sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээр байсан ч хойшлууллаа. Учир нь, ажпын хэсгийн зүгээс гаргасан санал, дүгнэлттэй холбоотой нууцын зэрэглэлтэй материалыг гишүүдэд өмнөх өдөр нь тараасан байна. Тиймээс гишүүдийн зүгээс материалтай танилцаж амжаагүй гэх шалтгаанаар хойшлуулах санал гаргасан. Ийнхүү гишүүдийн олонхын саналаар энэ талаарх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон юм.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр /уржигдар/ орой хүргүүлсэн материал аль хэдийн  “Рио Тинто”-д оччихсон байна. Нууцын зэрэглэлтэй гэх материалын зүйл, заалт бүрт нь хариу ирүүлсэн нь ямар учиртай юм бэ” хэмээн тодруулж байв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.
 
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлуулчихлаа. Гишүүд танилцаагүй гэж байна. Мөн нууцын зэрэглэлтэй материал Оюутолгойн удирдлагуудад хүрсэн талаар та дурдлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
 
-УИХ-ын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэл боловсруулах ажпын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан 10 гаруй гишүүн жил гаруйн хугацаанд нэлээд үр дүнтэй ажиллаж, цөөнгүй санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан гэх мэдээлэлтэй байна. Мэдээлэлтэй гэж байгаагийн учир нь, УИХ-ын гишүүд өнгөрсөн орой /даваа гарагийн орой/ ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авсан юм. 
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцэн “Оюутолгой” компаниас ажлын хэсгийн санал, дүгнэлтэд хариу тайлбарыг нь ирүүлсэн байна. Тиймээс би зарчмын хувьд л асуусан.
 
Монгол төрийн бодлого гэдэг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж гаргах шийдвэр, тогтоол байх юм. Гэтэл УИХ-ын гишүүдийг нууцын зэрэглэлтэй гэх материалтай танилцахаас өмнө, УИХ шийдвэр, тогтоол гаргахаас өмнө “Оюутолгой” компани зөвлөмж, саналаа гаргасан байгаа нь утгагүй зүйл юм. 
 
Энэ бол процессын маш том алдаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Засгийн газраас үүнд анхаарч ажиллах шаардлага байгааг харуулж байна. Бид нэг талдаа хөрөнгө оруулагч талтайгаа байнгын хэлэлцээтэй байна. Урт хугацааны том төсөл учир цаашид байнга маргаантай, хүндрэлтэй асуудлууд ч гарна. Үүнд нэгдмэл байр суурьтай, өөрсдийн бодлогыг тодорхойлж, илүү стратегитай ажиллах байнгын ажлын хэсгийг гаргах шаардлагатай. УИХ-ын гишүүдийн гарт ирээгүй байгаа материал “Оюутолгой” компанид хүргэгдээд, үүнд нь тус компаниас хариу тайлбар өгч, бидний хэлэх үгийг бэлтгэнэ гэдэг нь утгагүй асуудал. Өмнө нь ч өнөөдрийнх шиг ийм процессын алдааг байнга гаргаж ирсэн. Монгол төрийн бодлого харалган байсны бодит жишээ нь, 2015 онд хийсэн Дубайн гэрээг тухайн үеийн Засгийн газраас зөвшөөрөл олгож байгуулж байсан явдал юм. Энэ нь маш том алдаатай, УИХ-аар оруулаагүй, өмнөх гэрээний хэрэгжилтийг хангаагүй, өмнөх гэрээгээр ТЭЗҮ-д тусгасан асуудлыг зөрчсөн байсан. Бид цаашдаа хэрэгжүүлэх урт хугацааны томоохон төслүүдэд Монгол Улсын төрөөс ийм бодлогын алдаа гаргаж болохгүй. Барим бичигт нухацтай хандах ёстой гэсэн саналыг хэлсэн.
 
Байнгын хороогоор хэлэлцэх байсан, гишүүдийн гарт дөнгөж очсон гэх нууцын гээд байгаа материалд “Оюутолгой” компаниас тухайлбал ямар хариулт өгсөн юм бэ?
 
-Ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмж болон аудитаас ирүүлсэн дүгнэлт нь бүгд нууцын тамгатайгаар орж ирсэн. Тэгсэн мөртлөө “Оюутолгой” компани түүнд нь хариу тайлбар өгсөн байгаа нь нууцын зэрэглэлгүй л юм байна гэсэн ойлголт төрүүлж байна. “Оюутолгой” компаниас “Та бүхэн гэрээндээ өөрчлөлт оруулах гэж байгаа бол бид үүнд эсрэг байр суурьтай байна. Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Уг асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлье гэдэг саналыг би хэлсэн. Гэтэл ажпын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх гэсээр байтал өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт
 
“Рио Тинто” компанийн нэг группийнх нь захирал Арнолд Саврит гэдэг хүн мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ “Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Та бүхний байр суурьд хүндэтгэлтэй хандахгүй. Тухайн гэрээний нэг ч зүйл, заалтад өөрчлөлт оруулахгүй” гэсэн байр суурийг түрүүлээд илэрхийлчихсэн байгаа юм. Тиймээс Монгол төрийнхөө бодлогыг гаргаж, үнэхээр гэрээ зөрчсөн асуудлууд байвал засах арга хэмжээ авах л шаардлагатай байна.
 
-Ажлын хэсгийн дүгнэлтээр гэрээнд ямар өөрчлөлт байгаа юм бэ. Дубайн гэрээг хүчингүй болгох юм уу. Ер нь та бүхэн юуг нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна бэ?
 
-Би хувь гишүүнийхээ хувьд, 2015 онд Монголын талыг төлөөлж, эрх ашгийг хамгаалах ТУЗ-ийн гишүүнээр хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Тухайн хугацаанд “Рио Тинто” компанитай урт хугацаанд хэлэлцээ хийж байсан. Ингэхдээ хэзээ ч Дубайн гэрээг зөвшөөрөхгүй. Бид Монголын талд ногдох үр өгөөжөө дээшлүүлэх, манай талын эрх ашгийг хөндсөн асуудлуудаа залруулах талаар хэлэлцээр хийе гэсэн байр суурьтай байсан.
 
Гэтэл эсрэгээрээ Дубайн гэрээнд Оюутолгойн нэрээр гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас томоохон хэмжээний хөрөнгө санхүүжилт авч, зөвхөн Оюутолгойдоо бус “Рио Тинто”-гийн бусад төсөлд зарцуулах санхүүгийн схемийг хийхдээ Монголын Оюутолгойд байрших өмч, хөрөнгийг барьцаанд тавих асуудлыг хөндөж байсан. Тиймээс бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ, хэлээд тухайн үед ажлаа өгөөд гарсан.
 
Тиймээс бид одоо ямар ч гэрээг процессын алдаагүйгээр хийх ёстой. Харин алдаатай гэрээгээ засч, залруулах, цуцлах, магадгүй дахин хэлэлцээний ширээнд суух шаардлага байгаа юм.
 
-“Рио Тинто” компаниас гэрээнд ямар ч үг үсгийн өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн гэлээ. Тэгэхээр цаашид яах ёстой вэ?
 
-Маш том бодлогын алдаатай мэдэгдлийг “Рио Тинто” гаргалаа гэж харж байна. Ер нь энэ төслийг доод тал нь 40-50 жил хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ том, урт хугацааны төсөлд миний дээр хэлсэнчлэн маргаантай асуудал цөөнгүй гарна. Яриа, хэлэлцээ бол байдаг л зүйл. Яриа, хэлэлцээ нь хоёр талд гаргасан маргаан, үл ойлголцлыг засч залруулдаг л үйл явц. Үүнийг ноцтойгоор хүлээж аваад сөрөг мэдэгдэл хийгээд байх шаардлага байхгүй. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээнд долоон жилийн үйлчлэлтэйгээр зээлийн хүүг бууруулах, яриа хэлэлцээнд өөрчлөлт оруулах зэрэг үүрэг даалгавар угаасаа бий. Тэгэхээр байнгын хэлэлцээ хийх механизмыг гэрээнд тусгасан байдаг.
 
-Нууцын зэрэглэлтэй материал ямар замаар “Рио Тинто”-д очсон талаар мэдээлэл байна уу?
 
-Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” компани руу албан ёсоор материалыг бичгээр хүргүүлж, хариу тайлбар хүссэн гэсэн тайлбарыг өгч байна.
 
-Ингэж албан ёсоор хүргүүлж болдог юм уу?
 
-Монголын төр маш том процессын алдаа гаргасан байна. Цаашдаа энэ мэт алдаа гаргахгүй байх талд анхаарах шаардлагатай байна.
 
-Ер нь нууцын зэрэглэлтэй материалыг хэлэлцэхээс хэчнээн хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд тараах ёстой байдаг юм бэ? 
 
-Нууцын зэрэглэлтэй материалыг 7-14 хоногийн өмнө тарааж танилцуулах шаардлагатай. Би өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гоос гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан ажлын хэсгийн дүгнэлтийг хойшлуулахгүйгээр хэлэлцэх саналыг гаргасан. Өнөөдөр энэ горимоороо оруулж ирсэн ч гишүүд материалтай танилцаагүй, цаг хугацаанд нь өгөөгүй гэдэг үндэслэлээр хойшлууллаа. Тиймээс ирэх долоо хоногт хэлэлцэх байх. 
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин