sonin.mn

“Үнэнч мөнх андууд” ТББ гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Л.Амарсайхантай ярилцлаа.


Юуны өмнө "Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төслийн талаар танилцуулахгүй юу?


Дэлхийн хоёрдугаар дайн монголчуудын оруулсан хувь нэмрийн талаар монголчууд ч ярьсан. Оросууд ч ярьлаа. Гэхдээ хувьсгалт монгол танкын бригад, Москва болон өөр газар хүргэсэн цуваануудын тухай ярьдаг юм. Тэдгээрийг үгүйсгээд байгаа юм биш. Тэр бол үнэхээр аугаа үйл явдлууд.


Гэтэл энэ дотор нэг бахархмаар зүйл болсон нь зөвхөн Ховд аймгийн ард иргэд “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтанд” цуваанд хувь нэмрээ оруульё, бид өөрсдөө тэмээгээр хүргэж өгье гэдэг санаачилга гаргаж, 1942 оны 9-р сарын 17-нд 1200 тэмээ бүхий тэмээн жинг зохион байгуулаад Бийск хот хүртэл явсан байдаг.


Яагаад Бийск хот хүртэл юм бэ гэхээр манай баруун хязгаараас ЗХУ-ын хамгийн ойрын төмөр замын буудал тэнд байсан. Тэгээд тэр хүртэл хүргээд төмөр замаар ачуулсан байдаг юм.



Энэ бол өнөөдөр бидний мэддэг машин, гал тэргэнд ачаад явчихсан зүгээр нэг цуваа биш юм байна. Хоёр ч том өндөр давааг давж, тэнд тэмээний гарз хохирол ч гарч байж. Маш хүнд нөхцлийг даван туулж очиж байсан.



Хоёр орны ард түмний үнэхээр бие биедээ туслах гэсэн сайхан сэтгэлүүд гарч байсан. Зарим хүний дурьдатгалд бичсэнээр цастай өндөр даваа өөд тэмээ явж чадахгүй хальтирч байхад тосгоны Орос эмэгтэйчүүд өөрсдийн өмсөж байсан хүрмээ тайлж дэвсэж байгаад, хүрмэн дээгүүрээ тэмээн цувааг гаргаж, өргөж түшээд явуулж байсан гэдэг.



Сонирхолтой нь манайхаас явсан 108 хүн дунд Орос хэлтэй хүн байгаагүй. Тосгоны оросууд дунд монголоор ярьдаг хүн байхгүй. Гэсэн ч ойлголцоод явж байсан гэдэг нь хүмүүсийн дурсамж ярианд байдаг учраас энэ сайхан нөхөрлөл, сайхан сэтгэлийг илүү тод гаргах зорилгоор төсөл болгож, хоёр орны хүүхэд залуучууд, ард түмэнд ойлгуулья гэдэг санаа гарсан юм. Жил гаруй судалгаа хийж, хүмүүстэй уулзлаа.


Ямартай ч төсөл маань биеллээ олж, эхний шат маань эхлэхэд бэлэн боллоо. Хүмүүсд бодит зүйл үзүүлхийн тулд жижиг үзэсгэлэн дэглэж бэлдээд бэлэн болсон. Энэ оны 5-р сард нэг удаа олон нийтэд үзүүлсэн. Үүнийгээ улам баяжуулж тодотгож байна. Миний эцсийн зорилго бол энэ гавъяа байгуулсан аугаа их түүхийг тод томруун болгох хүсэл байсан. Энэ хүсэл маань тодорхой хэмжээгээр биелж байгаа.


Яагаад гэвэл ялалтын баярын үеэр ОХУ-ын В.Путин үг хэлсэн. Монголын ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ монголчууд үнэхээр сэтгэлээрээ тусалсан шүү гэдгийг хэлээд, тэр битгий хэл алс хол газар тэмээн жингээр бэлгийн цуваагаа хүргэж ирж байсан гэдгийг хэлсэн байдаг.



В.Путины амнаас гарч байгаа боловч дэлхий дахинд цацагдаж байгаа хэрэг. Тэмээн жингийн цуваа гэж хэлсэн нь миний ажил ач холбогдлоо өгч, анхаарал хандуулж байгаа юм байна гэдэгт баярлаж байгаа.  



1200 тэмээгээр жин тээгээд, 10 орчим тэмээний гарз учирсан гэсэн. Энэ тэмээнүүд бүгд эх нутагтаа ирсэн байдаг юм болов уу?


Хүмүүсийн дурьдатгал дээр бичсэнээр албан ёсоор тэмээ үлдээгүй. Замдаа туйлдсан, өндөр хавцлаас унасан 10 орчим тэмээний гарзтай л гэдэг. Тэмээний талаар бас нэг сонирхолтой зүйл байдаг. Замдаа туйлдаад явж чадахгүй болсон хоёр тэмээг оросын тосгоны айлд үлдээсэн байдаг юм. Буцаж ирэх үед бараг амьд байхгүй байх гээд үлдээсэн.


Гэтэл үлдсэн хоёр тэмээ өдөр нь тэмээн жингийнхээ араас харж идээшлээд, шөнө нь урагшаа буюу Монгол руугаа харж хэвтэж амардаг байсан гэж. Эхлээд 2 сар орчим аргамжиж уядаг байж. Дараа нь уяхаа больсон байгаа юм. Ингээд нэлээн удсаны дараа нөгөө хоёр тэмээ гэнэт нэг өдөр их хөдөлгөөн ороод, нааш цааш гүйж эхэлсэн байгаа юм. Нэлээн байж байтал тэмээн жингийн цуваа маань буцаж ирсэн байгаа юм.



Ингээд үлдсэн хоёр тэмээ ч, буцаж ирсэн тэмээнүүд ч нулимас бөмбөрүүлж, хошуугаа нийлүүлээд зогссон гэдэг тухай оросын тосгоны хүмүүсийн дурьдатгалд ч байгаа. Монголчуудын бичсэн дурсамжинд ч бий.



Тэр хоёр тэмээнд ачаа ачилгүйгээр буцсан байгаа юм. Тэгэхэд ачаатай тэмээний хоёр талд гараад, хүнээр бол түшээд явж байсан гэдэг. Тэгээд жинчид маань хоёр тэиээнд өөр тэмээний ачааг хөнгөлж ачаад ирсэн. Ингээд бодохоор энэ түүх бол зөвхөн ард түмний биш тэмээ гэдэг амьтны баатарлаг үйл, монгол мал үнэхээр ухаантай гэдгийг хэлмээр зүйл түүхийн баримтанд байдаг юм байна. Энэ бүхнийг гаргаж ирвэл монгол тэмээ, монгол мал үнэхээр аугаа юм гэдгийг дэлхий дахинд сурталчилмаар санагддаг. 


Та бүхэн бас 100 орчим тэмээтэй жингийн цуваа явуулна гэж ярьж байна. ОХУ-ын аль хот хүртэл явах бол? Ямар ачаа бараа тээх вэ?


Бид анх энэ маршрутаар тэмээн жингийн аялал зохиох зорилготой байсан. ОХУ-ын хилийн бүсийн удирдлагуудтай уулзахад тэдэнд тэмээ байхгүй. Тэмээгээр аялал хийж чадахгүй гэсэн. Монголын нутаг дээр явсан маршрутаар аялал зохион байгуулахыг Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд, удирдлагууд дэмжиж байгаа.


Ингээд байж байтал бидний үйл ажиллагааг дэмжээд, зарим бизнес эрхлэгчид тэр үед 1200 тэмээгээр явж байсан юм бол өнөөдөр яагаад явж болдоггүй юм, 1200 биш гэхэд 10, 20, эсвэл 100 тэмээгээр жин тээе. Жин тээхдээ оросын ард түмэнд тусламжийн барааг хүргэж өгье, хандив өргөе. Энэ түүхийг давтбал яасан юм бэ? Өгөх бэлгийг нь зохицуулж өгье гэсэн санааг гаргасан.


Хүмүүс ийм санал тавьж байна. Яг баараггүй явна гэж арай шийдээгүй байгаа. Аялал жуулчлалаас гадна ийм зүйл хийж болох юм гэж ярилцсан. Төслийн гурав дахь шат бол энэ арга хэмжээ. Бид үүнд зорьж байсан. Үүнийг 2026 оны 5-р сарын сүүл, 6-р сар орчимд хийнэ. Наадам гэхэд бид тэмээн жингээр бэлэг хүргэсэн, цуваа явсан гээд ярих боломжтой, бодитой болчихсон байх болов уу. Энэ зорилго маань дэмжих гэсэн хүмүүсийн саналаар баяжаад явж байна. 


Та бүхний зохион байгуулж буй үйл ажиллагаа дэлхийн хоёрдугаар дайнд монголчуудын оруулсан гавъяаг хойч үедээ таниулах зорилготой ч өнөөдрийн нөхцөл байдал дээр буюу ОХУ-Украины хооронд дайны нөхцөл байдалтай байгаа үед монгол улсаас тусламж очлоо гэхэд олон лусын охригт орох эрсдэл бий юу? Энэ талаар бодолцож байгаа болов уу?


Манай төслийн хувьд ОХУ-аас хэрэгжүүлж буй цэргийн тусгай ажиллагаатай ямар нэгэн холбоо байхгүй. ОХУ-ын ард түмэн дайнд туйлдаж ядарлаа, тэдэнд юм өгье гэсэн зорилго байхгүй. Анхны тэмээн жин бэлгийн цуваа хүргэж өгч байсан учраас орчин үед, өнөөдөр яг үүнийг хийж болох юм гэсэн.


Заавал эд бараа гэхгүй сэтгэлийн дэм өгч болох юм гэдэг санааг хэлсэн. Энэ бол тусгай ажиллагаа юм уу, дайнтай холбоотой биш. Ердөө хуучны тэр зүйлийг сэргээе л гэсэн. ОХУ-руу гаргаж байгаа бараа, аль нэгэн бизнесийн эд материалыг бид үнэгүйгээр, машинаар биш тэмээгээр тээвэрлээд очихыг ч үгүйсгэхгүй. Хүмүүс үүнийг зөвөөр ойлгоорой. Эцсийн эцэст бүдэг бадаг болсон түүхийг тодотгоё гэж байгаа.


Би өөрөө ч ОХУ-руу ажлын болон хувийн шугамаар байнга явдаг. Өнгөрсөн 7 хоногт Улан-Үүд, Эрхүүгээр яваад ирлээ.



Магадгүй Украинтай хил залгаа газруудад нь дайн байлдааны ажиллагаатай байгаа. Бусад газар нь Оросын аугаа орон, ард түмэнд дайн байлдаанд туйлдсан, ядарсан юм үнэхээр үзэгдэхгүй байна. Тусгай ажиллагааны өмнө ямар байсан сайхнаараа байж л байна.



Дэлгүүрт нь бараа таваар нь элбэг сайхан байна. Гэхдээ зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг монголын ард түмэн туслах, дэмжих зүйл байхыг үгүйсгэхгүй. Заавал тусална гэдэгтээ биш. ОХУ-ын ард түмэнтэй найрамдал, хамтын ажиллагаа тогтоогоод 105 жил болж байна. Энэ хооронд сайн юм ч байсан. Саар зүйл ч байсан. Янз бүрийн л зүйл байгаа. Гэхдээ энэ сайхан нөхөрлөл хэвээрээ байгаа. 



ОХУ бол Монгол улсын хөрш. Дэлхий дээр хөрш нь таалагдахгүй байна гээд орхиод нүүсэн улс байхгүй. Сүүлийн үед гадны өөр улс орны нөлөөгөөр ОХУ-г муухай болгож харуулах, онцгүйгээр таниулах үйл ажиллагаа явж байна гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ тал дээр та ОХУ-ыг зөвөөр харуулах талаар хэлбэл?


Үнээн. Хөрш улс бүү хэл хөрш айл, ах дүү хоёр хоорондоо муудалцах, санал зөрөлдөх, бие биенийхээ эрх ашиг дээр зөрчилдөх бол байдаг л асуудал. Орос ч өөрийн эрх ашигтай. Манайх өөрийн эрх ашигтай. Сайн саар янз бүрийн юм байдаг. Гэхдээ муудалцлаа гээд хоёр биенээ үгүйсгээд, хоёр тийшээ хараад суучихдаггүй шүү дээ.



Оросын ард түмэн бидэнд хүнд үед туслаж байсан. Ардын хувьсгалын үед, соёлын довтолгооны үед.



Манай “Үнэнч мөнх андууд” холбооны үндсэн үүрэг бол төр улсын хэмжээний, дээд түвшний найрамдалт хамтын ажиллагааны тухайд биш юм. Орос Монгол хоёр хүний хоорондын, иргэн хүний хоорондын найрсаг найз нөхөрлөлийг улам бэхжүүлж, бие биедээ туслаж дэмждэг, сайхан хоёр найз байя. Тэмээн жингийн үед хэл ойлголцохгүй ч харилцаад болж байсан бол өнөөдөр монголчууд оросоор 5 үг хэлчихдэг болсон. Энэ сайхан харилцаа хамт байгаа учраас хүссэн хүсээгүй байхаас өөр аргагүй.


Дэлхий ганцхан. Ганц дэлхий дээр бид найрсаг, бие биедээ тусалдаг, дэмждэг, нөхөрлөдөг байж л сайхан амьдарна. Бид эзгүй арал дээр байгаа биш, монгол улс хэнтэй ч харьцахгүй ганцаараа амьдарна гэж байхгүй. Хэнтэй ч харилцах зүйл бий. Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Заавал мууг нь дөвийлгөх биш, сайныг нь хардаг найз нөхөр байх ёстой юм шүү гэдгийг хэлмээр байна.


Залуучууд ч биш зарим нас тогтсон хүмүүс ч үүнийг үгүйсгэж буруутгаж байгаа юм байна. Аливаа зүйлийг эерэг талаас нь бодох ёстой. Би оросыг сурталчлаад, өөр нэгнийг муулаад байхдаа биш.



Хоёр их гүрний дунд байгаа бид ялгаагүй найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлж нөхөрсөг байж цаашаа өргөжих ёстой юм. Дан ганц нэгийг нь муулаад байж болохгүй.



Миний үр хүүхдүүд, найз нөхөд ч тэр, залуучууд ч аливаа зүйлийг авах гээхийн ухаанаар бодож, аливаа зүйлийн хоёр талыг саныг нь сайн гэж хараад, мууг нь шүүмжилхээсээ илүү сайн бодож байж бид цэнхэр дэлхийдээ хамт амьдрахаас өөр аргагүй. Үүнийг би хэлж захидаг. ОХУ эсвэл Бээжин гээд явж л байдаг шүү дээ. Зөвхөн оросуудыг чи цаашаа гэлтэй биш.


Америк ч байна уу, Африк байхыг ч үгүйсгэхгүй. Африкд үүрэг гүйцэтгэдэг энхийг сахиулагчид маань Африк хүүхдүүдэд монгол хэл заагаад, тэд нар маш сайн сурчихсан явж байна шүү дээ. Тийм учраас бид хажуудхаа үгүйсгээд байх нь утгагүй. 



Танд баярлалаа.

М.Чой