sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг өнгөрөгч 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хугацаанаас нь өмнө огцруулж, ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилохыг дэмжсэн ИТХ-ын 21 тоот тогтоол гаргасан юм. Харин энэхүү тогтоолтой Монгол Улсын Ерөнхий сайд танилцаад “Аймгийн засаг даргыг огцруулах үндэслэлгүй” гэж үзэн, үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ талаар болон тус аймагт өрнөсөн үйл явдал, бусад асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай ярилцсан юм.
 
-Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хоёр ч удаа огцруулсан асуудал оны өмнө гарсан. Ямар учир шалтгаантай үйл явдал болж өнгөрсөн юм бэ?
 
-Манай аймагт улс төрийн нөхцөл байдал нэлээд хүндхэн, улс даяар анхаарал татахуйц байсан. Үүний гол шалтгаан нь өнгөрөгч 10 дугаар сарын 18-нд манай аймгийн АН-аас Засаг даргад шаардлага өгсөн. Энэ шаардлагад дөрвөн зүйл тусгасны нэг нь аймгийн Засаг дарга хоёр орлогчтой байгаа нь хууль зөрчиж байна гэсэн.  Өнөөдөр 16 аймагт Засаг дарга нь хоёр орлогчтой ажиллаж байгаа. Мөн 80 мянгаас дээш хүн амтай бол хоёр орлогчтой байж болно гэсэн хуулийн төсөл явж байна. Гуравдугаарт ЗДТГ-ын 41 орон тоондоо багтаан ажиллуулж болно гэсэн. Нэг орлогч маань зөвлөхийн ажил хийж байсан. Ажлын ачаалал үнэхээр их учраас Хөдөө, аж ахуй, дэд бүтэц хариуцсан нэг, Нийгмийн бодлого, санхүү хариуцсан нэг орлогчтой ажилласан юм.
Шаардлагын хоёрдугаарт, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар өөрийн дүү А.Ахытбекийг томилсныг хууль зөрчсөн гэсэн байсан. Энэ хүн бол 12 жил сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж, хоёр дахь удаагаа Засаг даргаар томилогдсон. Ингэхдээ сумын ИТХ-ын 100 хувийн саналаар батлагдаж, Засгийн газар, АТГ-аас зохих журмын дагуу зөвлөгөөгөө авсан байсан юм.
Гуравдугаарт, манай аймагт Төрийн албаны зөвлөл байгуулагдаагүй, ажиллахгүй байгаа учир яаралтай байгуулах шаардлага тавьсан байсан. Юу болсон гэвэл, ЗДТГ-ын дарга Төрийн албаны шалгалт өгсөн боловч Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгснөөс болоод гацаанд орсон байсан. Улмаар би Төрийн албаны зөвлөлд хүсэлт тавьж, аймгийн салбар зөвлөлийг байгуулаад есдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа.
Дөрөвдүгээрт, зарим албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн томилохыг шаардсан байсан. Энэ хүмүүс нь хууль зөрчсөн, зөрчилтэй байсан ч хугацаа нь хэтэрсэн учир буцаан томилсон. Энэ дөрвөн шалтгааныг бариад Засаг даргыг огцруулах үндэслэл гээд явсан юм.
 
-Энэ асуудал гэхдээ багагүй хугацааны өмнө эхэлж, ИТХ-ын шийдвэрээр оны өмнө Таныг огцруулсан. Энэ хурал хэрхэн явагдсан юм бэ?
 
-Хоёр сар гаруйн хугацаанд аймагт улс төржиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал хуурмаг, гүжирдсэн мэдээлэл маш их гаргалаа. Аймгийн нэр хүндийг маш их унагасан. Тийм учраас оны өмнө чуулган хийж, хамт суугаад асуудлыг илэн далангүй нээлттэй ярилцъя гэсэн боловч АН-ынхан ирээгүй. Бид энэ улс төржилтөөс болж маш их хугацаа алдсан нь үнэн. Сая гэхэд төсвөө баталж чадахгүй хоёр сар боллоо. Учир нь Засаг даргыг огцруулах асуудлыг эхлээд хэлэлцэхгүй бол хуралдаанд оролцохгүй гээд төлөөлөгч нар ирээгүй. Миний хувьд энэ асуудлыг хэлэлцэж болно, гэхдээ үйл ажиллагааныхаа тайланг эхлээд тавья гэтэл хүлээж аваагүй. Олонхоороо түрий барьж, Засаг даргыг огцруулахаа л урьтал болгож барьсан.
Бид нэн тэргүүнд засгийн ажлыг явуулах ёстой, төсөв, үндсэн чиглэлээ батлах ёстой гэж үзэн буулт хийж байж батлуулсан. Гэхдээ тэд нэн тэргүүн 21-үүлээ гар өргөж намайг огцруулах шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн юм. Харин энэ шийдвэртэй Засгийн газар 12 дугаар сарын 28-нд танилцаад, Ерөнхий сайдын гарын үсэгтэй 165 дугаар тоот гарган Аймгийн ИТХ-д хүргүүлсэн. Энэ тоотод, аймгийн Засаг дарга хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дүгнэснийг нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа гэж үзэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3-т заасныг үндэслэн буцаасан.
 
-Орон нутгийн сонгуульд танай аймгийн ИТХ-д МАН олонх болсон санагдаж байна. Гэтэл яагаад ийм шийдвэр, шаардлагууд ИТХ-аас гарах болсон юм бол?
 
-Орон нутгийн сонгуулиар манай аймагт МАН-аас 22, АН-аас 16 төлөөлөгч ИТХ-д сонгогдсон. Гэтэл ний нуугүй хэлэхэд МАН-ын таван төлөөлөгчийг АН-д албан тушаал амалж, уруу татсанаас болж ийм шударга бус явдал болсон. Талцал хуваагдал, улс төржилт сайн үр дагавар авчрахгүй. Үүнийг ойлгуулахыг бид хичээж ажиллаж байна. ИТХ-ын таван төлөөлөгчийг бүгдийг нь ажлын байраар хангаж, тодорхой хэмжээнд дэмжиж ажиллаж байсан. Албан тушаалын төлөө ингэж улайрч, аймгийн нэр төрийг унагааж, улс төрийн “идэш” болсон нь маш харамсалтай. Үүнийг иргэд мөн ойлгоосой гэж хүсч байна. Энэ мэт улс төржилт хаа сайгүй гарч байна. Бид цөөн хүн амтай улс, тэр дотроо Баян-Өлгий аймаг 100-хан мянган хүн амтай байхад хэдхэн увайгүй улс төрчийн буруутай үйл ажиллагаанаас хөгжил саарч, эв нэгдэл, төрд итгэх итгэлд муугаар нөлөөлж байгаад харамсч байна. Цааш цаашдаа хуульд өөрчлөлт оруулах замаар ийм зүйл дахин давтагдахаас сэргийлэх нь зөв. Мөн хэвлэл мэдээллээр худал мэдээлэл маш их цацагдаж байгааг зогсоож, үнэн шударга мэдээллээр хангахад санаачилгатай ажиллахыг хүсч байна.
 
-Танай аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд ямар ямар ажил, бүтээн байгуулалт өрнөв?
 
-Баян-Өлгий аймагт өрнөж байгаа маш олон ажил байна. Бид 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүл болгон хэвлүүлж тайлагнасан. Аймгийн ДНБ, хүн ам, малын тоо, хадлан тэжээл гээд 2018 оны эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд өсөлттэй тооцоологдсон. Өнгөрөгч онд манай аймагт 219 төрлийн том бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байгаа. Аймаг болон орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвөөс 1.8 тэрбум төгрөг, улсын төсвөөс 9.5 тэрбум төгрөгийн ажил хийх байснаас Замын сан, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж 21 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн. Зам, сургууль цэцэрлэг барьсан, цахилгаан татсан гэх мэт олон ажил дурдаж болно. Үүнээс гадна гадаад харилцаагаа хөгжүүлэх талаар ч анхаарч Элчин сайдын 13 яамтай хамтарч ажиллан 18 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн аймгийг түргэн тусламжийн машинаар бүрэн хангаж, 14 машинаар парк шинэчилсний зургаа нь улсын төсвөөр, бусад нь БНСУ, Швейцарь, Турк улсын тусламжаар ирсэн.     
 
-Баян-Өлгий аймагт өвөлжилт хэр байна вэ? Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангадсан уу?
 
-Манай аймгийн хувьд одоогоор цас багатай, гайгүй сайхан өвөл болж байна. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан. Булган, Сагсай зэрэг зарим сумдаар цас ихтэй байгаа ч нөхцөл гайгүй байна. Аймгийн хэмжээнд 2.3 сая мал өвөлжихөөс, өнөөдрийн байдлаар 568 мянган мал хилийн бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, Ховд аймгийн зарим сумаар оторлож байна. Малчид 63 мянган тонн өвс тэжээл бэлтгэж, аймаг сумдын нөөц бэлтгэх ажил амжилттай өрнөсөн. Засгийн газраас 136 сая төгрөгийг нэмэлт тэжээл, өвс бэлтгэхээр хуваарилсныг зохих журмын дагуу тендер зарлан бэлтгэж байгаа. Дулааны станцын хувьд гурван сарын нүүрсний нөөцтэй, халаалт хэвийн өгч байгаа. Цаашид цас их хэмжээгээр орохгүй бол өнтэй өвөлжинө гэсэн найдлагатай байна.
 
-Аймгийн ирэх оны төсвийн тухайд?
 
-Өнгөрсөн жил эдийн засаг хүндрэлтэй, төсөв нэлээд хүндхэн байсан. Орон нутаг хөгжүүлэх санд 1.8 тэрбум төгрөг л хуваарилагдаж байсан бол энэ 2018 онд 8.8 тэрбум төгрөг хуваарилсан. Үүгээр маш их  ажил хийх боломжтой. Бид сум, багуудад хэлэлцүүлэг хийгээд эхний ээлжинд хийх ажлаа тохирч, хуваарилсан. Аймгийн төвд гурван цэцэрлэг барихаар төлөвлөсөн, эмнэлэг, хүүхдийн эмнэлэг барина. Улсын төвлөрсөн төсвөөс 1.6 тэрбум төгрөг мөн хуваарилагдсан. Үүгээр 10 гаруй км зам, гэрэлтүүлэг зэрэг барина. Олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болохуйц эрүүл сайхан төсөв болсон.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг