“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүг урьж ярилцлаа.
 
Авлигын хор уршиг, алдагдсан бүхнийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй
 
-Авлигын төсөөллийн индекс бол улс орнууд авлигатай хангалттай тэмцэж чадаж байна уу гэдгийг харуулдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, бизнесийн салбарт авлига хэр байгааг 13 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж байгаа юм.
Харин манай улсыг есөн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн. “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагын судалгаагаар манай улс хоёр жилийн өмнө  87 дугаар байрт орсон бол дараалан ухраад 103-т бичигдлээ. Харин өнгөрсөн жилийн судалгаагаар буцаж арван байраар урагшилсан.
Олон улсын байгууллага, шинжээчид, судлаачдын үзэж байгаагаар авлигатай тэмцэхэд хамгийн чухал түлхэц өгдөг зүйл нь улс төрийн хүсэл эрмэлзэл байдаг. Улстөрчид наанаа авлигатай тэмцэнэ гэж ярьчихаад цаанаа түүнийхээ эсрэг зүйл хийгээд байдаг. Авлигатай тэмцэнэ гэхээр авлигын гэмт хэргийг илрүүлж шалган буруутай этгээдэд ял оноохоос гадна тухайн асуудлыг дахин гарахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг нь арилгах асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Аль ч улс оронд улс төрийн хүсэл эрмэлзэл байвал авлигатай хангалттай тэмцэж чадна. Өнгөрсөн аравдугаар сард болсон авлигын олон улсын конференцоор дэлхий нийтэд явагдаж буй  хөрөнгө оруулалтыг 10 ам.доллар гэж үзвэл нэг ам.доллар нь л зорилтот бүлэгтээ буюу хэрэгцээтэй хүмүүст очиж байна. Бусад есөн ам.доллар нь хууль бусаар буюу замаасаа алга болж байгааг ярьсан. Тиймээс бид үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай.
 
Монгол хэлний тайлбар тольд “авлига гэж ёсон бусаар шунаж авсан эд юм” гэж тодорхойлсон. Харин Авлигын эсрэг хуульд “авлига” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж тодорхойлж өгсөн.
 
Хүнд суртал, олон шат дамжлага, ил тод бус, хаалттай байдал, ойлгомжгүй хууль, дүрэм, бага цалин хөлс, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, ёс зүйн доройтол гэх мэт олон шалтгаанаас авлига үүсдэг. Харин хахууль, шан харамж өгөх, авах, эрх мэдлээ ашиглан  бусдыг хясан боогдуулах, сүрдүүлэх, дарамтлах, хэн нэгэнд давуу байдал олгох хэлбэрээр илэрч байдаг. Эдгээр үйлдлийн нийгэмд учруулж буй хор уршиг, үйлдсэн арга хэлбэрээс хамаараад хуулийн хувьд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гэсэн гурван агуулгаар авч үздэг.
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд олон нийт авлигын хор хохирлыг мэддэг болж үүний эсрэг ямар нэг зүйл хийх, тэмцэх, өөрчлөх ёстой гэсэн ухамсар ойлголт, мэдлэг нэмэгдэж байна. Энэ хэрээр нийгэмд их хүлээлт, шаардлага бий боллоо.  Ихэвчлэн авлигын хор уршгийг мөнгөөр илэрхийлж яриад байдаг. Гэтэл авлигын улмаас алдагдсан, хулгайлагдсан боломж, ирээдүйд бий болох байсан зүйлсийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм. Хулгайд сая төгрөгийн эд зүйлээ алдахад хүнд шууд хохирол учруулдаг бол авлигын гэмт хэрэг мөнгөөр илэрхийлэх боломжгүй их хор хөнөөлийг учруулдаг. Авлигын хор уршиг ядуурал, ажилгүйдэл гэх мэт зүйлсээр дамжин эрүүл мэнд боловсролын тогтолцоонд нөлөөлж улс эх орны хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, олон тэрбумаар нь завшсан албан тушаалтнуудын хажууд эмч, гааль татварын албан хаагчдын хахуульд авсан мөнгө бага учир хохирол бага гэж ойлгоод байдаг. Гэтэл үүний цаана эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт зөв явагдахгүй, хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чадахгүйгээс болж олон хүн цаг хугацаандаа үзлэг шинжилгээндээ хамрагдаж эмчилгээ хийлгэж чадахгүй.Чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн хил гаалиар нэвтэрч, төсөвт орох ёстой татвар орохгүй нөхцөл байдал үүсдэг. Өнгөц харахад шууд хохиролгүй юм шиг хэрнээ цаагуураа хэмжиж болохооргүй хор уршиг дагуулдаг.
Нөгөө талаас авлига гарахад юу нөлөөлж байгаа, яагаад урьдчилан сэргийлж таслан зогсоохгүй байна вэ гэдэг нь бидний ойлголттой холбоотой. Хууль бус зүйлийг харсан, мэдсэн ч шаардлага тавьдаггүй. Тендер, тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлига их гарч байна гэдэг. Гэтэл энэ бол хоёр хүний дунд болдог үйл явц биш. Үүнийг олон хүн харж мэдсэн хэрнээ зохих ёсны үйлдэл хийж таслан зогсоох,  шаардлага тавихгүй. Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр гэсэн хандлагаар ханддаг. Эцэст хохирогч нь өөрөө, өөр олон хүн болж байдаг. Авлигатай тэмцэхэд зөвхөн хууль эрхзүйн зохицуулалт болоод илэрсэн хэрэгт хариуцлага тооцох нь зүй ёсны шаардлага. Харин авлигын гэмт хэргийг яаж гаргахгүй байх ёстой юм бэ гэдэг л чухал. Нэг нутаг, найз, нөхөд танилын хүрээгээр асуудалд хандаж давуу байдал олгоод байдаг. Үүнээс болж авлига үүсэх шалтгаан нөхцөл болж байна. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэхийн тулд хэдэн цагт, ямар материал бүрдүүлж очих билээ гэдгийг зохих ёсны эх үүсвэрээс мэдээлэл  авахын оронд таньдаг эмч байгаа бил үү гэж боддог. Нэг ажил хөөцөлдөх гэж байгаа бол тэр яаманд таньдаг хүн хэн билээ гэж хамгийн түрүүнд боддог. Жижиг зүйл мэт боловч энэ авлига үүсэх шалтгаан болдог. Нөгөө талд төрийн мэдээлэл ил тод бус. Энэ бүгд авлигын шалтгаан нөхцөл болдог. 1950-аад онд ядуу байсан Сингапур гэхэд маш хурдан хугацаанд хөгжилд хүрч чадсан. Ерөнхий сайд нь “Та авлигыг ялмаар байвал өөрийн хамаатан, садан, найз нөхөд хэнийг ч бай торны өмнө суулгахад бэлэн бай” гэсэн уриалгыг дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх гэж байгаа бол  найз, хамаатан, ах, дүү гэдэг байдлаар хандаж болохгүй. Газар дээр нь таслан зогсоох ёстой гэсэн үг юм.
 
Академик боловсролд анхаарахаас биш хүмүүжил төлөвшлийг нь орхигдуулж байна
 
-Бусад төрлийн хэрэгтэй харьцуулахад авлигын гэмт хэрэг  шунал, ёс суртахуун, хувиа хичээсэн үзэл хандлагаас үүсдэг. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хуулиар албан тушаалтнуудыг үүрэгжүүлж, зарим төрлийн эрхийг хязгаарлаж, хяналтын систем сайжруулах зэргээр янз бүрийн арга хэрэглэж байна. Харин манай улсын хувьд хууль эрхзүйн орчин, тогтолцоо зөв буруу эсэхийг ярихаас илүү аливаа сайн, муу бүхний үндэс нь хүний төлөвшил, ёс суртахуунтай холбоотой. Авлигатай тэмцэх, цаашид гаргахгүйн тулд хамгийн түрүүнд ёс суртахууны талаар ярих ёстой. Ер нь авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлахын тулд эхний ээлжинд өөрсдөө оролцоотой, хяналт, мэдлэгтэй байх хэрэгтэй.
 
Монголчууд нийгмээс нийгэмд шилжих явцдаа үнэт зүйлээ гээж байна. Нэр хугарахаар яс хугар гэж ярьж нэрээ хичээдэг уламжлал сэтгэлгээ өнөөдөр хаачив. Хууль бус зүйл хийснийг нь олон нийт мэдсээр байхад гүрийгээд явдаг хүмүүст нэр хүндээ бодох үнэлэмж бий юу гэдэг нь эргэлзээтэй.
 
Материаллаг зүйл, хөрөнгө чинээгээрээ гайхуулж, түүнийгээ сайхан амьдралын туйл гэх үзэл хандлага ихэссэн. Жишээлбэл, албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэг, бодит байдалд ажлаа дийлэхгүй, цалин нь хүрэлцэхгүй дундаж амьдралтай төрийн албан хаагчийн дүр төрхтэй хэрнээ цаанаа хууль бусаар олж авсан их хөрөнгөтэй хүмүүс байна. Тансаг загварын байшин, том машинууд нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байх жишээний. Тэр хүн хэдийгээр том байшинд амьдарч ганган машин унаж байгаа мэт боловч хэзээ, хэн ирээд хууль бусаар олсон мөнгийг нь хураачих бол гэсэн байнгын сэтгэлийн дарамт, айдастай байх нь сайхан амьдрал мөн үү. Мөн хулгайлж олж авсан эд хөрөнгөө бусдын өмнө ичихгүй хэрэглэж байна гэхээр ёс суртахууны доройтолтой амин хувиа хичээсэн байгааг харуулж байгаа юм. Гэтэл эцсийн дүндээ гоё сайхан, утга учиртай амьдрахын мөнгөөр илэрхийлэгдэхгүй үнэт зүйлс бий. Эрүүл саруул, элэг бүтэн, өвчин зовлонгүй, хүнд дэмтэй, нэр төртэй байхын утга учрыг материаллаг зүйлээр хэмжээд эхлэхээр дараа дараагийн ирээдүй хойч үе ийм л үлгэр дуурайлал авна. Залуу хойч үе маань амар хялбараар хөрөнгөтэй болж болох юм байна гэсэн  сэтгэлгээгээр хандаад эхлэхээр авлига улам гаарна. Тэгэхээр бүгд сайхан амьдарвал би ч гэсэн сайхан амьдарна. Би ганцаараа баян тансаг амьдарлаа гээд ялгаагүй л утаагаар амьсгалж, замаар түгжирнэ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмыг л өдөр тутамдаа бодож, эргэн тойронд үзүүлж буй үлгэр дуурайллаа хүртэл анхаарч байхгүй бол хойч үеэ хэрхэн бэлтгэж буйгаа бодох хэрэгтэй.
АТГ боловсролын салбарын авлига ярихаар жижиг асуудал, өөр хийх ажил алга уу гэж шүүмжилдэг. Гэтэл улс орны ирээдүйн боловсон хүчнийг хүмүүжүүлж бэлтгэж байгаа хүмүүст ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ. Хүн болгон хүүхдээ оруулахыг хүсдэг сайн сургалттай сургууль нь яагаад цөөхөн, хүртээмжгүй юм. Бүх сургуулийнхаа чанарыг сайжруулъя гэж ярихгүй мөртлөө хэдхэн сургуулийг сайн гэж ялгачихаад тийшээ бүх хүн хошуураад байдаг юм. Ийм хүртээмжгүй  байхад эцэг, эхчүүдийн хүсэл сонирхол дээр дөрөөлж авлига авах албан тушаалтан гарч ирнэ. Гэрийнхээ хажууд чанартай сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүндрэлгүй өгдөг бол заавал хууль бус зүйл хийх шаардлага гарахгүй. Жишээ нь, тавдугаар ангийн хүүхэд дарга болохын тулд ангийнхандаа 1000 төгрөг өгч байгаа нь бид ямар үлгэр дуурайлал үзүүлж байгааг л харуулж байна. Авлига миний асуудал биш. Эсвэл үүний төлөө хэн нэгэн тэмцэх байх, надаас өөр хүн хэлэх байх гэсэн үзэл хандлагаасаа татгалзаж хууль бус зүйлийг илрүүлж, таслан зогсоож, мэдээлж байх ёстой. Нийгмээрээ зөв шаардлага тавих юм бол хууль бус үйлдэл хийж байгаа хүмүүс аяндаа шахагдана. Энгийн жишээ дурдахад, бид замын хөдөлгөөнд оролцож байгаа соёлоо харахад л дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавихад бүгдээрээ зөрчиж байхад чи сүржигнэлээ гэдэг байдлаар хариу барьж байна гэдэг бол гаж үзэгдэл.
Дэлхийн улс орнууд боловсролын тогтолцоогоороо дамжуулж зөв төлөвшил, хүмүүжил ёс суртахуунтай иргэнийг бэлтгэж байна. Наад зах нь хүнтэй мэндлэх соёлоос эхлээд хүний хөгжил рүү чиглэж байна. Гэтэл манайд эцэг, эхчүүд, салбар нь ч тэр аль  аль нь академик боловсролд нь анхаардаг. Хүүхдээ математикч юм уу мундаг гадаад хэлтэй хүн болгохыг зорьж байгаагаас биш хүүхэд ирээдүйд хэн болж төлөвшиж буйг орхигдуулж байна. Мундаг боловсролтой хэрнээ  ёс суртахуунгүй, буруу хүмүүжилтэй болж төлөвших юм бол хэн болох вэ гэдэг л асуудал.
 
 АТГ-ыг олон нийт нь дэмждэг, итгэл хүлээлгэдэг, хамгаалдаг байвал амжилттай явдаг
 
-АТГ-аас хүлээсэн, итгэсэн нийгмийн хүлээлт их байна. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад 170 хүн ажиллаж байна. Албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийг илрүүлж шалгаж тодорхой хэмжээгээр хариуцлага тооцуулж байна. Зарим тохиолдолд  дагаж мөрдөж буй хуулийн хүрээнд хариуцлага тооцож чадахгүй тохиолдол ч байна. Хэрэв АТГ үр дүнгүй байсан бол үүнээс өмнө авлига гэдэг асуудал өнөөгийнх шиг хүчтэй яригддаг байсан юм уу. Авлигатай тэмцэнэ гэдэг бол мөнгө, эрх мэдлээ хамгаалах хүсэл сонирхол бүхий хүмүүстэй тэмцэж байгаа үйл ажиллагаа. Нөгөө талаас АТГ-ын хүчийг сулруулж олон нийтэд буруугаар ойлгуулж, үйл ажиллагааг нь алдагдуулах гэсэн  бүхэл бүтэн систем ажиллаж байна. Дээрээс нь хууль эрхзүйн орчныг мушгин гуйвуулж буруугаар тайлбарлаж авлигын талаар  мэдээлэхийг буруугаар ойлгуулах сонирхол их байна. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцсэн хамгийн үр дүнтэй жишээ бол АТГ нь ард олонтойгоо хамт байдаг. АТГ-ыг олон нийт нь дэмждэг, итгэл хүлээлгэдэг, хамгаалдаг байвал үйл ажиллагаа нь амжилттай явдаг туршлага бий. Хонгконг, Сингапурын жишээ сүүлд Румын, Малайз, Индонезид өрнөж байгаа асуудлыг харахад иргэд нь авлигатай тэмцэх байгууллагаа хамгаалдаг, нэгдэж тэмцэж байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын үйл ажиллагааны талаар нийтэд буруу мэдээлэл түгээх, хүчийг нь сулруулах, итгэлийг алдагдуулах гэсэн явуулгад битгий автаарай гэж уриалмаар байна. Мэдээж засч сайжруулах, хурдан хугацаанд үр дүн гаргах нийгмийн хүлээлт байгааг манай хамт олон ухамсарлан ажиллаж байгаа.
Авлигын гэмт хэрэг гэж яригдаж байгаа асуудлууд нарийн ээдрээтэй, өргөн хүрээтэй. Гэмт хэрэг үйлдсэнийг баримтаар нотлох ёстой. Түүнээс хүмүүсийн боддогоор зөвхөн байцаагаад гэмт хэрэг мөн байна гэх боломжгүй. Олон тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгахын тулд тэр мөнгөний нэг төгрөг болгоныг шалгана. Энэ мэтчилэн олон салаа бүхий мөнгөний араас мөшгиж баримтаар нотлоход хугацаа их шаарддаг. Нэг гэрээ шалгахад л зүйл заалт бүрийг судална. Олон улс дамнасан хэргийн мөрөөр орно. Мөрдөгчдөөс хууль эрхзүй, санхүү гээд бүх талын мэдлэг, ур чадвар шаардана. Мөнгө биет зүйл биш учраас хаашаа ч хальж, юу ч болж хувирч мэдэх өргөн хүрээтэй. Тухайлбал, сая төгрөгийн цалинтай мөртлөө сард 10 сая төгрөгийн зарлага гаргаж байгаа хүмүүсийг шалгана гэсэн үг. Бизнес хийдэггүй мөртлөө сард 300-500 сая төгрөгийн орлоготой төрийн албан хаагчид байна. 500 сая төгрөгийн орлогоо тайлбарлаж чадахгүй бол гэмт хэрэг.
 
Авлигын гэмт хэрэг, ачаалал 2-3 дахин өссөн ч мөрдөгчийн тоо нэмэгдээгүй
 
-АТГ-аас мөрдөн шалгасан хэргийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэрэгт холбогдож шалгагдсан этгээдийн тоо 2.6 дахин, эрүүгийн хэрэг 4.8 дахин өссөн.
Тухайлбал, 2015 онд 238 хэрэг шалгаж байсан бол 2017 онд 417, 2018 онд 1138 хэрэг шалгасан байна. Хэргийн тоо өссөн нь хуулийн өөрчлөлт, иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлын тоо нөлөөлсөн байх. 2016 онд АТГ-т иргэн аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 414 ирүүлсэн бол өнгөрсөн жил 858 болсон байх жишээтэй. Үүнээс 447-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан үзүүлэлттэй. Гэтэл эдгээр шалгаж байгаа хэргийн тоо, иргэн аж ахуйн нэгжээс ирүүлж буй гомдол, мэдээлэл 2-3 дахин өсч ачаалал нэмэгдсэн ч АТГ-ын хүн хүч хэвээрээ. 2016 онд хэдэн мөрдөгч байсан хэрэг өслөө гээд нэмэгдэж, хасагдсангүй. Гурван жилийн өмнө шүүхээр 25 хэрэг шийдвэрлэгдэж байсан бол 2018 онд авлига, албан тушаалын 84 хэргийг эцэслэж хариуцлага тооцуулсан гэсэн үг. Хохирлын хэмжээ гэхэд 2017 онд 69 тэрбум байсан бол 2018 онд 663 тэрбум төгрөг болсон.
Ойрын зургаан жилд авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой юм гэдгээ төлөвлөж Авлигатай тэмцэх үндэсий хөтөлбөрийг баталсан. Авлигатай тэмцэхэд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, Гүрж, Эстони  зэрэг манайхтай төстэй нөхцөлд байсан улс орнуудаас харахад цахим засаглалаар бүх асуудлаа шийдвэрлэсэн. Мэдээллээ ил тод болгосноор төрийн үйлчилгээнд хүний оролцоо байхгүй болж үзэмжээрээ хандах боломжгүй болж, цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байна. Ямар нэг хүндрэлгүй, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болчихоор заавал хахуулиар асуудлыг шийдэх шаардлагагүй.Улсын бүртгэлийн багц хуулиар аж ахуйн нэгжийн бүртгэл, АТГ албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд мэдээлж байна. Шилэн дансны хуулиар байгууллагын төсвийн зарцуулалт ил боллоо. Ингэж мэдээлэл ил болсноор хэвлэл мэдээлэл, олон нийт дүн шинжилгээ хийж хяналт тавих боломж бүрдсэн. Энэ бүхэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин