sonin.mn
Дагуул хот байгуулах асуудлыг төр засгийн хэмжээнд ярьсаар ирсэн.  Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга дагуул хотын асуудалд анхаарч ажиллаж байгаагаа мэдэгдсэн.  Харин  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  2017 оны  арваннэгдүгээр сард  УИХ-ын чуулганы танхимд мэдээлэл хийхдээ “Улаанбаатарын даац, хүний тоо хэтэрсэн. Иймээс дагуул хот баримаар байна” гэж мэдээлсэн.   Түүний дараа Зам тээвэр, хөгжлийн яамнаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн 100 мянган хүн амтай  дагуул хот байгуулна гэж байлаа. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “20 жил давтсан ажлаа хийж байхаар дагуул хот байгуулах нь дээр байх. Зуух тараая, түүхий нүүрс, болсон нүүрс гээд яриад ямар ч үр дүн гарахгүй.
Одоо бол орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн хэвээр байгаа. Хөдөө орон нутагт орон сууцны зээлийг дэмжиж өгөөд, дагуул хот байгуулах зэрэг асуудалд томоор хандмаар байна” гэсэн юм.  Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Маш их хөрөнгө шаард­лагатай одоогоор тийм мөнгө байхгүй” хэмээн учирлав.  Дагуул хот байгуулахад тийм их хөрөнгө шаардлагатай юу гэвэл тийм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд утаа болон замхруулсан 157 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн 60 сая ам.доллараар хэд хэдэн дагуул хотыг барьж байгуулж  болохоор байв.  Тэгж чадаагүй.  Харин  одоо дагуул хотын асуудал яригдаж эхлэхэд  хөрөнгө мөнгөгүй гэсэн тайлбар яриад сууж байна гэдэг харамсалтай.
Олон улсад дагуул хотын асуудлаа хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар сонирхоход:
Хамгийн их хүнтэй Metropolitan area бол Японы нийслэл Токио хотыг тойрсон дагуул хотууд юм. Энэ хэсэгт 35 сая хүн амьдардаг ч хотын төвийн хэдэн дүүрэгт засаг захиргааны барилгууд байрлаад иргэд нь харин ойролцоох Чиба, Сайтама хотуудад амьдардаг болжээ. Үүнийг орчин үеийн хот байгуулалтад ухаалаг өсөлтийн бодлого гэж нэрлэдэг болжээ.
Мөн өчигдөр  чуулганы хуралдаантай  зэрэгцэн  АН-аас  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр дагуул хотуудын эрх зүйн байдлын нарийвчилсан зохицуулалт алга байна. Тиймээс эрх зүйн байдлыг бий болгож, цаашид олон дагуул хотуудыг бий болгох ёстой. Түүнчлэн нийслэлийн, дүүргийн ИТХ, хорооны иргэдийн нийтийн хурлууд нэр төдий буюу ямар ч бодит эрх мэдэл байхгүй байгаа. Тиймээс энэ хуулиар эрх мэдлийг орон нутаг руу өгөх нь зөв” гэдэг байр суурь илэрхийлэв.  Тэгэхээр дагуул хотын асуудал ямартай ч төр засгийн хэмжээнд хөндөгдөж буй юм.  Мөн энэ асуудлаар гавьяат барилгачин, ШУТИС-ийн профессор, доктор Л.Шагдаррагчаа “Хот суурингийн төвлөрлийг багасгах асуудал зөвхөн Улаанбаатарт яригдаж байгаа зүйл биш л дээ. Дэлхийн томоохон хотуудад төвлөрөлтэй холбогдсон хурц асуудлууд байсаар байгаа. Олон арга хэлбэрээр шийдвэрлэж байна. Энэ асуудал үндсэн гурван зорилгыг агуулах ёстой юм. Нэгдүгээрт, төвлөрлийг сааруулах, хоёрдугаарт, том хотын зах дүүргийн хот суурингийн удирдлагын бие даасан чөлөөт байдлыг хангах замаар хөгжлийг нь тэтгэх, гуравдугаарт, хот байгуулалтыг шинжлэх ухаанчаар иргэдийн өөрсдийн оролцоотой гүйцэтгэх явдал юм. Энд эхлээд хууль эрх зүйн талаас нь  асуудлыг ул суурьтай авч үзэж зөрчилгүй шийдвэрлэхэд анхаарах ёстой” гэсэн юм.  Тэгвэл олон улсад дагуул хотын асуудлаа хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар сонирхлоо. Хамгийн их хүнтэй Metropolitan area бол Японы нийслэл Токио хотыг тойрсон дагуул хотууд юм. Энэ хэсэгт 35 сая хүн амьдардаг ч хотын төвийн хэдэн дүүрэгт засаг захиргааны барилгууд байрлаад иргэд нь харин ойролцоох Чиба, Сайтама хотуудад амьдардаг болжээ. Үүнийг орчин үеийн хот байгуулалтад ухаалаг өсөлтийн бодлого гэж нэрлэдэг болжээ. Мөн  Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл нь хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулан тулгамдсан асуудлаа шийдсэн байна.
Бүр хөгжлийнхөө түүхэнд нийслэлээ шилжүүлсэн улс орон ч дэлхийд цөөнгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 1998 онд нийслэлээ Алма Атагаас Астана руу шилжүүлж сайхан нийслэлтэй болсон Казахстан улс байна. Казахстанаас гадна нийслэлээ нүүлгэн шилжүүлсэн ОХУ, Нигери, Мьянмар, Пакистан, Бразил, Танзани, Зааны ясан эрэг гэсэн долоон улс байна. Харин Египет шилжүүлэхээр зэхэж байгаа гэжээ. Хамгийн гол шалтгаан нь хот төлөвлөлтийн хүндрэлээ шийдэх арга зам хайсан явдал байсан.  Казахстан улс 1997 онд Астана хотыг нийслэл гэж зарлаад, саяхан нээсэн. Тухайн үед Казахстан эдийн засгийн хувьд манай одоогийн нөхцөл байдлаас ч хүнд байсан. Тийм хүнд үедээ маш зоригтой, алсыг харсан шийдвэр гаргасан байдаг. Өмнөд Солонгос шинэ нийслэлээрээ Сэжүн хотыг сонголоо. Ерөнхийлөгч, батлан хамгаалах яамнаас бусад бүх төрийн захиргааны байгууллагууд нь Сэжүн хот руугаа нүүж байна. Сэжүн хот одоо нэг сая гаруй иргэнтэй хот болсон байгаа. Энэ бүхнээс харахад олон улсад хот төлөвлөлтийн бодлогыг аль хэдийнэ шинэ түвшин хэрэгжүүлээд эхэлсэн.
Дэлхийн олон улс нийслэлээ нүүлгэж, асуудлаа шийдэж байхад бид ч гэсэн болно гэсэн итгэлээр хандах ёстой юм. Улаанбаатарт байгаа 200 орчим мянган айл түүхий нүүрс хэрэглэж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоохын тулд орон сууцжуулах нэг боломж байдаг. Гэхдээ яг одоогийн байгаа дэд бүтцээр бүгдийг орон сууцаар хангана гэвэл усны нөөц хүрэхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа.  Одоо бид дагуул хотоо яг хаана байгуулах талаар ярьж, энэ ажлыг эхлүүлэх цаг болжээ.  Багануур, Багахангай, Налайх зэргийг дагуул хот болгоно гэдэг ч зарим эрдэмтэд дагуул хотыг Улаанбаатартай ойрхон байвал суурьшил задрахгүй гэдэг юм билээ. Ялангуяа цаг уур болон усны эрдэмтэд шинэ нийслэлийг цаг агаарын таатай нөхцөл, усны нөөцөө дагаж барих ёстой гэдгийг хэлдэг. Шинэ нийслэл барих боломжтой газар нь Орхон, Сэлэнгийн бэлчир байж болно гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байна.
Тэгэхээр энэ зундаа багтан дагуул хотын асуудлыг  шийдвэрлэж, дараа өвөл Улаанбаатараа утаанаас аврах төлөвлөгөө байна.  Аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх айл шиг л байна даа.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин