sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн Yahoo компанийн шинээр томилогдсон Ерөнхий захирал болох өдгөө 52 настай Томас Макинерни жилд 2 сая долларын цалин авна. Энэ нь өмнөх захирал Марисса Майерын авч байсан цалингаас хоёр дахин их мөнгө юм. Энэ тухай мягмар гарагт NBC телевиз мэдээллээ.
 
Уг албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Марисса Майер хакер халдлагын талаарх мэдээлэл задарсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадаагүй учраас ажлаасаа халагдсан юм.
 
Захирлуудын зөвлөл Майерт компанийн хувьцаа хэлбэрээр олгох ёстой байсан жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэж саяхан мэдээлж байсан билээ. Харин NBC телевизийн мэдээлснээр, энэ нь ташаа мэдээлэл байжээ. Компанийн ерөнхий захирал асанд хугацаанаас нь өмнө гэрээ цуцалсны нөхөн төлбөр болгож 23 сая доллар олгосноос гадна Yahoo-гийн 57 сая орчим долларын үнэт цаасыг өгсөн байна. 
 
Майер одоо Хятадын ALIBABA GROUP Holding "компани дахь Yahoo-ийн хяналтын хувийг эзэмшдэг багавтар охин компанийг удирдах ажээ.
Дотоод хяналт шалгалт хийсний дүнд Yahoo-гийнхан Марисса Майер болон түүний удирдлагад байсан менежерүүд 2014 онд хакер халдлага гарсан тухай мэдээлэлд хэтэрхий хөшүүн хойрго хандсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Тухайлбал, хэрэглэгчдийн аккаунтууд хакер халдлагад өртсөн талаар хэрэглэгчдэд хэтэрхий хожуу мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Yahoo-гийн менежерүүд кибер халдлага гарсан тухай мэдээллийг компанийн хөрөнгө оруулагчдад тэр даруйд нь хүргээгүй байна.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг