sonin.mn

БОАЖЯ-наас манай орны нийт бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт ил захидал илгээжээ. Үүнд, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсоороо нөхөн сэргээгдэх боломжийг олгохуйцаар байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэлхий дахин нэн тэргүүний зорилгоо болгож байгаа өнөө үед та бүхэн хандаж байна.

Дэлхийн хүн амын болон эдийн засгийн огцом өсөлт, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжил, эрчим хүчний улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээ, хүний үйл ажиллагаа, хүчин зүйлийн нөлөөгөөр хүлэмжийн хий нэмэгдэж, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлдүүлж, дэлхий дахиныг орших уу, эс орших уу гэсэн асуудлын зааг дээр авчраад байна.

Өвөл зуны хооронд 70-80 хэмийн зөрүүд амьдардаг манай монголчуудын хувьд үл мэдэгдэх юм шиг уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө бүхэл бүтэн дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаг үндсээр нь шийдэхэд ойрхон байгаа энэ үед сэтгэл зовнин энэхүү захидлыг та бүхэнд илгээж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө Монголд хуурайшил, цөлжилт, орчны доройтол, усны хомсдолыг дагуулж байна. Манай улсын нутаг дэвсгэрийн нэг ам. километр талбайд 22.3 мянган шоо мөтр ус ноогддог нь дэлхийн дунджаас үлэмж доогуур юм. Үүний дээр хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн 30 гаруйхан жилийн дотор 700 шахам гол горхи, 1500 шахам булаг шанд, 1200 муур цөөрөм, 60 шахам рашаан ширгэж үгүй болсны дээр Орхон, Туул, Онон, Хэрлэн, Онги, Байдраг, Завхан зэрэг олон гол мөрний ус бохирдож, урсац нь тасалдан амь тасрахад бэлэн болоод байна.

Дэлхий дахинд цэвэр усны асуудал “дайн”-д ч хүргэж болох эмзэг асуудал болж байгааг дэлхийн нөлөө бүхий улс төрчид, эрдэмтэн судлаачид сануулсаар байна. Газрын хэвлийн ашигт малтмал, түүний дотор алтны хойноос шунасан сувдаг сэтгэлийн улмаас байгаль орчин доройтон цөлжиж, химийн бодисоор бохирдсон газар шороо, голын гольдрол дотор үүссэн нуур, цүнхээл энд тэндгүй бий болж, хор хохирол нь нийтийг хамарсан шинжтэй боллоо.

Байгаль, дэлхийд хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн учирч байгаа өөрчлөлт нь баян хоосон, ядуу буурай, хөгшин залуу хэнийг ч ялгахгүйгээр нийтэд нь сүйрүүлэн хөнөөх аюул заналыг агуулж байна. Тийм ч учраас дэлхий нийтээрээ үүнии эсрэг санаа нэгдэн тэмцэж байна.

Эрхэм ажил хэрэгч хүмүүсээ! Аливаа бизнесийн үйл ажиллагааг эрхлэхдээ түүхий эд, эрчим хүч, усны зарцуулалтыг дээд зэргээр хэмнэж, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар цэвэр технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэн явуулах нь өнөөгийн дэлхий дахины бизнесийн хөгжлийн шинэ чиг хандлага, өрсөлдөөний үндсэн шалгуур болоод байгааг сонор соргогоор мэдэрч өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байгаль орчинд ээлтэй, эрүүл, цэвэр, зөв бизнесийг хөгжүүлцгээе.

Дэлхий дахин дан цэвэр технологийн үйлдвэрлэлийг дэмжих стратегаа өөрчилж “Нөөцөд хэмнэлттэй цэвэр технологийн үйлдвэрлэл” эрхлэх стратеги рүү шилжиж байна. Герман, Австри улсад хийгдсэн судалгаанаас харахад олон үйлдвэрт эрчим хүч, материал түүхий эдийн зардал нийт өртгийн 40-65 хувийг эзэлдэг байна.

-Материал, эрчим хүчний зарцуулалтын үр ашиг нь үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг тодорхойлох гол чиглэл, тогтвортой байдлыг нь үнэлэх анхдагч шалгуур болж байна.

-Өнгөрсөн 40 жилд хөдөлмөрийн бүтээмж 270 хувиар өссөн байхад үйлдвэрлэлд ашиглагдсан түүхий эд, материалын бүтээмж 100, эрчим хүчний бүтээмж дөнгөж 20 хувийн өсөлттэй байна.

Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид нь нийгмийн хамгийн нөлөө бүхий хэсэг билээ. Тийм учраас Монгол Улсын усны нөөцийг нэмэгдүүлж, үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, бохирдлоос хамгаалах, цэнгэгжүүлэх замаар усны хямралаас урьдчилан сэргийлэхэд үндэсний хэмжээнд Та бүхнийг шийдвэрлэх үүрэг их, энэ бүхнийг та бүхэн гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.

Та бүхэн эрчим хүчний хамгийн том хэрэглэгчид. Тиймээс та бүхний ухамсартай, зохистой, зөв хэрэглээний үр дүнд эрчим хүчний зарцуулалт хэмнэлттэй, үр ашиг өндөртэй болж, тэр хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэлтээс үүсч байгаа нүүрс хүчлийн хий, бусад хог хаягдал багасаж, байгаль орчинд үзүүлэх дарамт хөнгөрч, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах болно.

Та бүхний бодлого, үйл ажиллагаагаар дамжиж хэрэгжих “Нөөцөд хэмнэлттэй, үр ашигтай, цэвэр үйлдвэрлэл”-ийн үр дүнд бидний үр хүүхэд, тэдний ирээдүй хойч үе эцэг, өвгөдөөс заяасан энэ сайхан газар нутаг, байгаль дэлхийдээ үүрд сэтгэл хангалуун, ая тухтай, элбэг хангалуун амьдран суух монголчууд бидний өнө холын хүсэл, мөрөөдөл биелэх билээ.

Болгоохтун! Бодогтун! Бодсоноо бодит үйл хэрэг болгохтун! гэсэн байна.

Эх сурвалж: “Бизнес таймс