sonin.mn
Үе үеийн Засгийн газраас татаас нэхэж, зохиомлоор хомсдол үүсгэж шахалт үүсгэх замаар хүссэндээ хүрдэг шатахуун импортлогч компаниудын ээлжит шантааж энэ өдрүүдэд үргэлжилж байна.  Энэ удаад компаниуд 250 тэрбум төгрөгийг татаас нэхэмжилж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс зөвшөөрөхгүй тохиолдолд шатахууны үнийг 300-600 төгрөгөөр литр тутам нэмэгдүүлнэ хэмээн тулгаж байгаа аж. Уншигч та санаж байвал, ШӨХТГ-өөс 2011 оны нэгдүгээр сард шатахуун импортлогч найман компанийг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн хэмээн 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгосон. Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, дур мэдэн шатахууны үнийг литр тутамд нь 200-300 төгрөгөөр нэмснийг ШӨХТГ-ын улсын байцаагчид тогтоож торгууль тавьсан мөртлөө төд удалгүй энэ байгууллагын зөвлөлийн хурлаар улсын байцаагч нарынхаа шийдвэрийг цуцалж, торгуулийг хүчингүй болгож наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихоод байв. Үүнийг ном журмаар нь зохицуулж, торгуулийг нь төлүүлнэ гэж хар цагаан дайрч байсан О.Магнайгийн зөв байсан. 
 
Дээрх үйл явдал эдгээр өдрүүдэд дахиад л давтагдаж байна. Зохиомлоор үнэ нэмж, хуйвалдах тохиолдолд мөнгөн торгуулиас гадна, Тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болдогийг эрхэм Ерөнхий сайд та битгий мартаарай. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын дарга асан О.Магнай шиг ил тод, зоригтой үзэлцэхэд буруутах зүйл огтхон ч байхгүй шүү Ерөнхий сайд аа.
 
Иргэн Н.Ганбаатар