sonin.mn
Энэ оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид Цэргийн тангараг өргөлөө. 
 
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хугацаат цэргийн алба хаагчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Батлан хамгаалах яамны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, Төв аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нарын хүндэт зочид, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тангараг өргөсөн байлдагчдад болон тэдний ар гэрийн төлөөлөлд хандан үг хэлж, баяр хүргэсэн бол Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, хурандаа Т.Лодойдамба “Цэргийн албанд татагдан ирээд тангараг өргөсөн энэ мөчийг хүртэл та бүхэн цэргийн албаны талаар нэлээдгүй зүйлийг сурч мэдлээ. Нэг жилийн дараа Та бүхэн өөртөө итгэлтэй, шударга, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Цэргийн тангараг өргөсөн дайчид та бүхэнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, сурлага, сахилгаараа хамт олноо хошуучлан, албаа үлгэр жишээ хаахыг хүсье. Алдар түүхтэй мотобуудлагын бригадад алба хааж байгаагаараа үргэлж бахархаж, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ амжилттай биелүүлэн бригадынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай” гэсэн юм.
 
 
Энэ үеэр Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлж байлдагч А.Маргад “... Миний бие Улаанбаатар хотын Баянгол дүүргээс хугацаат цэргийн албанд татагдсан. Эгнээнээсээ БНМАУ-ын 10 баатар төрүүлсэн нэр хүндтэй энэхүү бригадад эх орны өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн залуусын хамтаар алба хаах болсон нь нэр төрийн хэрэг юм. Өнгөрсөн хугацаанд бид цэргийн анхан шатны сургалтад бүрэн хамрагдлаа. Та бүхнийхээ итгэлийг дааж албаа нэр төртэй хаах болно гэдгээ дайчин уламжлалтай монгол цэргийн ариун жагсаалын өмнө эр цэргийн ёсоор тангараглаж байна” гэв.
 
Харин эцэг, эхийн төлөөлөл Б.Буяннэмэх тангараг өргөсөн дайчдад баяр хүргэж, албанд нь амжилт хүссэн бол түүний хүү байлдагч Б.Энхмөнх “Аавдаа” хэмээх дуугаар урлагийн тоглолтын салхийг нээж зочдын сонорыг мялаасан юм. Тангараг өргөсөн байлдагчдын ар гэрийн төлөөлөл, хүндэт зочид жагсаалын болон нэг, хоёрдугаар 16 тоот дасгалын үзүүлэх тоглолт, зэвсгийн үзэсгэлэнг үзэж, хүчит бөхийн барилдааныг сонирхсоноор ёслолын ажиллагаа өндөрлөв.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин