Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Н.Учрал тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах санал гаргасан билээ. Улмаар 9 сарын 7-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн Газрыг огцруулсан юм. Үүнтэй зэрэгцэн, дараагийн Ерөнхий сайд, улмаар Засгийн Газрын гишүүн-сайдуудыг тодруулах ажил эрх баригч МАН-д хэдийн эхлээд байна. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт хуралдаж,  намын Бага хурлаа 2017.09.25-нд зохион байгуулахаар товлосон.МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд танхимыг бүрдүүлэх шийдэлд хүрээд буй. Үүнтэй зэрэгцэн, Монгол Улсын Ерөнхий сайдад горилогсдын нэр ч тодорхой болж байна Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юм.
Нийтлэлч А.Баатархуяг нэгэнтээ түүнийг "С.Баярцогтын орыг залгаж, гадныхны эрх ашгийг хамгаалагч болон сонгогдсон" хэмээн тодорхойлж байв. Үнэхээр ч  УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалт буюу  "Рио Тинто" гэх мэт гадаадын хөрөнгө оруулагчид "Оюу Толгой" зэрэг төслийн борлуулалтын орлогоо Монголын банкаар заавал дамжуулах ёстой гэсэн шийдвэрийг цуцлахыг Ч.Хүрэлбаатар дэмжиж байсан төдийгүй уг чиглэлд тун идэвхтэй ажиллаж байсан юм.
Тэрээр энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа : "-Манайхан “Рио Тинто” л гээд байгаа юм. Хэд хэдэн байгууллага үүн дээр асуудал үүсгэж байгаа. Тухайлбал, “IFC” гээд дэлхийн банкны группт ордог олон улсын санхүүгийн байгууллага, “МИКА” бас байна. “IFC” гэхэд Оюу толгойд 1.2 тэрбум ам.долларын зээлд баталгаа гаргаад өгчихсөн байгууллага байдаг. Мөн Оюу толгойгоос гадна Монголд хөрөнгө оруулсан олон аж ахуйн нэгжид зээл олгосон. Нийлбэр дүнгээр нь аваад үзэхээр 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээл олгосон байх жишээтэй. Тэгэхээр дэлхийн банкны группт байдаг “IFC” үүн дээр асуудал тавьж байгаа. Учир нь хөрөнгө оруулалтууд хийгдчихээд байхад Монголын төр засаг гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй дотоодын банк гээд гадаад, дотоодоор нь ялгаварлах бодлого гараад эхэлчихэж байгаа тул үүн дээр асуудал үүсгэсэн. Дараагийн зүйл нь хөрөнгө оруулагчид асуудал тавьж байгаа. Хөрөнгө оруулагчид ч ялгаагүй гадны банкаас хөрөнгө валютын нөөцгүй болсон үед хэрэглэдэг арга буюу гадагшилж байгаа валют дээр хяналт тавих гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм билээ. Нэгэнт ийм оролдлого хийж байгаа бол макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг нь авч үзнэ гэдэг л байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр нэг компани, нэг хэсэг бүлэг хүмүүсийн байр суурь биш оруулалт татсан компаниуд ч гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн. ОУВС үүнийг юу гэж харж байна вэ гэхээр “капитал контрол” буюу валютын нөөц хомсодсон, том асуудал үүсгэсэн заалт болчихож байгаа юм." хэмээн өгүүлж байжээ.
 
Монголын цөөнгүй улс төрч, эдийн засагчид "Оюу Толгой" төслийн орлогыг Монголын банкаар дамжуулах нь улсын эдийн засагт ашигтай гэж үздэг бол Ч.Хүрэлбаатар  үүнийг : "Маш том андуурал. Гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй, дотоодын банкийг хүлээн зөвшөөрнө гэчихээр ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүд Монголын арилжааны банкуудаас зээл авъя гэхээр зээл өгөх банк олдохгүй. Нэг үгээр хэлбэл, бид үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн үг. Тэгэхээр валютын нөөцийг нэмэгдүүлэхгүй. Харин ч Монголоос хөрөнгө оруулалт зугтах сөрөг зүйл гэж үзэж байна." гэж үгүйсгэжээ. Ийм л үзэл бодолтой улс төрч  Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, сайд болохоор МАН-ын лидерүүдтэй хэлэлцээр хийж яваа аж.
 
П.Энхмандах