sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. Энэтхэг улс Оросын зенитийн пуужингийн С-400 цогцолборууд худалдан авахаар төлөвлөж байгааг АНУ-ын засаг захиргаа таашаахгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Энэтхэгийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй байна гэж АНУ-ын батлан хамгаалахын сайдын Ази-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан туслах Рэндалл Шривер мэдэгдсэн байна.
Хориг арга хэмжээний тухай CAATSA хуулийн дагуу Оросоос зэвсэг худалдан авсан гуравдагч орны эсрэг АНУ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ба тус улсын батлан хамгаалах яамнаас зарим орныг ийм хязгаарлалтад хамруулахгүй байх боломжтой байдаг юм.
“Энэтхэг нь АНУ-ын CAATSA хуулийн дагуу авч хэрэгжүүлж болзошгүй хориг арга хэмжээнд өртөхгүй гэх баталгаа байхгүй. Ийм шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч гаргах ёстой. Энэтхэг, Орос хоёр урьд нь батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байсныг бүхэлдээ хүлээн зөвшөөрдөг хэдий ч ирээдүйд Энэтхэг улс нь чиг хандлагаа Америк руу шилжүүлэх нь зүйтэй юм” гэж Рэндалл Шривер мэдэгдсэн байна.
Зенитийн пуужингийн С-400 цогцолборын алсын тусгал нь 400 километр бөгөөд уг пуужингаар 30 хүртэлх километрийн өндөрт орших байг устгах боломжтой юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар зенитийн пуужингийн С-400 цогцолбор нийлүүэх талаар 2016 оны аравдугаар сард тохиролцсон байна. Энэ онд багтаан гэрээ байгуулсан тохиолдолд “С-400”-г 2020 оноос нийлүүлж эхлэх боломжтой аж.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг