sonin.mn
СӨҮЛ ./TASS/. Вьетнамын нийслэл Ханой хотод энэ сарын 27, 28-нд болох АНУ болон БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайныг /1950-1953/ албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах тохиролцоонд хүрч магадгүй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг Хөх ордны /БНСУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны ордон/ албан ёсны төлөөлөгч Ким Ый Гёмийн мэдээллээс иш татан уламжилжээ.
“Хамтарсан мэдэгдлийн талаар одоо ямар нэг таамаг дэвшүүлж болохгүй, гэхдээ АНУ болон БНАСАУ дайныг дуусгах найрамдлын гэрээ байгуулах зөвшилцөлд хүрч магадгүй гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Солонгосын дайныг албан ёсоор дуусгах найрамдлын гэрээ байгуулах санал тавьж магадгүй гэж “The Washington Post” сонинд улс төрийн шинжээчдийн мэдээллээс иш татан хоёрдугаар сарын 24-нд бичжээ. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тал дээр хийх тодорхой арга хэмжээнүүдийг тусгаагүй ийм шуугиан тарьсан мэдэгдэл нь АНУ-ын дотоод улс төрийн асуудлуудаас олны анхаарлыг холдуулах боломжтой гэж улс төрийн шинжээчид үзэж байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг