sonin.mn

Эрт дур тавилт нь эрчүүдэд түгээмэл тохиолддог

Хүний бэлгийн сэдээлтэд үзүүлэх бие махбодийн хариу үйлдэл алдагдаж, сэтгэл зүйн асуудал үүсэхийг бэлгийн хямрал гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл эрчүүдийн бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх, эрт дур тавих, эмэгтэйчүүд дур ханахгүй гэсэн асуудлуудыг эрчүүдийн бэлгийн хямрал хэмээн ойлгож болно. Түүнчлэн бэлгийн хавьтал хийх дур хүсэл буурахыг ч мөн үүнд хамааруулдаг. Бэлгийн хямрал нь олон шалтгаанаар, янз бүрийн хугацаагаар үргэлжлэх бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийхгүйгээр бүрэн эдгэрэх явдал түгээмэл байдаг.



Бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх

Эрэгтэй хүн бэлгийн хавьтал хийх үедээ бэлэг эрхтэн нь хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч удаан барьж чадахгүй байхыг эр бэлэг эрхтний хөвчрөлтэй холбоотой хямрал гэдэг. Эрэгтэйн бэлэг эрхтний хөвчрөлт хэзээ ч бэлгийн хавьтал хийх хэмжээнд хүрч байгаагүй, эсвэл хавьтлыг хэвийн хийдэг байснаа хөвчрөхөө больсон бэлгийн хавьтлыг дуустал хөвчирч чадахаа байсан, хавьтал үйлдэх үед хөвчрөл нь сулардаг болсон тохиолдлыг үүнд хамааруулдаг. Энэхүү хямрал эрчүүдийн наснаас ихээхэн хамаардаг. Ойролцоогоор 18-24 насныхны 5,6 хувьд нь дээрх бэрхшээл тохиолдож байсан бол 55-59 насныхны 20 хувьд тохиолддог гэсэн статистик байдаг аж. Өөрөөр хэлбэл эрчүүдийн нас ахих тусам бэлэг эрхтний хөвчрөлттэй холбоотой хямрал тохиолдох нь элбэгшинэ. Бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх нь эрчүүдийн хувьд төсөөлөхийн аргагүй ичгүүртэй санагдаж, тэднийг сэтгэл санааны гүнзгий хямралд оруулдаг.



Хэт эрт дур тавих
Бэлэг эрхтэн дөнгөж хөвчрөнгүүт, эсвэл бэлгийн хавьтал эхлэхээс өмнө үрийн шингэнээ гадагшлуулчих тохиолдол эрчүүдийн дунд цөөнгүй бандаг. Товчхондоо эрчүүд нь "хэт эрт" дур ханаж, үрийн шингэнээ гадагшлуулахыг эрт дур тавих гэнэ. Гэхдээ эр хүнийг чухам ямар хугцаанд дур тавихыг хэвийн гэж үзэх, нарийн тодорхойлох нь хэцүү юм. Энэ талаар судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлдэг.

 

Эр бэлэг эрхтнийг үтрээнд оруулснаас хойш 30 секунд хүрэхгүй хугацаанд дур тавихыг эрт дур тавилт гэнэ хэмээн нэг хэсэг эрдэмтэд бичсэн. Нөгөө хэсэг нь дээрх хугцааг 1,5 минут гэж тогтоосон. Гуравдахь хэсэг нь бэлэг эрхтнийг бүлэх хөдөлгөөн хийхээс өмнө дур тавихыг эрт дур тавих гэнэ хэмээжээ. Бэлгийн хямралын талаар анх судалж ном бичсэн Мастеро, Жонсон нар эмэгтэй хүний дур ханах хугацааны тавин хувьд хүрэхгүй хугацаанд дур тавьж, үрийн шингэнээ гадагшлуулахыг эрт дур тавилт гэнэ хэмээн үзжээ

 


Харин сэтгэл судпаач сексолиогч Хелен Каплан, Артур МакКарти нар эрэгтэй хүний дур тавилтын хямралыг тодорхойлох гол шалгуур нь дур тавилтыг хянаж чадахгүй байх явдал гэж үзжээ. Өөр нэг шалгуур нь өөрөө өөртөө өгөх тодорхойлолт. Эрэгтэй хүн дур тавихаа хянах чадваргүй байх нь сэтгэлийн нь зовоодог, хавьтагч хосын аль аль нь бэлгийн харьцаанд нь бэрхшээл учирч байна гэж үзвэл эрт дур тавилт гэж үзэх үндэстэй. Хэт эрт дур тавих нь эрчүүдэд тохиолддог түгээмэл бэрхшээл. Гэвч эрчүүд үүнийгээ эмчлүүлэхийн оронд ичсэнээсээ болоод нуудаг аж.

 


Бэлэг эртхэн хөвчрөхгүй байх, эрт дур тавих зэргээс болоод эрэгтэй хүн бэлгийн хавьтал хийхээ зогсоох төдийгүй эмэгтэй хүнтэй харилцахгүй байхад хүргэдэг сөрөг үр дагавартай. Ийм байдалд орсон нэгэн залуу захиандаа "Ямар ч эмэгтэй түүнтэй уулзахыг хүсэхгүй байх гэж боддог болсноо, улмаар ямар ч эмэгтэйтэй уулзаж байхгүй гэж шийдсэнээ" бичжээ.

 


Дур ханахгүй байх

Эрчүүдийн дур ханахгүй байх нь бэлгийн хямралын нэг төрөл. Өөрөөр хэлбэл, бэлгийн сэдээлтэд сэрэл хөдлөн, шодой хөвчирсөн ч дур тавьж чадахгүй байхыг хэлнэ. Эрчүүдийн дур ханахгүй байх нь эрт дур тавихаас ховор тохиолддог. Бэлгийн хавьтлын үед дур ханадаггүй ч гар хангалга хийж дур тавьдаг тохиолдлууд байдаг. Эрчүүдийн дур ханахгүй байх нь бэлгийн хосын аль алинд нь таагүй мэдрэмж, бэрхшээл үүсгэдэг, Эмэгтэйчүүд хосынхоо дур тавьж чадахгүй байгааг өөр дээрээ тусган Би түүнд таалагдахгүй байна, дур хүслийг нь хангахгүй байна" гэж боддог. Заримдаа энэ хямралаас болж хавьтал дэндүү удаан үргэлжлэх нь эмэгтэйд зовиур шаналгаа ч бий болгодог.



Бэлгийн дур хүсэл буурах

Бэлгийн дур хүсэлгүй болсон үед бэлгийн хавьталд орох сонирхол буурч, эсвэл огт хүсэлгүй болдог. Энэ хямрал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд тохиолддог. Бэлгийн ийм хямралтай хүмүүс бэлгийн мэдрэмж, сэрэл төрүүлж болох аливаа байдлаас зайлсхийдэг. Бэлгийн сэрэл хөдлөх нь тэдэнд таагүй мэдрэмж төрүүлдэг. Бэлгийн дур хүсэл буурах хямралыг тодорхойлоход төвөгтэй. Бэлгийн хавьталд орох гэж байгаа хүн нь таалагдахгүй байх, орчин нөхцөл тохиромжгүй байх зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас болж бэлгийн дур хүсэл буурах нь хэвийн үзэгдэл.


Эх сурвалж:”Эрчүүд ба Эрүүл Мэнд сонин”