sonin.mn
НАЙРОБИ. /Al jazeera/. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Өмнөд Судан улс гадаадын ажилтнуудын визний төлбөрийг эрс өсгөх тухай шийдвэр гаргасныг буруушаагаад, энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн тус улсад хүмүүнлэгийн хямралыг улам гааруулна хэмээн анхааруулжээ.
 
Саяхан Өмнөд Суданы Засгийн газар 3 дугаар сарын 1-нээс эхлэн визний төлбөрт гадаадын орнуудын ажил эрхлэгчдээс 10 мянган доллар, үйлдвэрийн ажилчдаас 2 мянган доллар, тогтмол бус түр ажил эрхлэгчдээс 1000 доллар хураах болсон тухайгаа мэдэгдсэн байна.
 
“Засгийн газар болон арми хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдал үүсэхэд ихээхэн нөлөөлсөн. Харин одоо тэд өөрсдийн бий болгосон хямралаас ашиг хүртэхийг хүсч байна” гэж “Amnesty International” байгууллагын Өмнөд Судан дахь ажилтан Элизабет Денг дүгнэжээ.
 
Тус улсад олон зуун хүмүүнлэгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд визний төлбөрийг нэмэгдүүлсэн нь “хүмүүнлэгийн байгууллагууды зайлшгүй чухал ажлуудад саад болж, удаашруулна” гэж Э.Денг үзэж байна.
 
Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсын 7.5 сая гаруй иргэнд тусламж шаардлагатай байгаа ажээ.
Өнөөгийн хямрал нь ”хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй” НҮБ үзэж байгаа бөгөөд 2013 онд эхэлсэн иргэний дайн хүмүүсийг дүрвэхэд хүргэж, хөдөө аж ахуйн салбарыг унагаж, үнийг хөөргөдөж, хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн газруудад хүмүүнлэгийн ажилтнууд очиж чадахгүйд хүргэсэн юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг