sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Өнгөрсөн сард Куала-Лумпурт нас барсан Ким Чен Намын хурууны хээг Японы тал Малайзын цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай Японы “Kyodo” агентлаг мэдээллээ.
 
Японы хууль сахиулагчид Ким Чен Намыг 2001 онд тус улс руу хуурамч бичиг баримтаар нэвтрэхийг оролдох үед нь илрүүлэн саатуулж, түүний хурууны хээг авсан ажээ. Малайзын талд энэ мэдээллийг өгсөн явдал нь Малайз болон Япон улс уг хэрэг дээр хамтран ажиллаж буйг нотолж байгаа юм.
 
Ким Чен Нам энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан билээ. Малайз улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, тэрбээр “VX” гэдэг мэдрэлийг саажуулдаг хорт бодисонд хордсоны улмаас нас барсан байна. 
 
Харин Пхеньян энэ тухайд “Малайз улсад БНАСАУ-ын Ким Чоль гэдэг нэртэй иргэн нас барсан” гэж мэдэгдсээр байгаа юм. Мөн түүний үхлийн шалтгаан нь хортой химийн бодис бус харин зүрхний шигдээс байсан гэж нотолж байна. 
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг