sonin.mn

Өнөөгийн улс төр, нийгэм, сэтгэл зүйн байдалд системт анализ хийж, яг одоо байгаа төлөв байдлаа зөв тодорхойлохгүй бол монголчууд бид гарц олж чадахгүй, үндэстний хувьд мөхлийн зам руу орох нь гарцаагүй болжээ. Иймээс олон жилийн системийн анализаас хийсэн дүгнэлтийг тезис хэлбэрээр толилуулж байна…


Үзэгдлийн цаана агуулга буй


Өнөөгийн улс төрийн системт хямралыг хүн бүр өөрийгөө ямар нэг хэмжээгээр “мэднэ” гэж үздэг. Энэхүү “мэднэ” гэж үзэж буй үзэгдлийн цаана гүн гүнзгий учир шалтгааны холбоотой цогц үйл явдлууд болж байдаг.


Бидний харж буй зүйлс нь ердөө л улс төр, түүний зөрчил, өрсөлдөөн байдаг. Үүнээс улбаалан улс төрчдийг сайн муугаар нь ангилах бөгөөд энэ голдуу үнэн мэт харагдаж, шүүн дүгнэхэд сонирхолтой, амархан байдаг.


Улмаар монголчууд улс төрийн бүлэглэлийг даган хуваагдаж, эцэс төгсгөлгүй хэрүүл хийдэг. Гэтэл энэхүү харагдах үзэгдлийн цаана агуулга заавал байдаг ба энэ нь бүхэлдээ эдийн засгийн эрх ашиг, өрсөлдөөнтэй холбоотой байдаг нь жам ёс юм. Харин үүнийг манайхан огт үл сонирхоно.


В.И.Ленин: “Улс төрийн бодлого бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл мөн” гэж тодорхойлсон нь төгс, хөдөлшгүй үнэн юм. Хэрэв энэхүү агуулгын талаас асуудлыг авч үзвэл санхүү-эдийн засгийг шинжлэх ёстой болно.


Банкууд


Яг одоо гадаадын банк оруулах эс оруулах маргаан явагдаж байна. Сүүлдээ бүр “эх оронч” болон “эх оронч биш” хоёр тал болон хуваагдаж ч байх шиг. Энэ маргаан ямар ч үр дүнгүй. Үүний оронд манай банкууд ямар байгаа асуудлыг шинжлэн үзсэн нь дээр. Яг одоо манайд 12 банк ажиллаж буй бүртгэлтэй. Үүнээс 5 нь том, бусад нь жижиг. Иймд 5 том банкаа авч үзье:


Нэг. Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)


ХХБ-ны 60,8 хувийг Сингапурт бүртгэлтэй “Globul Investment and Development Ltd” компани, 29,69 хувийг TDB Capital LLC, 6,39 хувийг олон нийт, 3,12 хувийг Жи Эс Монголиа Инвестмент Лимитед компани тус тус эзэмшдэг. Энэхүү “Globul Investment and Development Ltd” компанийг Должин Эрдэнэбилэг эзэмшдэг гэж олон лавлахуудад өгүүлжээ.


Хоёр. ХААН банк


ХААН банкны 40,99 хувийг Японы “Эйч Эс Холдинг”, 8,78 хувийг “Эйч Эс Интенрнешнл Лимитед”, 22,78 хувийг “Таван Богд” ХХК эзэмшдэг. Энэхүү “Эйч Эс Холдинг”-ийг хэн ч мэдэхгүй, харин “Sawada Holdings Co.,Ltd” гэвэл санаж магадгүй. Хэдэн жилийн өмнө болсон банкны будлианд Савада гэж их хутгалддаг байсан.  


Гурав. Төрийн банк.


Төрийн банкны 49,26 хувийг Монголын ЗГ, 45,03 хувийг Хадгаламж даатгалын Корпораци, 5,71 хувийг олон нийт эзэмшдэг. Дашрамд “олон нийт” гэсэн ойлголтод Та бидэн шиг эгэл жирийн хүн хэзээ ч орохгүй.


Дөрөв. Голомт банк.


Голомт банкны 77.20 хувийг Golomt Financial Group LLC, 5,21 хувийг Swiss-Mo Inbestment AG, 3,42 хувийг Bodi International LLC, 2,57 хувийг Golomt Investment Ltd, 11,60 хувийг олон нийт эзэмшдэг.


Тав. ХАС банк


ХАС банкны 94,99 хувийг Тэнгэр санхүүгийн нэгдэл эзэмшдэг. Манайхан Тэнгэр санхүүгийн нэгдэл гэвэл огт мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Харин Тэнгэр санхүүгийн нэгдлийн бүтцийг аваад үзвэл маш сонин зураглал харагдана.


Тэнгэр санхүүгийн нэгдлийг: МАК Инвест, Олон улсын Санхүүгийн корпораци, Орикс корпораци (ORIX), Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Канадын Үндэсний банк, Ронок Партнерс Кft, Монголиа Финансил Сервисес зэрэг 7 компани ойролцоогоор ижил хувьтай эзэмшдэг.


Сая үзсэн 5 том банкнаас гадна 7 жижиг банк байгаа. 12 банкнаас гадна Монголд Банк бус Санхүүгийн байгууллага 573, ломбард 1000 орчим (үүнээс 872 нь УБ-т) ажиллаж байгаа бөгөөд эд бүгдээрээ нийлээд Монголын санхүүгийн системийг бүрдүүлэх ба товчоор бол монголын бүх мөнгийг эргэлдүүлдэг.


Монголд 12 банкны 1500 салбар ажиллаж байгаа нь жижиг Монголын хувьд хангалттай бөгөөд хүрэлцээтэй үзүүлэлт болно. Банкуудаас гадна мөнгөн зээл гүйлгээ хийдэг ББСБ нэртэй нэг талаас мини банк, нөгөө талаас “мөнгө хүүлэх” байгууллагууд 573 бий. ББСБ-уудыг голдуу Төв болон арилжааны банкинд ажилладаг өндөр албан тушаалтнууд байгуулдаг нь нэн сэжигтэй. ББСБ-ын ажлын бүдүүвч нь банкуудаас мөнгө авч, тэднээс арай бага хүүтэй зээлдүүлж, мөнгө эргэлдүүлэн хурдан эргэлтийнхээ ачаар ашиг олдогт оршино. Дашрамд манайхан ломбардынхаа тоог алдчихсан. Гадаад лавлахуудад 1000-1500 ломбардтай гэж ихээхэн зөрүүтэй мэдээлж байгаагаар үүнийг нотолж болно.


Товчоор бол банк, ББСБ, ломбардууд нийлээд Монголын санхүүгийн системийг бүрдүүлэх бөгөөд үүнийг мэддэг, хянадаг, “хүүе хаая” гэж цочоодог хүн гэж Монголд бараг байхгүй. Нэгэнт ямар ч хяналт шалгалт байхгүй учраас санхүүгийн бүлэглэлүүд дураар дургиж монголд “мөнгө хүүллийн диваажин” байгуулах нь мэдээж хэрэг.     


Монголын банкууд сүүлийн 20 гаруй жил ихээхэн адал явдал туулсныхаа дараа хөрөнгө мөнгө, үйл ажиллагааны цар хүрээ, хүч чадлын хувьд асар их өсөн томорчээ. Монголын эдийн засаг өсөж буурахаас үл шалтгаалан банкуудын хөрөнгө болон орлого тогтвортой бөгөөд байнга өсч иржээ. Монголын банкууд томорсон нь түгээмэл үзэгдэл, зүй тогтол бөгөөд сайн муугаар хэчнээн ч үглэлээ гэсэн яах аргагүй бодит байдал юм. Нэг мэдэхэд Монголын банкуудад гадаадын эзэмшигчдийн эзлэх хувь асар их болсон нь ч бас бодит байдал юм. Өөрөөр хэлбэл Монголд гадаадын банкууд нэгэнт ороод ирчихсэн байна. Монголын банкуудад гадаад оролцооны хувь ихээхэн өндөр байгаа нь монголчуудыг зээлийн хүү буюу “мөлжлөгийн зэрэг” маш өндөр байгаагийн нэг гол шалтгаан болно.


2025 оны 1-р сарын байдлаар манай зээлийн хүүгийн дундаж 16,94% байна. Зарим банкны зээлийн хүү 28% хүрэх ч явдал бий. Гэтэл дэлхийн 88 улсын банкны зээлийн хүүгийн дундаж 14,2% байна.


Өөрөөр хэлбэл Монголын банкуудын зээлийн хүү дэлхийн дунджаас 14% өндөр байна. Одоо бид гадаадын банк оруулж ирэх нь зөв үү, буруу юу гэдэгт хариулж болно. Хэрэв монголын банкууд хэтэрхий их шулан мөлжихөө больж зээлийн хүүгээ ядаж дэлхийн дундаж хүртэл бууруулбал гадаад банк оруулж ирэх ямар ч шаардлага байхгүй. Харин одоогийнх шиг асар өндөр “мөлжлөгийн зэрэг” хэвээрээ байх юм бол зээлийн хүүгээ 1 оронтой тоонд барина гэж амласан гадаад банкнуудыг ямар ч эргэлзээгүй шууд оруулах нь зүйтэй. Энд элдэв хангайн онол ном яриад солиороод байх юм юу ч байхгүй. Эсвэл хэтэрхий шулан мөлжихөө зогсоо, эсвэл гадаад банк оруул. Гүйцээ…


Компаниас конгломерат


90-ээд оны эхээр Монголд байсан бүх үйлдвэр, аж ахуйн газруудыг бүгдийг нь компани болгож, энэ нь Хувьцаат компани (ХК), Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) гэж 2 янз байдаг гэж ойлгуулсан үе түүх болон үлджээ. 30 гаруй жилийн хугацаанд Монголын компаниуд асар олон адал туулсны эцэст өргөжин томорч, групп, нэгдэл, корпораци, концерн мэт олон хэлбэр, нэртэй болж хагартлаа томорчээ. Өөрөөр хэлбэл өрсөлдөөний явцад төвлөрөх процесс болж, хэдхэн том конгломератын гарт Монголын эдийн засаг оржээ. Конгломерат нэр томъёо бол групп, нэгдэл, корпораци, концерны нийтлэг нэр юм.


Эдийн засгийн эрх мэдэл хэдхэн том олигархийн мэдэлд орох нь дэлхий даяар байдаг түгээмэл үзэгдэл, зүй тогтол, бодит байдал юм. Үүнийг Михельсийн “олигархийн төмөр хууль” гэдэг.


Хамгийн хачирхалтай, өрөвдөлтэй, ичгүүртэй нь Монголчууд ХК, ХХК-ууд нь ямар хөдөлгөөнгүй, үүрд мөнх байж байдаг гэж одоо болтол ойлгож яваа нь гутамшиг юм. Одоо Монголын эдийн засгийн том бүлэглэлүүдийг (манайд групп гэж нэрлэдэг болжээ) дурдая. Эдийн засгийн том бүлэглэлүүд нь санхүүгийн болон бизнес гэж 2 хуваагдана. Харин аль алинд нь хамаарагдах бүлэглэл бий:


Санхүүгийн том группүүд:


  • Мандал санхүүгийн нэгдэл
  • Таван Богд групп
  • Голомт Финанс Групп
  • Тэнгэр санхүүгийн нэгдэл
  • Ард санхүүгийн нэгдэл


Бизнес группүүд:


  • М-Си Эс (MCS)
  • Таван Богд
  • Бодь групп
  • Эрэл групп
  • Шунхлай групп
  • Монгологистик групп


Ингээд дээр дурдсан банк, ББСБ, санхүүгийн болон бизнес группүүд Монголын санхүү-эдийн засгийг бүхэлд нь атгаж, удирдан жолоодож байна. Хэрэв бид үнэхээр Монголын санхүү-эдийн засгийн байдал, зөрчил тэмцлийг мэдье гэж бодож байгаа бол зөвхөн энэ түвшинд л судлах ёстой. Манай санхүү, эдийн засаг, бизнесийн том бүлгүүд монголын эдийн засгийг салбар, хүрээ чиглэлүүдээр мэдэлдээ оруулснаас гадна улс төрд нэн эрчимтэй бөгөөд шууд оролцдог. Өөрөөр хэлбэл Монголын төр засгийн эрх мэдлийг эдгээр том бүлэглэлийн төлөөлөл атгадаг гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно. Нөгөө талаасаа МАН-ын өрсөлдөн тэмцэлдэгч бүх бүлэглэлүүд эдгээр санхүү-бизнесийн бүлэглэлүүдийг бүрэн төлөөлж байдаг. МАН-ын бүлгүүдийн өрсөлдөөн тэмцэл бол санхүү-бизнесийн том бүлгүүдийн зөрчил, тэмцлийн илэрч харагдах хэлбэр л юм. 


Шууд хэлэхэд нам, төрийн түвшинд болж буй хулгай, дээрэм, авилга бүгдээрээ дээр дурдсан банк, санхүү, том бизнесийн хүрээнд явагддаг. 


Гэтэл монголын сэхээтэн нэрт мулгуунууд өнөөх л АПУ, Махимпекс, Петровис г.м. ХК, ХХК-ийн түвшинд сэтгэсэн хэвээрээ байгаа ичгүүртэй бөгөөд жигшилтэй. Манай сэхээтний дунд энэ түвшинд ярьдаг дүгнэдэг хүн ганц ч байхгүй. Монголын хэт мэдэмхий, хоосон цэцэрхдэг сэхээтэн шиг адгийн амьтан энэ хорвоод байхгүй…


Тархиа ширгэтэл судалж судалж энэ түвшинд ярих гэхээр бараг 30 жилийн өмнөх “доод түвшингөөс” олон юм хуцаж, солиорч, балайрах нь үнэн ядаргаатай. Миний ядаргаанаас гадна улс оронд хорлолтой…


Хэрэв Монголын улс төрийг судалъя гэвэл, эдийн засгийг судал, эдийн засгийг судалъя гэвэл том санхүү-бизнесийн том бүлгүүдийг судал, тэгээд улс төр бизнес бүлгүүдийн холбоо харилцаа, нөлөөллийг гарга. Үүнээс өөрөөр Монголын улс төрийг судалж ойлгох боломжгүй. Санхүү-эдийн засгийн том бүлэглэл жам ёсоор томорч, төвлөрөх нь жам ёсны бодит байдал, үүнийг сайн муугаар дүгнэх тун хэцүү. Харин санхүү-эдийн засгийн том бүлэглэлүүдийн улс төрд оролцож буй арга хэлбэр, үйл ажиллагаа, арга барил зэрэг нь манайд нэн буруу, хэтэрхий гаж хэлбэрээр явагдаж байгаа нь тодорхой байна. Харин энэ бол жич ярих ёстой тун сонирхолтой сэдэв юм…







Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу