УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа

-МАН-ын бүлэг байгуулах асуудал ихээхэн сунжирлаа. Хэний буруугаас ийм байдал үргэлжлэв. Хуулийн буруу юу, эсвэл тухайн намын буруу юу?

 

-МАН олонх байх үедээ УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулсан тухай шийдвэрээ хүргүүлнэ гэсэн хуулийг заалтыг баталсан байдаг. Тэгсэн мөртөө өөрсдөө УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулсан тухай шийдвэрээ ирүүлээгүй. Тийм учир өөрсдийнх нь буруу болж таарч байна л даа. Үүнээс болоод ч гэх үү хуульд өөрчлөлт оруулж 24 цаг гэдгийг авч хаяж, бүлэг байгуулах эрх нээгдэх асуудлаар сүүлийн хэдэн cap ярьж байна. МАХН, МҮАН-ын “Шударга ёс" эвсэл, тэдний гишүүд эхлээд өргөн барьсан. АН-ын зүгээс МАН-ын гишүүд яагаад өөрсдөө энэ асуудлыг өргөн барихгүй байгаа юм бэ гэж их гайхсан. Яг үнэндээ “УИХ-ын дарга 3. Энхболд танаа” гэсэн бичгийг ерөөсөө ирүүлэхгүй байгаа юм.

 

Уг нь албан ёсны ийм бичиг өргөн барих ёстой. Гэтэл тэгэхгүй байна л даа. Дандаа өөр хэн нэгнээр өргүүлээд байгаа. Харин Ерөнхийлөгчийн зүгээс эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд УИХ дээр намуудын дунд асуудал үүсэхээс сэргийлж цаг хугацаанаас үл хамаарч бүлэг байгуулах тухай хуулийн төслийг санаачлаад өргөн барилаа. Би хувьдаа зөв л гэж харж байна.

 

-МАН албан ёсны бүлэггүй нэлээд хэдэн cap явлаа. Улмаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэц УИХ-ын дарга томилогдсон шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл биш гэж дүгнэсэн. МАН үүнийг бас л шударга бус шийдвэр гэж эсэргүүцсэн. Таны бодлыг сонсоё?

 

-Хуульд маш ойлгомжтой заалт байгаа. Юу гэвэл тангараг өргөсөн гишүүдийн хамгийн ахмад нь хуралдааныг даргална гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Харин хуралдаанд оролцож буй хүмүүсийн хамгийн ахмад нь хуралдааныг даргалдах тухай заалт бол бий. Шинээр бүрдсэн парламентын чуулганы эхний өдөр хамгийн ахмад нь Д.Дэмбэрэл гуай байсан. Гэтэл өөрөө Үндсэн хууль зөрчөөд завсарлуулга хийсэн. Уг нь чуулганы хуралдааныг завсарлуулах ч юм уу, дахиад хурал зарлах эрх анхдугаар хуралдаан даргалагчид байхгүй л дээ. Гагцхүү УИХ-ын дарга томилогдсоны дараа л байх асуудал. Анхдугаар хуралдааныг зарлах ч юм уу, завсарлуулах эрх Ерөнхийлөгчид л байдаг.

 

Харин УИХ-ын дарга томилогдсоноос хойш хурлыг завсарлуулах дахин зарлах эрх хуралдаан даргалагчид бий. Гэтэл Д.Дэмбэрэл гуай өөрт холбогдоогүй эрх эдэлж, хуралдааныг завсарлуулах гэх мэт үйлдлийг хийсэн. АН тодорхой хугацаанд хүлээгээд төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой учраас хуралдаанаа хийсэн. Тухайн хуралдаанд оролцооч гэдгийг Ардын намд хэлүүлсэн. Хэрэв тэр өдөр МАН хуралдаанд ирсэн бол хамгийн ахмад нь гэдэг утгаар Д. Дэмбэрэл гуай хуралдааныг даргалах байсан. Гэтэл өөрсдөө ирээгүй учраас тухайн өдрийн хуралдаанд оролцсон хамгийн ахмад гишүүн болох Л. Цог гуай даргалсан.

 

Ерөөсөө төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хэн нэгэн хүний хувийн сонирхолоор тасалдаж болохгүй. Жишээ нь “Манай Ардын нам тэгж үзэж байна’’ гэдгээс болж Д.Дэмбэрэл гуайд төрийн үйл ажиллагааг тасалдуулах, зогсоох эрх байхгүй. Бид хууль зөрчсөн үйлдэл хийж хүнийг дагаад өөрсдөө хууль зөрчиж болохгүй. Хэрвээ бид Д. Дэмбэрэл гуайн ааш авирыг хүлээгээд, МАН-ын ааш авирыг хүлээгээд олон хоногоор хурлыг тасалдуулах юм бол өөрсдөө хууль зөрчсөн, төрийн үйл ажиллагааг зогсоосон хэрэгт орно шүү дээ.

 

Тийм учир хуралдаан болдогоороо болсон. Дахин хэлье. Хуульд тангараг өргөсөн гишүүдийн хамгийн ахмад нь хуралдаан даргална гэсэн заалт байдаггүй юм. Тэр утгаараа хуралдаанд оролцогсдын хамгийн ахмад нь чуулганы хуралдааныг даргалаад л явсан. Энэ нь өөрөө хууль зөрчөөгүй гэдгийг Үндсэн хуулийн Цэц шийдчихлээ шүү дээ.

 

-Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг төр хариуцна гэж Ерөнхий сайд гэж мэдэгдсэн. Төр заавал тэр асуудлыг хариуцах ёстой юу?

 

-Би Ерөнхий сайд юу гэж ярьсан талаарх мэдээллийг аваагүй болохоор байр сууриа илэрхийлэх боломжгүй. Хэрвээ Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар худалдаад түүнээсээ зохих зардлыг гаргана гэж байгаа бол нэг өөр хэрэг. Огт тийм санаагүйгээр, төрөөс хариуцна гэх юм бол болохгүй л дээ. Гэхдээ Ерөнхий сайдын ямар үндэслэлээр, юу гэж ярьсан талаарх мэдээллийг аваагүй учир би өөр зүйл хэлж чадахгүй байна.

 

-Хуульзүйн дэд сайдтай холбоотой асуудал нийгэмд шуугиан тариад амжив. Хуульч хүнийхээ хувьд та ямар бодолтой явна вэ?

 

-Дэд сайд бол улстөрийн албан тушаалтан шүү дээ. Тийм учир намайг томилсон намынхаа төлөө ажиллана гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл нэгэнт л төрийн ажил хийх гэж эрх мэдэлд очсон. Хэдийгээр намаас томилсон байсан ч гэлээ төрийн улстөрийн албан тушаал эрхэлж байгаа хүн. Тэгэхлээр төрийн эрх ашигт харш үйлдэл хийх ёсгүй. Намын эрх ашиг нэгдүгээрт, төрийн эрх ашиг хоёрдугаарт байх ёсгүй л дээ. Нэгдүгээрт төрийн эрх ашиг байх ёстой. Интерпольд хандахын тухайд гэвэл энэ асуудал чинь маш нарийн процедуртай байдаг. Түүнийг тэр тусмаа Хуульзүйн дэд сайд хүн дагаж мөрдөх ёстой хууль дүрэм цаана нь бий.

 

-Хуульзүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар эрхзүйн шинэчлэлийг хийхээ мэдэгдсэн. Та ямар хэлбэрээр дэмжиж ажиллах вэ?

 

-Хуульзүйн сайд эрхзүйн салбарыг шинэчлэх зорилгынхоо хүрээнд маш олон хуулийн төсөл боловсруулж ирж байна. Яамнаас боловсруулсан хуулийн төсөл дээр яамнаас томилсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэр хуулийн төсөл УИХ дээр орж ирвэл би дэмжиж ажиллана. Яагаад гэвэл ерөнхий шинэчлэлийн бодлогыг дэмжиж байгаа юм. Тэр үүднээсээ хуулийн төсөл нь ороод ирвэл миний бие нухацтай сууж ажиллана.Шинэчлэлийг хийх ёстой. Ялангуяа хуулийн салбарынхны нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг болох, хариуцлагатай байх гээд зохион байгуулалтын бүтцийн бодлогын энэ бүх шинэчлэлүүдийг дэмжиж ажиллана.

 

-АТГ-т МАН-ын шат шатны дарга нар шалгагдаж байна. Өөрсдөө үүнийг шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэж шууд нэрлэсэн. Таны бодлыг сонсоё?

 

-Яахаараа хууль зөрчсөн асуудлыг ярих болохоор хэлмэгдүүлсэн болдог юм бэ. Намын нэр дор баахан хууль зөрчиж, эрх барьж байх үедээ хуулийн хяналтаас гадуур явсныгаа тийм байх ёстой гэж үзээд байгаа юм уу? Хууль шүүхийн өмнө бүгд адилхан тэгш эрхтэй. Жирийн иргэн хэдэн төгрөгийн хулгай хийсэн ч байдаг юм уу, санаатай санаандгүй алддаг. Тэр алдаагаа шүүлгэдэг. Тэгвэл улстөрчдийн улс оронд учруулж байсан авлигын хохирол маш их бөгөөд хортой.

Энэ асуудлыг нь шалгаад ирэхээр хэлмэгдүүллээ гэж хайцаалаад байгааг буруу гэж үзэж байна. Хэрвээ буруу юм хийгээгүй л юм бол шалгуулахдаа юунаас нь айгаад байгаа юм. Шалгана гэдэг чинь заавал буруутгана гэсэн үг биш. Шалгаад буруугүй бол буруугүйг нь тогтооно. Хэрэг хийгээгүй бол түүнийг нь тогтоож л таарна.

 

-Ирэх оны төсвийн төсөл ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Ялангуяа МАН үүн шиг муу төсвийн төслийг урд өмнө нь харж байсангүй гэж мэдэгдсэн?

 

-Өөрсдийнх нь Засгийн газар байх үед л бэлтгэгдсэн төсвийн төсөл шүү дээ. Шинэ Засгийн газар 8 дугаар сард байгуулагдсан. Өерөөр хэлбэл, ирэх оны төсвийн төслийг боловсруулсны дараа шинэ Засгийн газар байгуулагдсан. Богино хугацаанд түүнийг өөрчлөх, засах цаг хугацаа маш бага байсан. Үүнийг мэдсээр байж өнөөдөр МАН матрын нулимс унагах шаардлага байхгүй. МАН өөрсдөө хийсэн, ажилласан гол төсөл юм шүү дээ. Түүнийг боловсруулсан ажилтнууд одоо ч гэсэн яам тамгын газарт байж л байна. Тийм учраас өнөөдөр л нэг үзээгүй юмаа үзлээ гэж ярьж байгаа нь худлаа. Шинэ Засгийн газрыг бүхэлд нь шүүмжилж л байвал боллоо гэсэн логикоор яваад байх шиг байна. Харин цаашид АН-ын хувьд, шинэчлэлийн Засгийн газрын хувьд удаан хугацааны үндэслэл бодлого бүхий тийм төсвийн төслийг хийх зорилго бол бий.

 

-Парламентыг бага ард түмэн гэдэг. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүх УИХ-ын гишүүн С. Ганбаатарыг ард түмнийг төлөөлөх эрхгүй гэж гэж үзсэн. Хуульч хүний хувьд танаас энэ талаар асуулгүй өнгөрч болохгүй нь?

 

-Шүүхийн шийдвэр томьёоллоороо яг юу гэж гаргасныг би уншаагүй. Ийм учраас шүүх тэгж шийджээ гэж хэлж мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг уншиж байж дараа нь тайлбар хэлэх нь зөв байх. Хувь хүний бодлоо хэлэхэд УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл гэж явдаг.

 

-МАН бүлэг байгуулаад, албан ёсоор зохион байгуулалтын хэлбэрт орчихвол хурал хаяад эхлэнэ гэдэг болгоомжлол байгаа. Хэрэв тэдний зүгээс тийм хандлага гаргаад эхэлбэл та хувьдаа ямар байр суурь илэрхийлэх бол?

 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хугацаагүй хурал хаядгийг болиулах тухай хуулийн төсөл ороод ирсэн. Түүнийг батлах нь зүйтэй. Энэ асуудал өмнөх УИХ-ын үед яригдаж байгаад хамгийн сүүлийн шатанд хүртэл дэмжигдсэн юм байна лээ. Тэгэхлээр бид юуны түрүүнд энэхүү хуулийн төслийг дэмжих нь зүйтэй. Яагаад гэвэл барьцаалах, тохиролцоо хийх нэрээр УИХ-ын үйл ажиллагааг гацаадаг байдал арилах ёстой.

 

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"