sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Иран улс “Хезболлах” хөдөлгөөний гишүүдэд өгөх зэвсгээ Ливан руу нууцаар нийлүүлж байна гэж барууны орнуудын тагнуулын албад үзэж байгаа аж. Энэ тухай телевизийн “Fox News” суваг янз бүрийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, Ираны агаарын тээврийн Fars Air Qeshm компани сүүлийн хоёр сарын хугацаанд Тегеранаас Бейрут руу 2 удаа “маш өвөрмөц ховор” нислэг үйлдсэн аж. Эхний нислэгийг 7 дугаар сарын 9-ний өдөр үйлдсэн бөгөөд Boeing 747 нисэх онгоц Тегеран дахь агаарын цэргийн хүчний баазаас хөөрч, Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудалд түр буусан байна. Дараа нь “маш өвөрмөц чиглэл”-ээр буюу Ливаны нутгийн хойд хэсгээр нисч Бейрутийн нисэх онгоцны буудалд газардсан байна.
“Иранчууд Ойрхи Дорнод дахь холбоотнууддаа зэвсгээ нууцаар нийлүүлэхийн тулд шинэ маршрутуудыг бодож олж байна. Тэд өөрсдийг нь хянах боломж барууныханд бий гэдгийг үл ойшоож байна” гэж эх сурвалж ярьжээ.
Хоёрдахь нислэгийг 8 дугаар сарын 2-нд Тегеранаас Бейрут руу хийх үед нисэх онгоц замдаа Дамаскт буугаагүй бөгөөд “Сирийн нутгийн хойд хэсгээр ер бусын чиглэлээр” ниссэн аж.
 
Б.Адъяахүү   
Эх сурвалж: Монцамэ агентлаг