sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. АНУ 500 сая ам.доллароор үнэлэгдэх их хэмжээний зэвсэг болон байлдааны хэрэгслүүдийг Тайваньд нийлүүлэхээр төлөвлөж буйг БНХАУ эрс эсэргүүцэж байна. Ийм мэдэгдлийг тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь лхагва гарагт хийжээ.
“АНУ-ын Төрийн департамент энэ төслийг дөрөвдүгээр сарын 15-нд баталж, Конгресст мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын Зэвсэгт хүчин эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, Америкийн талд нухацтай мэдэгдлийг хүргүүллээ” гэж “WeChat” нийгмийн сүлжээн дэх тус яамны албан ёсны хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Уг мэдэгдэлд Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг гэдгийг цохон тэмдэглээд, дэлхийн аль ч улсаас тус аралд зэвсэг нийлүүлэхийг Бээжин эрс эсэргүүцнэ гэжээ.
Вашингтоны ийм үйлдэл нь хоёр орны Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагаанд хүндрэл учруулахын сацуу бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэдгийг Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч сануулан дурдсан байна. “Тайваньд зэвсэг худалдах энэ төслөө АНУ нэн даруй зогсоох ёстой” гэж тэрбээр мэдэгджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг