sonin.mn
Миний бие сэтгүүлч анд Ц.Энхбатын хамт энэ оны 1-р сард ТВ4-ийн “Ард түмний санал“ нэвтрүүлгээр газар хөдлөлтийн сэдвээр нэг цаг ярьсан билээ. Ийм сэдэвтэй нэвтрүүлэг бараг хийгдэж байгаагүй л болов уу.
 
Нэвтрүүлгийн үеэр ахмад хүн шууд эфирийн утас руу ярьж, 60-аад онд УБ-т нэг өдөр 4 удаа газар хөдөлж тэвдүүлж асан, гэвч удалгүй мартагдсаныг дурдсан. 1980-аад онд УБ-т газар хөдлөлийн даац бүхий барилга барьж эхэлсэн ч, 1990 оноос энэ стандарт замхарсан юм билээ. 2010.1.9-нд Дундговийн Дэрэнд 5,6 магнитуд хүчтэй газар хөдлөхөд Улаанбаатарт иргэдэд мэдрэгдсэнээс эхэлж, энэ эрсдэл арай илүү яригдах болсон. 
 
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон мэргэжилтнүүд ерөөсөө одоо ч дэлхийн дээд хэмжээний газар хөдлөлт болох магадлалтай гээд, бусад нь ямар хөлтэй гартай байгаа биш юу гэж газар хөдөлж байдаг юм гээд эсрэг тэсрэг баримжаатай байж ирсэн.
 
2010 онд би газар хөдлөлтийг онцгой анхаарах сэдвээ болгож, сурвалжилж, судалж цөөнгүй нийтлэл бичиж, хэвлүүлсэн. Асуудал боловсруулж, төрд хандсан. Хүн айлгалаа түгшээлээ, худлаа ярилаа бичлээ гэсэн “үндэслэлээр” түмэн амьтанд хараалгаад л таарсан даа. 2011 онд би тусгай фэйсбүкийн групп нээж ажиллуулах гэтэл хүн амьтан тоогоогүй учир эс бүтсэн.
 
2010 оноос хойш 9 жил өнгөрөхөд төрөөс болзошгүй хөнөөлийг бууруулах талаар юу ч хийгээгүй. Энэ бол манай цаг цагийн засаг төрийн улс орон, ард түмнээ хайрладаг хэмжээ. Газар хөдөлбөл толгой дээрээ цаас барьж, гэр ажлаасаа гарч гүйгээд, сургуулийн биеийн тамирын талбайд цуглаж аврагдах юм ярьж байна. Эгшин зуур явагдах байгалийн үзэгдэл юу гэж л энэ бүхнийг хүлээгээд саатаж байх вэ дээ.
 
Шинэ мянган эхлэнгүүт, УБ-ын ойролцоо газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа тухай түгшүүрт мэдээг манай геофизикчид дуулгах болсон. 2004 оны монгол-оросын экспедици УБ-ын ойролцоо хагарлуудыг илрүүлсэн. 2005 оноос эхлэн өмнөх үеэс 2-10 дахин олон удаагаар 2-оос доош магнитудын газар хөдлөлт мэдрэгдэх болсон. 2-оос дээш бол түмэн олонд мэдрэгддэг.
 
Төр үүнийг эхнээс нь тас нууцалж, тэрхэн үедээ хамаг орд газруудын лицензийг тарааж байлаа. Бүх нутагт газар хөдлөлийн аргаар хайгуулын шинжилгээ хийж, тэсэлж нурааж, ухаж төнхсөн нь идэвхжилийг өдөөсөн, нэмэгдүүлсэн гэх судлаачид бий. Жил бүр бичил бага газар хөдлөлтийн тоо тогтвортойгоор 20-30% нэмэгдэх болсон билээ. Сүүлийн жилүүдэд нийслэлд иргэдэд мэдрэгдэх газар хөдлөлт 8 удаа болсон.
 
Яг л “Санниковын газар” романд газар хөдлөлт болох гэж байгаа шинж тэмдгийг, Санниковын газар сөнөж буйг хэрхэн дүрсэлсэн байдаг билээ, тийм л хандлага ажиглагдаж, үйл явдал болох гэж байна гэж мэргэжлийн хүмүүс хэлэх болсон. Санниковын газрын хоцрогдсон зэрлэг хүмүүс аюулыг ухамсарлан нүүх байтугай, хэлсэн эрдэмтдийг буг чөтгөр гэж зарлаж, тахилгад өргөх гэдэг шиг, манайд ч тийм л байж ирсэн.
 
2016 онд УБ-ын бүсэд 27 489 газар хөдлөлт болж, 2015 оныхоос 30% нэмэгдсэн байдаг. 65% нь Эмээлтэд бүртгэгддэг. Газар хөдлөлтийн хагарлууд УБ-ын эргэн тойронд олноор илэрсэн бол энэ жил УБ хот дотор, төв хэсэгт нь илэрсэн. Скай Рисортоос Улаанчулуут хүрсэн 30 км хагарал.
 
Газар хөдлөлтийн доргионыг магнитудаар хэмждэг бол, учрах гамшгийн далайцыг баллаар үнэлдэг.
 
Мэргэжилтнүүд 8 магнитуд хөдлөхөд УБ-ын барилгын 50% нурна, хүн амын 60% хохирогч болно гэж хэлэх нь олонтаа. Энэ эрсдлийг чамгүй ярьсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9-10 баллын буюу дэлхийд ховор тохиолддог хөнөөлтэй газар хөдлөлт хэзээ ч болж болно гэдэг байсан. Ингэх бол УБ-аас юу ч үлдэхгүй, хамаг юм орвонгоороо эргэнэ.
 
Газар хөдлөлтийг ихэсгэх хүчин зүйлүүд гэж бий. Газар хөдлөлтийн голомт, хагарал, хөрсний нягтшил, бүтэц давхарга, налуу, цэвдэг, ус шавар, эвдрэл гэх зэрэг. Тэгвэл УБ-д Эмээлт гээд том голомт ойр байна, хотын төвд том хагарал илрэв, хөрсний нягтшил муу, хадан дээр бус сул шороон дээр тогтдог, уул толгод буюу налуу их, цэвдэг хот даяар тархсан, ус шавартай талбай багагүй, эвдрэл шаггүй гээд бүх муу хүчин зүйлүүд байна. 8 магнитуд байлаа гэхэд хөнөөл 9-10 балл буюу дээд зэрэг болж мэдэх л юм. Гэр хороололд газар хөдлөлт нөлөөлөхгүй гэж баясдаг нь үндэсгүй. Гэр хороолол дахь байшингууд нурж, УБ-ын дэд бүтэц үгүй болохоос гадна, түймэр гэж газар хөдлөлтийн нэг том аюул бий нь нөлөөгөө үзүүлнэ.
 
Манайд 4 магнитудын газар хөдлөлт жилд 3-4, 5 магнитудынх 3-7 жилд, 6-7 магнитудынх 50-60 жилд нэг удаа болж байсан бол сүүлийн үед хаа сайгүй идэвхжижээ.
 
Монголд хүн ам цөөн сийрэг байсан тул бага хөнөөл учирсан болохоос, том том газар хөдлөлтүүд болж байсан. Луут хотод буюу өнөөгийн УБ-ын ойролцоо аймшигт газар хөдлөлт болсон нь Хүннү гүрэн мөхөхөд хүргэсэн, энд 2000 орчим жилийн давтамжтайгаар тийм газар хөдлөлт болдог юм байна гэх мэргэжилтэн судлаачид бий. 1761 онд Ховдод 370 км ангал үүсгэсэн, 1903 онд Өмнөговьд 20 том ангал үүсгэсэн, 1905 онд Архангайн Булнайд 500 км , 1957 онд Говь-Алтайн Их Богдод 200 км ангал, 1967 онд Булганы Могодод 20 км ангал үүсгэсэн хүчтэй газар хөдлөлтүүд болж байлаа.
 
1556 онд Шэньсид 830 000, 1775 онд Лиссабонд 100 000, 1923 онд Токиод 148 000, 1948 онд Ашхабадад 110 000, 1976 онд Таньшаньд 650 000, 1988 онд Спитаканд 250 000, 2004 онд Энэтхэгийн далайд 285 000, 2010 онд Хаитид 500 000 хүний аминд хүрсэн газар хөдлөлтүүд болж байлаа. Африк тивийг хувааж буй Сусвагийн хагарал, АНУ-ын Еллоустоун, Сан-Андреас, Индонезийн Тоба галт уул, ОХУ-ын Байгаль нуур, Номхон далайн Галт тойрог гээд хүн төрөлхтөнд аюултай газар хөдлөлтийн бүс нутгууд бий. Нэг жишээ дурдахад эрт үед Тоба уул дэлбэрэхэд дэлхийн хүмүүс 10 000 болтлоо үхэж үрэгдэж байсан байдаг, тэдний удам нь бид.
 
УБ-ын газар хөдлөлтөөс аврагдах арга бол нүүх, газар хөдлөлтийн ор хэрэглэх, барилга бөхлөх, цөмийн дэлбэлэлт хийж энергийг өөр газраар гаргах, соронзон гидродинамик генератораар (СГГ) энергийг 500 км диаметртэй тойрогт тарааж бага балл болгох юм. СГГ-ын аргаар туслахыг оросын тал мянганы эхнээс манай талд санал болгож ирсэн, хөөж тууж байсныг оросын эрдэмтэд өчдөг.
 
 
Энэ бол монголчуудыг газар хөдлөлийн замаар устгах төрийн бодлого гэмээр. Улс орон оршин тогтноход шаардлагатай хамаг юм хэт төвлөрчихсөн тул нийслэл үгүй болбол улс мөхнө. Нийслэлд хэт төвлөрүүлсэн бодлого учиртай. Дарга нар өөрсдөө бол газар хөдлөлтөд тэсвэртэй байшинтай. МУ сөнөхөд баялгийг нь улам харьд өгч баяжих, хувьсгал гарах аюулгүй болох, ард иргэд талхны булан шүтсэн боолууд болох, хариас их шан хүртэх гээд тэдэнд тал бүрийн ашигтай.
 
1-рт, мэдээллүүд хэр бодтой вэ, 2-рт, дарга баячууд дайжихгүй, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа, 3-рт, далайн ёроолд ихэнх газар хөдлөлт болдог бол манайх далайгаас хол, Япон, Чили, Индонез зэргийг бодвол шинж тэмдэг бага, тал цөл ихтэй, уулс хөгшин орон, 4-рт, Хаити, Калифорни, Еллоустоун, Африкийн Эврийн тухайд дэлхийн эрдэмтэд байнга анхааруулж байдаг, манай тухайд үгүй, 5-рт, ер нь дэлхий даяарт газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж байгаа, 6-рт дунд, бага газар хөдлөлтүүд энергийг гаргаж аварч байдаг, тийм хөдлөлтүүд Монголд болдог, 7-рт, заавал асар хүчтэй болно гэх ямар үндэслэл байгаа вэ, 8-рт, сөрөх арга хэрэгслүүд байж болохыг дээр дурдсан...гээд тайвшруулж тайтгаруулж болох зүйлүүд байдаг.
 
Гэхдээ эдгээр нь баталгаа болохгүй тул санаа амарч болохгүй. Өчигдөр нэг хүний газар хөдлөлтийн тухай пост дор би: “Бүх юм сөнөнө, нурна. Хүмүүс бага тарчилж үхээсэй л гэж залбир” гэж бичсэн. Энэ бол эрсдлийг сөрөх юу ч хийгдэхгүй олон жил өнгөрснөөс үүдсэн цөхрөлийн үг. Муу мэдээнүүд бодтой бол тийм л юм болно. Би 2010 онд УБ-т хүчтэй газар хөдлөл болбол яахыг дүрслэн бичсэн чинь аймшгийн зохиол болж хувирсан.
 
2015.10.3-нд Төв аймгийн Гүнжийн сүмд 4,4 магнитудын газар хөдлөлт болсон нь нийслэлчүүдэд мэдрэгдсэн бөгөөд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр зөвхөн газар хөдлөлийн тухай ярьж, түгшүүрийн харанга дэлдэж байсан.
 
Маргааш нь би АНУ руу олон улсын экологийн аялалд оролцохоор явсан. Тэнд “газар хөдлөлтийн аюулын эсрэг Орос Монголын тал хамтран тэмцье” гэж би Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Геологийн хүрээлэнгийн орлогч захирал А.Плюснинд хэлэхэд “Байгаль нуур бол газар хөдлөлийн асар том хагарал юм. Сан-Андреас, Галт тойрог, Киву нуур, Сусвагийн хамт дэлхийн хамгийн аюултайд орно. Байгал хавийн бүсэд газар хөдлөлт их болдог, люстр ганхах бол энгийн үзэгдэл. 19-р зуунд Байгал нуурын газар хөдлөлт 3 өдөр үргэлжилж, 300 байшин, 300 гэр байсан Цагааны тал усан дор орж байсан . Газар хөдлөлт бол магадлал байлаа гээд тийм ч амархан хөдөлчихдөггүй. Шинж тэмдгээ үзүүлээд олон жил болох нь бий. 2009 онд Байгаль нуурт гели ихсэж, энэ нь газар хөдлөлийн түгшүүр болохыг бид сануулсан. Сүүлдээ худалч гэгдээд дуусав уу яав. Бид бол газар хөдлөлт болно гэх ирээдүйтэй хамт амьдраад сурчээ” гэж байв.
 
Эрдэмтэн О.Смирнова, М. Трескина нар ч үгийг нь батлан ярьж байсан бол, уг арга хэмжээ орос хэлт тул америк нөхдийн чихэнд мөн яриа хүрч, бид Еллоустоун, Сан-Андреас гээд бүр аймаар ирээдүйтэй хамт өлгийтэй байхаасаа үхэхээ хүртэл хэдэн үеэрээ амьдарч байна, юун Байгаль нуур, УБ-ын аюул вэ гэж инээлдэхэд санаа амарч, дотор онгойж байж билээ.
 
Миний бие 2014 онд Токиод байхад 6 баллын газар хөдлөлт болж, Хакухо аварга эвдэрсэн лифтэнд гацаж, хохирол учирч, хүний амь эрсэдсэн. Өглөө хүн татаж сэрээх шиг болоход нүд нээтэл, чичиргээ болж байсан бөгөөд босох гэтэл шигших хөдөлгөөнөөс болж эгээтэй орноосоо уначихаагүй. Харин өрөөнд байсан Японд амьдардаг хүн тайван гэгч ТВ асааж газар хөдлөлтийн мэдээ хараад цунами болохгүй гээд эргээд унтаж байсан. Энэ улсад хүчтэй газар хөдөлсөн ч байшин барилга нурна гэх аюул төдийлөн үгүй санж. 2017 онд Хиагтад байхад 5 баллын газар хөдлөлт болсон, том барилга байшин үгүй, байгаа нь бат бэх баригдсан, туслах арми, хилийн цэрэг техник их тул бас л тайван.
 
Бид ч газар хөдлөлийн эрсдэлтэй хамт амьдарч сурах хэрэгтэй байна даа.

 

 
Ч.Мөнхбаяр