sonin.mn
Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд бид санал хэлэх боломжоо эдлэх хамгийн сүүлчийн өдөр нь өнөөдөр. Зөвхөн УИХ-аар хэлэлцсэн төсөлд тусгагдсан асуудлаар хязгаарлагдахгүйгээр Үндсэн хуулийн аль ч хэсэгтэй холбоотой, эсхүл Үндсэн хуулинд тусгавал зохистой гэж үзэж буй аливаа асуудлаар санал өгөх боломжтой учраас залуу хуульч хүний хувьд улс орныхоо хөгжилд чухал хэмээн үзсэн хэд хэдэн саналыг олон нийттэйгээ хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ.
2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгох зорилго тавьсан. Энэ хүрээнд эрх зүйч хүний хувиар Засгийн газрын бүтэц, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох, нэр дэвшүүлэх тогтолцоо, УИХ-ын сонгуулийн тогтолцоо, УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацаа, УИХ-ын гишүүдийн тоо, тэдгээрийг эгүүлэн татах, сэлгэн сонгохтой холбоотой санал бэлтгэснээ уншигч олондоо танилцуулж байна.
 
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙД
 
Төсөлд “Улсын их хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно....” гэжээ. Харин сонгуулийн тогтолцооны тухай “ардчилсан нийгмийн үнэт зүйлс, улс орны онцлог, сонгуулийн үйл ажиллагааны зорилгод нийцсэн тогтолцоотой байна” гэх зэрэг байдлаар ерөнхий шалгуурыг тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, тухайлбал “1 улс -1 тойрог” гэх тогтолцоо нь ардчиллын зарчим, сонгуулийн зорилгод харшлах ба манай улсын онцлогг тохирохгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд: Үндэсний цөөнхөөс хууль тогтоох засаглалд төлөөлөлгүй болох; шинэ улс төрчид өрсөлдөн, сонгогдох боломж эрс буурах, УИХ-ын сонгогдсон гишүүд буюу ард түмний төлөөлөл болсон гишүүдийн иргэдээс авсан саналын хувийн зөрүү хэт өндөр байх өргөн, уудам нутагтай манай улсад нэг нэр дэвшигч улс орон даяар явж сурталчилгаа хийх, сонгогчдодоо хүрч ажиллах боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байна.
 
Харин жижигсгэсэн тойргоор сонгууль хийхэд мөнгө тараах буюу иргэдийн саналыг “худалдаж авахад” хялбар болох учир энэ тогтолцоонь манай улсын хувьд сонгуулийн үр дүн, зорилгод сөргөөр нөлөөлнө. Иймд сонгуулийн тогтолцооны наад захын шалгууруудыг дээрх байдлаар Үндсэн хуульд тусгах нь зүйтэй санагдаж байна.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙД
 
Төсөлд “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...” гэж тусгажээ. Угтаа үндсэн чиглэлийн, заавал байх яамдын нэр, чиглэлийг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь УИХ-ын сонгууль бүрийн дараа эрх баригч нам, эвсэл ЗГ-ын бүтэц, яамдын нэр, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилдөг жишиг тогтоод удаж байна. Энэ нь эдийн засаг, хууль эрх зуйн орчны тогтворгүй байдал, түүнээс улбаалаад эдийн засгийн бодлого, бизнесийн тогтворгүй байдлыг бий болгож байдаг. Тиймд манай улсын эдийн засаг, зах зээл, хөгжлийн онцлогоос шалтгаалан заавал байх ёстой, үндсэн чиг үүргийн яамдыг тодорхойлон заах нь зүйтэй. Тухайлбал, Батлан Хамгаалах Яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам гэх зэрэг яамдууд үүнд багтана. Эдгээр салбарууд нь улсын орны хөгжилд суурь ач холбогдолтой салбарууд бөгөөд, мэргэжлийн өндөр түвшинд, тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд зөвхөн тухайн асуудлаар дангаар нь байгуулан үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг оруулж өгөх нь оновчтой гэж үзэж байна.
 
УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙД
 
Үндсэн хуулинд “Улсын Их Хурлын гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.” гэж тус тус тусгасан байдаг. УИХ-ын гишүүнийг зургаан жилийн хугацаагаар сонгодог болж, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг мөн зургаан жил болгосноор манай улсын хууль, эрх зүйн орчин, төрийн бодлогын  тогтвортой байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
Тухайлбал, урт хугацааны үйл ажиллагааны үр дүнд өгөөжөө өгдөг уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын төслүүдийн хувьд дөрвөн жил тутамд шинээр сонгогдсон УИХ нь холбогдох хуулиудад нь нэгдмэлт өөрчлөлтүүд оруулж, салбарын Сайд нарын үзэмжээр ажиллаж байгаа нь тухайн салбарын хөгжлийн бодлого, чиглэл төдийгүй, салбарын бизнесийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж, улмаар зогсоход хүргэдэг.
 
Хууль буцаан хэрэглэхгүй байх ойлголт байж болох ч, энэ нь зөвхөн (тусгай) зөвшөөрлөө авсан хуулийн этгээдэд хамааралтай байх талтай. Гэтэл төрийн байгууллагаас зөвшөөрөл авах хүртэл орлон жилийн төлөвлөгөө, хэлэлцээр, тооцоо, судалгаа явагдаж байдгийг бизнесийн бус хүмүүс төдийлөн мэддэггүй. Эдгээр нь өндөр зардалтай байдаг.
 
Ийм байдлаар хууль, эрх зүйн орчин тогтвортой бус байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд том эрсдэл үүсгэж, тэднийг бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох, алдагдал хүлээхэд хүргэдэг. Улмаар хөрөнгө оруулагчдыг Монголоос дайжихад хүргэх, төр, засгийн бодлого, шийдвэр өөрчлөгдсөнөөс гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын арбитрт хандаж, үр дүнд нь улс ихээхэн алдагдал хүлээх зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгодог, болгосоор байна. Түүнчлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа богино байгаа, сонгогдсон гишүүдийн хэт их улс төржилт зэрэг нь Засгийн газрын тогтворгүй байдлын үндэслэл болсоор ирлээ. Монгол Улс сүүлийн 25 жилд нийт 15 Засгийн газрын нүүрийг үзэж байна. Нам эвслийн, улс төрчдийн субъектив ашиг сонирхлоос хамааран засаг солигдох болгонд дагаад төрийн бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөж буюу тасалдаж мөн л тогтворгүй байдлыг бий болгодог нь нууц биш. Иймд, хууль, эрх зүйн тогтвортой орчныг бий болгохын тулд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох, үүнтэй уялдуулан мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг мөн зургаан жил болгох нь төрийн буюу Засгийн газар, түүний бодлогын тогтвортой байдлын баталгаа болж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой хөгжиж, улсын хөгжилд хөшүүрэг болох үндэслэл болох нь дамжиггүй.
 
ГАГЦХҮҮ ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМААС НЭР ДЭВШҮҮЛДГИЙГ БОЛИУЛЖ, УЛСЫН ИХ ХУРЛААС СОНГОДОГ БОЛОХ ТУХАЙД
 
Үндсэн хуулинд “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр , дэвшүүлнэ Ерөнхийлөгчийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ  оролцож ...” сонгохоор тус, тус заасан байдаг.
 
Үндсэн хуулинд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч  мөн.” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай дээрх заалтын улмаас Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох бус харин туүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн намын ашиг сонирхлыг илэрхийлж, түүнд үйлчлэхэд хүргэж байна. Намаас нэр дэвшүүлж сонгогдсон Ерөнхийлөгч нь хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ татгалздаг хэдий ч Ерөнхийлөгчид дэвшүүлсэн намтайгаа байнга холбоотой ажилладаг, намдаа үйлчилдэг гэдгийг бидний өнөөдрийг хүртэлх практик тодорхой харуулсан. Энэ нь Үндсэн хуульд тусгасан “Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэх заалттай ноцтой харшилж байгаа бөгөөд мөн “нам” гэх байгууллага “төр”-ийн дээр байна гэж үзэх үндэслэлүүдийн нэг болж байдаг. Түүнчлэн, энэ удаагийн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдэд иргэдээс гаргаж буй саналын дагуу Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох тухай өөрчлөлт дэмжигдээд, батлагдвал УИХ-д байгаа нам бус гишүүд яах вэ гэдэг асуудал үүснэ. Иймд заавал намаас нэр дэвшүүлдэг байх заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Улс төрийн намаас гадна нам бусчууд, ТББ-уудын зүгээс нэр дэвшүүлэн УИХ-аар өрсөлдүүлэн сонгох тогтолцоог хийж өгч, нам бус хүн Ерөнхийлөгч болох боломжтой болсноор Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэдэг Үндсэн хуулийн заалт бүрэн утгаараа биелэгдэх шинэ нөхцөл бүрдэнэ.
 
Мөн Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүдээс санал хураан сонгодог болох саналыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болсноор ойр, ойрхон болж буй сонгуулиудаас үүдэлтэй байнгын хэт их улс төржилтөөс үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах боломж бүрдэнэ.
 
Сүүлийн жилүүдэд сонгууль, улс төржилтөөс ашиг олдог бизнесүүд бий болж, сонгогчдод хавтгайруулан мөнгө тараах нь улам бүр түгээмэл болж, саналаа худалдах байдлаар амьжиргаагаа залгуулдаг хүн амын тодорхой түвшин, бүлэг бий болсон байна гэхэд буруудахгүй. Иймд иргэдийг энэ хэт их улс төржилтөөс салгаж, холдуулж, сонгуулиас сонгуулийн хооронд xөөрсөн улс төржилтийн байдлыг нь байхгүй болгосноор иргэдийн амьдрал болон улс орны бүтээн байгуулалт тогтвортой хөгжих бололцоотой болно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тоог цөөрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр улсын төсвөөс сонгуульд зориулсан зардлууд хасагдаж, төсвийг бодитоор хэмнэлт ч гарах учиртай.
 
Манай улс парламентын тогтолцооныхоо дагуу энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлийг өөрчлөн тусгасан байна. Тэгвэл үүний адилаар Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш харин УИХ-аас сонгодог болох шаардлагатай.
 
УИХ нь ард түмнээс сонгогдож байгаа бөгөөд улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг болох Ерөнхийлөгчийг ард түмний төлөөлөл болох УИХ сонгоход зарчмын хувьд одоогийн Үндсэн хууль, түүний бүтэц болон парламентын сонгодог тогтолцоонд харшлах зүйл байхгүй. Түүнчлэн уг нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг мөн зургаан жил болгож, эрх хэмжээг тодорхой байдлаар хумьж өгсөнтэй энэ санал нийцэж байгаа бөгөөд энэ нь хэт “хөөрсөн” улс төржилтийг бууруулахад нэмэр болно гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх саналыг оруулж байна.
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, СЭЛГЭН СОНГОДОГ БОЛОХ ТУХАЙ САНАЛ
 
Үндсэн хуулинд “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэж заасан байдаг. Уг зохицуулалтыг илүү боловсронгуй болгохын хажуугаар УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд гишуүдийн тодорхой хувийг, тухайлбал 1/3 хүртэлх хувийг сэлгэн сонгодог болгох нь ач холбогдолтой гэж үзэж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгаа одоогийн нөхцөлд ч гишүүнийг эгүүлэн татах тухай асуудал байнга яригддаг. Тиймд бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгоход энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Иймд хариуцлагагүй ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой заалтыг тусгаж өгөх шаардлагатай. Түүнчлэн, УИХ-ийн нийт гишүүдийн 1/3 хүртэлх хувийг тодорхой үндэслэл, эсхүл санал асуулгыг үндэслэн 3 жил тутамд нөхөн сонгууль явуулах байдлаар эгүүлэн татаж, УИХ-д зохих “сэлгээ” хийж байх нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлж байна.
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ САНАЛ
 
Үндсэн хуулинд “Улсын Их Хурал далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан байдаг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэд хэдэн үндэслэл бий гэж үзэж байна. Үүнд: Цөөн гишүүнтэй учир хууль батлах болон бусад аливаа асуудлаар санал хураахад нам, тэдгээрийн фракцууд УИХ дахь саналыг “багцлах”-д хялбар байдлыг бий болгодог, болгож байна. УИХ-ын ийм явцуу шийдвэр нь улс орон, ард түмний эрх ашгийн төлөө гэхээсээ илүүтэй нам эвсэл, улс төрийн фракц, ашиг сонирхлын бүлгийн талд гарах нь түгээмэл байна.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүдийг “сэлгэн сонгодог” болох болон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тогтолцоо боловсронгуй болгох саналууд дэмжигдсэн тохиолдолд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг нь байнгын, тогтмол, хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангах үүднээс УИХ-ын гишүүдийн тоог зохих хэмжээнд нэмэгдүүлэх нь зүйтэй санагдана. Иймд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн эрхэм зорилгод УИХ-ын үйл ажиллагааг нийцүүлэх, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулах үндсийг бүрдүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог 99 гишүүн хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг хүргүүлж байна. Эдгээр саналууд нь Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх зарчмаар ажиллаж буй ажлын хэсгийн зарчимтай нийцнэ гэж үзэж байна.
 
 
ЭРХ ЗҮЙЧ Б.МЯГМАРДОРЖ 2019 оны 7-р сарын 5