sonin.mn
Оспан: Алтайд Каках үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтлана (Үргэлжлэл)
 
 
Маргааш нь Монголын төлөөлөгчид Оспаны хүсэлтийн дагуу албан ёсны тохиролцоо буюу гэрээ хийсэн байна.
Уг гэрээнд тусгагдсан зүйлсийн үндсэн чиглэлүүд нь:
-"Алтайн казахын байгууллагаас өөрсдийи үндэсний эрх чөлөөний төлөө явуулж буй тэмцлийг Монголын тал талархан дэмжинэ;
-Монголын тал Оспаны хүсэлтийн дагуу буу зэвсэг, бараа таваарын зохих тусламж үзүүлнэ;
-Хэрэв хэрэгцээ тохиолдвол босогчдын гэр бүл ба өөрсдийн биеийг Монголын нутагт оруулан байлгаж болно;
-Монголын талаас бослого хөдөлгөөнд туслалцаа үзүүлэхийн тулд 40-50 хүнийг бослогын штабт байнга суулгана;
-Эл хэлэлцээрийг 2 тал чандлан нууцлана" гэсэн агуулгатай байв.
 
Уулзалтаар Монголын төлөөлөгчид Оспанд винтов буу 27, винтовын сум 2600, маузер буу 10, бөс даавуу 600 метрийг бэлэглэснээс гадна Оспанд өөрт нь англи хийцийн автомат бууг 1000 сумны хамт өгчээ. Дээрх уулзалтын дараа хилийн худалдаа нээж, манай талаас өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараа нийлүүлэх, казахуудаас мал, малын түүхий эд худалдан авах ажлыг зохион байгуулжээ. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд Хятадын Шинжааны орон нутгийн засаг захиргаанаас Монголтой хил залгаа идээшсэн нутаг уснаас нь өмнө зүг албадан нүүлгэж, нэр нөлөө бүхий язгууртан, молда, (лам) энгийн ард олныг бөөнөөр нь баривчлан хорих, шашин шүтлэгийг нь доромжлон гутаасны улмаас хасгууд Шинжаанаас дүрвэн БНМАУ ын баруун хил хязгаарын дагуух газар нутгуудад бөөн бөөнөөрөө ирж суурьших болжээ. Тухайлбал, Хязгаарын цэргийн 5 дугаар отрядын хариуцсан хэсэг Их шар булаг хэмээх газраар 1943 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хасагийн 500 гаруй өрх айл Хятадын цэрэгтэй буудалцан дотогшилж, манай улсын нутагт нэвтэрч Булган голд орж иржээ. Гэтэл тэдний хойноос Хятадын 3 онгоц мөрдөн хөөж, бөмбөгдсөний улмаас Оспаны тал 200 орчим хүнээ алдаж багагүй хохирол амсчээ. Манай улсаас зүгээс тэдгээр хүмүүсийг өөрийн хамгаалалтад авсан ажээ. Ийнхүү баруун хил хязгаарын нөхцөл байдал хурцадсан үед БНМАУ-ын Засгийн газар 1944 оны 2 дугаар сарын эхээр Ховд аймгийн Булган сумын нутагт Минжит-Булганы хээрийн тусгай бүлгийг байгуулж, ДЯЯ-ны дэд сайд, Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга, корпус командлан захирагч Б.Доржоор удирдуулжээ. Энэхүү бүлэг Оспаны зэвсэгт бүлэглэлийн зорилго, үйл ажиллагаатай нарийвчлан танилцах, Х.Чойбалсан, И.Оспан нарын уулзалтын бэлтгэлийг хангах, баруун хязгаарт энх амгалан байдлыг бэхжүүлэх үүрэгтэй байв. Монгол, Зөвлөлтийн удирдлагууд И.Оспаны эрх чөлөөний тэмцлийн талаар янз бүрийн бодол, байр суурьтай байсан бөгөөд маршал Х.Чойбалсанг Москвад яаралтай ир гэж Молотов ЗХУ-ын Элчин сайд Ивановаар дамжуулан 1943 оны 12 дугаар сарын сүүлчээр дуудуулжээ. Х.Чойбалсан 1944 сны 1 дүгээр сарын 22-нь өдөр Москва хотмос И Сталин, В.Молотов нартай уулзан ярилцахдаа: "Оспанд юуны өмнө хэрэгцээтэй буу зэвсгээр туслах хэрэгтэй. Тэр бол Алтайн казахын гол овгийн удирдагчийн нэг юм.1939 оноос эхлэн шашин шүтлэг, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийг Хятадуудтай явуулж, удтал үргэлжлэн байлдаж байгаа бөгөөд 300 гаруй өрхийн 1000 гаруй хүнийг дагуулж яваа. Оспанд буу зэвсгээр тусалж, Алтайг Хятадаас цэвэрлүүлбэл тэндхийн казах болон бусад үндэстэн ястан эрх чөлөөгөө олж болох юм.Тэнд байгаа Монголчууд ч бас эрх чөлөөтэй болно гээд газрын зураг дээр БНМАУ-ын баруун хил дэх отряд, заставын байрлал, Оспаны байгаа газар зэргийг заан тайлбарлажээ.
 
 
Х.Чойбалсангийн бодол санааг сонсоод И.Сталин ...Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу, сум байдаггүй юм уу?" гэсэнд Чойбалсан: Нэгд, эндээс зөвшөөрөл хүлээгээд удлаа. Хоёрт, арай гэж хариу ирсэн боловч буу зэвсэг одоо болтол очоогүй байна" гэж учирлажээ И Сталин Тэр Оспан чинь хичнээн хүн гаргаж чадах вэ? Хэдий хэр буу зэвсэг хэрэгтэй юм бэ?" гэхэд Иванов "...400 хүн гаргаж чадна. Буу зэвсэг хичнээн олон бол төдий чинээ сайн. Буу зэвсэгтэй бол тэд бас олон хүн олж чадна" гэжээ И.Сталин тэр дороо армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь тойргийн командлагч М.Ковалев 2-ыг дуудан ирүүлж учрыг тайлбарлаад Оспанд винтов 400, ППШ- автомат 200, суурьт пулемёт 6, гар пулемёт 30, гар гранат 2000, винтовын сум 400 мянга, дуран 5-ыг Х.Чойбалсангийн мэдэлд шилжүүлэхийг даалгажээ. Маршал Х.Чойбалсан Москвагаас буцаж ирэнгүүтээ 1944 оны 2 дүгаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алаг толгойд, дараа нь мөн оны 3 дугаар сарын 5-ны өдөр Булган голын Майхан толгойд байрласан Оспаны гэрт нь тус тус очиж уулзан ярилцжээ. Тэр уулзалтуудад 3XУ-аас БНМАУ-д сууж байсан Элчин сайд Иванов, зөвлөлтийн сургагч, зөвлөхүүд оролцсон нь тэдний Шинжаан дахь ашиг сонирхол хэр их байсныг тодруулан харуулж байна.
X.Чойбалсан Оспанд Зөвлөлт /Сталин/-ийн бэлэг болох зэвсэг, сум, галт хэрэглэлийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүлээлгэн өгчээ. Энэ нь ЗХУ, Шинжааны асуудлаас болж "эцэг" болох Гоминданы Хятадтай харилцаа эвдрэлцэхээс болгоомжилж байсны илрэл бөлгөө Тиймээс ч Сталин Оспаныханд үзүүлж байгаа зэвсгийн тусламжийг Гоминданы Хятадаас нууцалж, Монголчуудаар бэлэг болгон өгүүлжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Зөвлөлтийн талаас Монголын талд өгсөн үүрэг даалгавар байсан юм.
 
 
Маршал Х.Чойбалсан И.Оспанд зэвсэг бэлэглэхийн хамт түүний цэргийн тоог нэмэгдүүлэхийн тулд хойд Алтайн монгол угсаатнуудын санаа бодол, цаашдын хүсэл зорилгыг зарим хүмүүсээр тандуулан судлуулж байв. Түүнчлэн бэлэглэсэн зэвсгийг эзэмшихэд заавар өгч, сургах хүмүүсийг Ховдын хязгаарын цэргийн ангиас гарган өгчээ.
Дээрх зэвсгийг хүлээлгэн өгсний дараа Х.Чойбалсан хятад цэргийн эсрэг Оспаны хийх гэж буй тэмцлийн талаар харилцан ярилцаж, заавар зөвлөгөөг өгсөн ажээ. Түүний зөвлөгөөний гол санаа нь "... Шинжааны хязгаар Давсанд байгаа Хятадын цэрэгт хүчтэй цохилт өгөх, хятад цэрэг хариу цохилт өгөхөөр Монголын хилд халдсан тохиолдолд манай цэрэг сөрөг цохилт өгөх ба нисэх онгоцыг ч хэрэглэх болно Тийм нөхцөлд Оспаны цэрэг манай цэрэгтэй хүчин хавсарч байлдах ёстой. Оспаны цэрэгтэй хамт монгол цэрэг эхэлж, хил даван байлдвал бусдыг өдөөсөн болно" хэмээн тайлбарласан байна. Энэ нь Хятадын тал Монголын хилд халдаж ирвэл хариу цохилт өгөхөөс биш манай талаас хилийн ойролцоох Хятадын цэргийн байрлалд түрүүлж довтлохгүй, бусдын нутаг дэвсгэрт түрэмгийлэл эхэлж үйлдэхгүй гэсэн маршал X.Чойбалсангийн байр суурь төдийгүй Монгол төрийн бодлого байв. Нөгөө талаар энэ нь Шинжааны талаас БНМАУ-ын Засгийн газарт эсэргүүцлийн нот бичихүйц цэргийн хүчтэй цохилт өгөх тухай Сталины даалгавартай ч холбоотой байсан юм. Ийнхүү манай талын идэвх санаачилгын үр дүнд баруун хязгаарын байдлыг төвшитгөхөд тодорхой нааштай эхлэл тавигдаж, казахын бослогын толгойлогч Оспантай холбоо тогтоон хамтран ажиллах болжээ.
 
 
Маршал  Х.Чойбалсангаас 1944 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сталинд явуулсан цахилгаан мэдээнд: "...Оспаныхантай холбоо тогтоож, уул авчирсан бэлгээ шилжүүлж өглөө Оспан болон оспаныхан Алтайг Хятадаас лав чөлөөлж, авч чадна гэж итгэж байна. ..Тэд эх орноо, нутаг усаа магтсан, санасан дууг ихээр дуулж байна. Манай хилийн цаад талын Хятад цэргийн байдлыг дараа дахин мэдэгдье" гэжээ. Уг уулзалтаас хойш хэд хоногийн дараа Оспаныхан Булган, Цэнгэл (Чингэл) голын уулзвар орчимд байсан Гоминданы цэргийн байрлалыг 1944 оны 3 дугаар сарын 11-ний өдөр довтлоход БНМАУ-ын Хязгаарын цэргийн анги, салбар нисэх онгоцоор дэмжин тэдэнд ихээхэн хохирол учруулсан байна. Хятадын Гоминданы цэргийн анги, салбарууд 1944 оны 3 дугаар сарын сүүлчээр Шинжаан мужаас дүрвэн БНМАУ-ын хил хязгаарт нэвтрэн орсон хасаг, урианхай, торгууд иргэдийг эргүүлэн буцааж авахын тулд Монгоп Улсын хил хязгаарыг зөрчин зэвсэгт халдлага үйлджээ. Үүнтэй холбогдуулан Зөвлөлтийн Засгийн газар Хятадад хандаж албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн юм. 1944 оны 3 дугаар сарын 31 ний өдөр Хятадад суугаа Зөвлөлтийн элчин сайд А.С.Панюшкин Хятадын Гадаад явдлын яаманд мэдэгдэл хүргүүлжээ. Түүнд дурдахдаа: "Хэрвээ БНМАУ-ын хилийг Шинжааны талаас цэргийн хүчээр цаашид ахин зөрчих аваас Зөвлөлтийн Засгийн газар 1936 оны Протоколын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, БНМАУ-д шаардлагатай тусламжийг зайлшгүй хүргүүлэх болно гэжээ. Дээрх мэдэгдлийн хариуд Хятадын ГЯЯ-наас Гадаад Монгол бол Хятадын нэг хэсэг бөгөөд 1936 оны протокол Хятад улсад үл хамаарна гэжээ. Үүнээс үзэхэд Москва БНМАУ-ыг батлан хамгаалахдаа зөвхөн Японы аюул заналаас сэргийлж, 1936 оны Зөвлөлт Монголын протоколыг ашиглаж байсан бол 1940-өөд оны дунд үеэс Хятадын зэвсэгт түрэмгийллийн эсрэг цэргийн хүч хэрэглэнэ гэдгээ илэрхийлсэн нь Монголын асуудлаар Зөвлөлт Хятадын харилцаанд шинэ үе эхэлснийг харуулсан үйл явдал болсон юм.
 
Энэ мэт үйл ажиллагааны үр дүнд БНМАУ-ын баруун хил хязгаар дахь Оспаны зэвсэгт халдлага 1944-1946 оны дунд үе хүртэл буюу түүнийг Гоминданы Хятадын талд урвах хүртэл намжсан байна. Оспан 1946 оны 4 дүгээр сараас өөрийн байр суурь, зорилго, тэмцлээсээ ухарч, Гоминданы талд үйлчлэх болсноор "холбоотон" болох БНМАУ, ЗХУ-ын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Зөвлөлт засаг төдийгүй манай талаас ч түүний тухайд баримтлах бодлогоо эрс өөрчлөхөд хүргэжээ. Маршал Х.Чойбалсан ЗХУ-д эмчлүүлэхээр 1947 оны 8 дугаар сард Хар далайн эрэгт амарч байх үед И.В.Сталин түүнийг урьж уулзжээ. Уулзалт албан ёсны бус байсан тул манай талаас Х.Чойбалсанг дагаж очсон референт Д.Шарав, бие хамгаалагч Банзрагч нараас өөр хүн байсангүй. Сталин Хятад-Монголын харилцааны асуудалд ихээхэн анхаарал хандуулсан тухай түүхч Л.Бат-Очир тэмдэглэжээ. Сталин юуны өмнө Хятад, Монголын хооронд элчин солилцсон эсэхийг сонирхон асуужээ. Түүний дараа “Танай хил дээрх будлиан юу болж байна? Өнөөх Оспан яасан бэ?" гэж асуусанд, Чойбалсан: Хятад, Монголын хооронд хараахан элчин солилцоогүй байна. Тэдний элчингүйгээр бид дутах юм алга. Чан Кайши-гийн төлөөлөгч байснаас байгаагүй нь ч дээр байх, хилийн будлиан одоогоор намдаж байгаа боловч Байтаг Богдын хавиар маргаан тасраагүй. Тэр нутаг аль ч талаар манай нутаг юм. Харин Оспан биеэ худалдаж урвасан тул түүний байсан газраар Шинжааны зүгээс Гоминданы цэргүүд нэвтрэн ирэх болсон..." гэж өгүүлж байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд БНМАУ-ын төр, засгийн газраас баруун хязгаарын аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд улс төр-дипломатын бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэмээн үззх бүрэн үндэстэй юм.
 
ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) дэд хурандаа Н.Даваадорж