13.3 хувьтай үйлдэгдсэн байна. Мөн гэмт хэргийн ангиллаар нь хөнгөн гэмт хэрэг 13487, хүндэвтэр гэмт хэрэг 12127, хүнд гэмт хэрэг 1628, онц хүнд гэмт хэрэг 515 гарчээ. Үүнд эмэгтэй хүн оролцсон 3516 гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1449, хүүхэд оролцсон 970, бүлэглэн үйлдсэн 1635, галт зэвсгээр үйлдэгдсэн 33, үгсэн тохирсон 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
 
Гэмт хэргийн урьдчилсан хохирлын хувьд 2016 онд гэмт хэргийн халдлагад нийт 27689 хүн, 84 байгууллага өртөж, төр, иргэдийн аж ахуй нэгж байгууллагад 162.9 тэрбум төгрөгний хохирол учруулснаас 27 хувь буюу 44 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Нийт 880 хүн гэмт хэргийн улмаас нас барж, 11257 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нас барсан хүний тоо 3.9 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 0.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Эрүүгийн хэргийн тоон товчооноос үзэхэд, улсын хэмжээнд хоногт 74 гэмт хэрэг, цагт гурван гэмт хэрэг, Нийслэлд 49 гэмт хэрэг, нийслэлд цагт хоёр гэмт хэрэг бүртгэгдэж байна. Харин хоногт гэмт хэргийн улмаас хоёр хүн нас барж, 30 хүн гэмтэж байна. Мөн 30 гэмт хэргээс нэг хүн нас барж, нэг хүн гэмтэж, нэг гэмт хэрэгт 5.9 сая төгрөг ногдож байна гэсэн дүн гарчээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг