sonin.mn
“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьсон байна.
 
 
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас 27-нд зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтаар 161 эмнэлэгтэй гэрээ байгуулжээ. Сонгон шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд, шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан байна.
 
 
Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо.
 
Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа юм. Ялангуяа 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 03-05 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувьтай гарсан байна. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолой болон амь насанд аюултайд тооцогддог эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог аж. Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшитэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан билээ.
Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ.