sonin.mn
Нийгмийн гэгээрлийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.
 
Сайхан өвөлжиж байна уу? Таныг шинэ холбоо байгуулсан гэж дууллаа?
 
-Биднийг бөхийн ертөнцөд олон жил ажилласан болохоор “Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан” гэж олон нийт ярьдаг. 2018 оны 3 сарын 28-нд болсон МҮБөхийн Холбооны наймдугаар “Их эе” хурлаар холбооны тэргүүнд өрсөлдөхгүй гээд нэрээ татсан. Улмаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ холбооны тэргүүнээр сонгогдсон. Ийм учраас бид хоёр 4-р сарын 4-нд тамга тэмдгээ хүлээлгэж өгөөд, бөхийн амьдралаас гарсан.
 
 
МҮБХ-ы үүрэгт ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа 2006 онд эх суурь нь тавигдсан “Нийгмийн гэгээрлийн сан”-гаа “Нийгмийн гэгээрлийн холбоо” болгон өргөжүүлж, би тэргүүнээр нь, Д.Данзан дэд тэргүүнээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл “Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан” биш “Нийгмийн гэгээрлийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан"  болоод явж байна. 
 
 
-Нийгмийн гэгээрлийн холбооны зорилго юу вэ?
 
-Бид холбооныхоо зорилгыг “Хүнд зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл төрүүлэх явдал” гэж тодорхойлсон. Юуны өмнө Монголын иргэд, ирээдүй хойч үеийнхэнд Монголоо дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлнэ. Ардчилсан нийгэмд шилжснээр манай улсад урьд байгаагүй шинэ үзэгдлүүд гарч ирлээ. Жишээлбэл: Залуучуудад Монголоо дорд үзэх үзэл санаа ажиглагдаж байгаа нь нууц биш. Өсвөр үе, залуусын сэтгэхүйд үндэсний үзлийг нутагшуулах нь Монгол улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхийд хадгалж байгаа орон бол Монгол.Монгол бол дэлхийд дээдлэгдэх ёстой орон. Монгол хүний оюуны чадавхи дэлхийд шүтэгдэж байна. Сүүлийн жилүүдэд оюуны спорт , урлагийн салбарт Монгол хүн тодорч байна. Мөн эрдэм, оюун ухааны талбарт дэлхийд танигдаад эхэлчихлээ. Тиймээс Монгол улсаа, Монгол хүнийг дээдлэх үзлээр өнөөдрийн залуус хүмүүжих ёстой.
Түүнчлэн эх орондоо туслах сэтгэлгээг хүн бүрт бий болгох зорилтыг дэвшүүлж байгаа.
Учир нь Монголчууд зах зээлийн шилжилтийн үед нэг дутагдалтай болсон нь төр засгийн гарыг хардаг, халамжийн сэтгэлгээтэй болчихсон. Монгол орныг онож төрснийхөө хариуд эргээд улсдаа тус болох ёстой. Тиймээс Монголдоо туслах сэтгэлгээг хүн бүрт бий болгоё. Монголдоо яаж туслах юм бэ? гэхээр хүн болгонд хамаарах гурван зүйл байна. Үүнд:
Нэгдүгээрт төрсөн газар, хоёрдугаарт өссөн газар, гуравдугаарт төгссөн сургууль орно.
Жишээлбэл: Баян-Өлгий аймгийн нэг суманд төрөөд Улаанбаатарт өссөн байж болно. Баян-Өлгийдөө төрж, өссөн байж болно. Иргэн бүрт энэхүү гурван зүйлд тус болдог сэтгэлгээг багаас нь суулгах хэрэгтэй. Энэхүү гурван зүйлд тус болсноор эх орондоо хүн болж төрснийхөө хэргийг гаргана. Түүнээс бус өнөөдрийнх шиг, “Миний амьдрал болохгүй байна”, “Надад өг” эсвэл “Монгол улсад алт байна, тэрийг би ухна”, “Ашигт малтмал байна, түүнийг би авна” гэсэн сэтгэлгээг өөрчлөөд, олсноосоо олонд хүртээдэг, хүн болгон хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээс үл хамаараад эх орондоо тус болдог сэтгэлгээг төлөвшүүлье гэж байгаа юм.
 
 
Хүн, хүндээ туслах хүн чанар, сэтгэлийн боловсрол Монгол хүн бүрт байсан. Үүнийг сургуулиар олгодоггүй. Бид үндэстнийхээ хувьд, хүн, хүндээ тусалдгаараа дэлхийн бусад үндэстнээс ялгардаг. Жишээлбэл: Нүүдэлчин амьдралтай холбоотойгоор, нүүдэл хийж буй айлын өөдөөс цай бариад очдог, хүний хүүхдийг ялгахгүйгээр загнаж, хүмүүжүүлдэг, хүн, хүндээ элгэмсэг ханддаг сэтгэлийн боловсролтой байсан. Үүнийгээ хадгалж үлдэх ёстой гэдэг үзэл онолыг Нийгмийн гэгээрлийн холбоо гол ажлаа болгоно.  
 
 
Хүн бүрт зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийг төрүүлж, хэрэгжүүлж сайн, сайхан амьдралд хөтлөх ийм зорилгоор ажиллаж байгаа байгууллага юм.
 
-Нийгмийн гэгээрлийн холбоо зорилгодоо хүрэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
 
-Нилээн өргөн далайцтай ажиллаж байна.
Нэгдүгээрт, Телевизийн нэвтрүүлэг хийж байна. ТВ9 телевизээр гарч буй “Эрдэмт хүн улсын баялаг” нэвтрүүлэг. 2019 онд арван зургаан академич оролцсон хоринхоёр дугаар цацагдсан. Энэ онд үргэлжлээд арван хоёр эрдэмтэн оролцсон нэвтрүүлэг цацагдаад явж байна. Нэвтрүүлгээрээ оюун санааны хөгжил нь тодорхой түвшинд гарсан хүмүүсээс яаж эрдэмтэн болдог юм, яаж номтой хүн болдог юм гэж асуухаас илүүтэй, тэдгээр академич, эрдэмтэд хүний амьдралын чухал асуудлуудыг юу гэж үздэг юм бэ? гэдгийг яриулж, олон түмэнд хүргэдэг. 
Тухайлбал: Хүн бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? гэдэг асуудал байна. Үүнд Академич Д.Рэгдэл, Д.Цэрэнсодном гээд дэлхийд нэртэй эрдэмтэд, энэ асуултанд хэрхэн хариулсныг ард түмэнд дамжуулж байгаа юм. Тэр хүмүүсийн хариулт, нийгмийн гэгээрэл болж, ард түмний оюун санаанд  үр өгөөжөө өгөх учиртай юм. 
Хоёрдугаарт: ТВ5 телевизээр “Үгийг тань сонсоё” нэвтрүүлэг хийж байна. Нэвтрүүлэгтээ ардын болон гавьяат цолтой, өндөр үнэлгээтэй, олон жил сурган хүмүүжүүлэх ажил хийсэн багш нарыг урьж, шавьд ямар зан чанарыг эзэмшүүлбэл зөв хүн болох вэ, багш нар ямар шинж чанартай байвал хүнийг зөв хүмүүжүүлэх вэ, эцэг эх, гэр бүл ямар байвал хүүхэд зөв хүмүүжих вэ гэх мэт асуултуудад хариулт авч, олон түмэнд түгээж байна. 
 
Мөн өөрсдийн хөрөнгө оруулалт, зохион байгуулалтаараа сумаа хөгжүүлж буй зургаан суманд  “Эх орондоо туслая” сэдвээр нэвтрүүлэг хийсэн. Жишээ нь: Тухайн суманд, сард тавин мянган төгрөг хандивладаг, зуун хүн байхад тав, зургаан жилийн дотор зургаан зуун сая төгрөгний хөрөнгөтэй болох хөтөлбөр зохиосон. Энэ туршлагыг Монголын гурван зуун жаран таван суманд хэрэгжүүлэх боломжтой. 
 
Энэ хөтөлбөрөө нэвтрүүлгээрээ цацсан. Монгол гурван зуу гаруй сум, хорин нэгэн аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдэд хуваагдаж байна. Жишээлбэл: Хот газар “Дөчин мянгат”-ын хүүхэд, "Хайлааст"-ын хүүхэд гэж ярьдаг чинь нутгийн харьяалал. 
Дунд сургууль төгсөөгүй хүн гэж байхгүй. Ардын хувьсгал ялсны дараагаас Монгол орон эх орныхо иргэн бүрийг сургах болсон. ТВ5 телевизээр “Ойлголт зөв бол үйлдэл зөв” нэвтрүүлэг гарч байгаа. Ямар нэгэн зүйлийг хүн буруу ойлгосноосоо болж л буруу үйлдэл хийгээд байдаг.
Жишээ нь: Чингис хааныг социализмын үед харгис, хамгийн муу муухай, алан хядагч гэж ойлгуулсан учраас Чингис хааны тухай шүлэг бичсэн Д.Пүрэвдоржийг шийтгэсэн. Ардчилсан хувьсгалын дараагаас л Чингис хаан зөвхөн байлдан дагуулагч бус, дэлхийг эмхэлсэн, дэлхийн хоёр зуун жилийн түүхийг бүтээсэн хүн гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Ингээд архи хүртэл Чингис гэж нэрлэгдэх болсон. Ямар ойлголттойгоос хамаараад хийж буй үйлдлүүд нь зөв, буруу болоод байна шүү дээ. Чингис хаан бол муу хүн гэх юм бол бид нар түүний мууг тодруулна. Сайн хүн байсан гэвэл сайныг нь тодруулна. Ийм зүйл амьдралд олон бий. Эцэг эхийн ачлалыг буруу ойлгосон хүн эцэг эхээ үнэлж, хайр халамжийг үзүүлж, ачийг нь хариулж чадахгүй. Харин ачлал гэж ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулж, эцэг эхээ хайрладаг сайхан уламжлалыг авч үлдэх ёстой гэх мэт олон асуудлыг зөвөөр ойлгуулах зорилготой нэвтрүүлэг хийж байна.
 
 
Мөн ухаарлын номууд бичиж байна. Жишээлбэл: Амьдралыг ухаарсан хүмүүсийн сургаалийг залуу үедээ хүргэх зорилготой “Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг”, “Хэрэв та аав бол”номууд, ”Зөв амьдрах уу зөрж амьдрах уу”, “Жаргал холоос  ирдэг үү” лекцуудыг хэвлэж гаргасан. Зөв үзэл, зөв бодол төрүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний сургалтууд, ухаарахуйн тоглолтууд зохион байгуулж байна. Жишээлбэл: “Ханьдаа” гэдэг тоглолт зохион байгуулсан. Энэ тоглолтоор хань гэж ямар чухал юм бэ, хань гэдгийг яаж ойлгож, яаж ханиа хүндэлж, харьцаж, яаж амьдралыг бий болгох ёстой юм бэ гэдгийг залуучуудад ухааруулахыг зорьсон.
-Нийгмийн гэгээрлийн холбоо амьдралын арвин туршлагатай эрдэмтэн, багш нарын сургаалиар залуу үеийг гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна?
 
-Тийм ээ. Хүний түүх бол нэг үе улиран одож дараа үе залгахдаа, өнгөрч буй үеийнхээ дэвшилттэй зүйлүүдийг аваад явдаг учраас хүн төрөлхтөн оршин тогтносоор байдаг. Ерөөс ахмад хүний үг, сургаал гэдэг бол чухал зүйл. Заавал жар, дал, ная насалсан хүнийг хэлээд байгаа юм биш. Жишээ нь: Ц.Лоохууз бид хоёр нэг нутаг. Хуучны хүмүүс сайн мэднэ дээ, социализмын үзэл онолыг их шүүмжилж байсан хүн. Тэр хүний ярилцлага дунд байдаг л даа. Ц.Лоохууз гуай: “Манай аав, чи өөрөөсөө хоёроос гурван насаар ах хүнтэй найзалж байгаарай. Яагаад гэвэл, чиний хоёроос гурван жилийн дараа хийх алдааг тэр хүн хоёр, гурван жилийн өмнө үзсэн болхоор чамд түшиг болно. Гучин настай хүн хорин настай хүнээс арван жилийн өмнө тэр хорин настай хүний туулах арван жилийг туулаад өнгөрсөн учраас хорин настай хүнд хэлэхэд ахмад үе л болно. Ингээд амьдралыг хэдий чинээ үзэх тусам хүн хашир сууна. Хашир сууна гэдэг нэг талаасаа ухаан сууна гэсэн үг. Тэр ухаанаа өвлүүлдэг зарчмаар явж байгаа юм.
 
-Холбоо гишүүнчлэлтэй юу?
 
Холбоонд гишүүн элсүүлэхгүй. Нийгмийн гэгээрлийн ажил бол цөөн хэдэн хүний хийх ажил биш, хүн бүрийн оролцоотой бүтэх ажил юм. Нийгмийн гэгээрэлтэй холбоогүй хүн гэж байхгүй. Жишээлбэл: Хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа эцэг эх бол гэгээрлийн ажилтан гэсэн үг. Тийм учраас нийгэмд нэр хүндтэй хүмүүсийн олж мэдсэн эрдэм мэдлэг, зааж сургадаг арга ухааныг эцэг эхчүүдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Академичтэй ярилцлага хийнэ гэдэг бол нийгмийг гэгээрүүлэх нэг төрлийн ажил. Нийгмийн гэгээрлийн гол тулгуур бол багш нар. Багш бол сурган хүмүүжүүлэгч гэж Монголчууд ярьдаг. Тэгэхээр хүнийг сурган хүмүүжүүлхийн язгуур үүрэг нь соён гэгээрүүлэх юм. Шинэ хувьсгалын дараа Монголын багш нарын гүйцэтгэсэн үүрэг үнэлэшгүй их байсан. Тэр тухай Ш.Сүрэнжав гуай “Багш” гэдэг найраглал бичсэн. Өнөөдөр ч гэсэн Монголын нийгмийн гэгээрэлд багш нарын гүйцэтгэж буй үүрэг маш их байна. Бид Улаанбаатарт байгаа төрийн өмчийн 140, хувийн өмчийн 70 гаруй, нийт 200 орчим Ерөнхий боловсролын сургуульд лекц уншиж, нийгмийн гэгээрлийн ажилд багш нарыг оролцуулан хамтарч ажилласан.
 
-Багш нарын тухай ярьсных нэг зүйлийг тодруулъя. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг. Хүний суурь хүмүүжил сургуулийн өмнөх насны боловсролтой их хамаатай гэж яриад байгаа. Цэцэрлэгийн багш нарыг онцолж яръя?
 
-Хүн төлөвшихөд гурван зүйл нөлөөлдөг. Үүнд нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт хүмүүжил, гуравдугаарт орчин ордог.
Удамшил мэдээж эцэг эх ямар хүн байхаас хамаарна.
Орчныг байгалийн, нийгмийн гэж хоёр ангилдаг.
Нийгмийн орчин дотор гэр бүл, сургууль, цэцэрлэг ордог.
Орчин хүүхдэд маш их нөлөө үзүүлдэг. Эцэг эх нь худлаа хэлдэг, хууль бус аргаар амьдардаг бол хүүхэд яг тэгж хүмүүжнэ. Хүн хүмүүжлийнхээ 60-70%-ийг 5-н насандаа олж авдаг. Тийм учраас эцэг эхчүүд маш хариуцлагатай байх ёстой. Эцэг эхчүүд өөрсдөө сайнаар үлгэрлэж байж хүүхдээ хүмүүжилтэй болгоно. Цэцэрлэгийн багш бол ангийнхаа хүүхдүүдтэй эцэг эхийнх түвшинд харицдаг хүн л дээ. Тийм учраас маш их хариуцлага үүрдэг. Үүнийг манай багш нар ойлгодог. Тэр ажилдаа сэтгэл гаргах, санаа зовхооргүй ажлаа хийх боломжийг төр засаг анхаарах ёстой. Тийм учраас дэлхийн хөгжсөн оронд бага ангийн болон цэцэрлэгийн багш хамгийн өндөр цалинтай байдаг. Энэ жишгээр явж байж манай нийгэм хөгжинө.  
 
-Нийгмийг гэгээрүүлэх ажилд төр засгийн гүйцэтгэх үүрэг чамгүй байх болов уу. Манай улс Боловсролын яамтай шүү дээ. Та бүхний ажилд төр засгийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж байна?
 
-Нийгмийн гэгээрлийн ажилд хүн бүр оролцох ёстой гэдэг зарчмаар бид явж байна. Ямар нэгэн үнэ төлбөр авахгүй явуулна. Нэвтрүүлгийг хийхдээ тодорхой хүмүүст хандаад явж байгаа. Төр засгийн зүгээс анхаарах ёстой.
 
Биднийг баярлуулсан нэг зүйл байгаа. 2018 оны 11 сард анхны нэвтрүүлгээ явуулсан. Сая 2019 оны 10 сард Эрдэм шинжилгээний ажилтаны анхдугаар их хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар хийгдлээ. Манай академичид, Монгол улсын хөгжлийн 80-90% нь шинжлэх ухаан дээр тулгуурлана гэж ярьж байна. Эрдэмтдийнхээ үзэл санаан дээр Засгийн газар дүгнэлт хийсэн.
 
 
Монголд шинжлэх ухааны академийн ажилтнуудын анхдугаар их хурал хийлээ. Нэвтрүүлгийн нэг жилийн ой дээр, тэр их хурлаас 8 заалттай баримт бичиг гарсан. Тэр баримт бичигт нийгмийн гэгээрлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүгээр Засгийн газар, төр засгийн анхааралд орж байна гэсэн үг. У.Хүрэлсүх сайд хэлсэн үгэндээ аймаг, сумын дарга, удирдах хүмүүст, ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хийе гэж уриалж байна. Энэ бол төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн анхааралд нийгмийг гэгээрүүлэх ажил маань хүрсэн байна, дэмжлэг үзүүлэх юм байна гэж бид үзэж байгаа. Өнөөдөр төр засгаас санхүүжилт аваад хийж байгаа ажил бол байхгүй, бид өөрсдийнхөө боломжоор хийж байгаа юм.
 
-За баярлалаа. Нийгмийг соён гэгээрүүлэх ажилд тань амжилт хүсье
 
-Баярлалаа. Нийгмийн гэгээрлийн ажил бол цөөн хэдэн хүний хийх зүйл биш. Хүн болгоны оролцоотой ажил. Ядаж муухай үг хэлдэггүй, гудамжинд шүлсээ хаядаггүй, жолооч нар бие биендээ зам тавиад өгчихдөг, залуу эмэгтэйчүүд, нийт эмэгтэйчүүд тамхи татдаггүй, муу үг хэлдэггүй, цус нөж, алаан хядаантай зүйлийг бага сонирхдог, өөрт байгаа боломжийн хэрээр нийгмийг гэгээрүүлэхэд оролцдог байх хэрэгтэй. Нийгмийн гэгээрлийн ажил бол нийт хүн амын ажил. Бүгдээрээ хойч ирээдүйдээ сайхан нийгмийг бүтээж, үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулъя гэж хүсэж байна даа.
 
Ярилцсан :  Сэтгүүлч Ч.Явуухүү