sonin.mn
Өнгөрсөн жилийн өдийд Электорат хөдөлгөөний анхдугаар чуулган чуулж, хөдөлгөөнөө зарлаж гишүүдээ танилцуулсан. Түүнээс хойш Монголын нийгэмд ямар нэгэн хэмжээнд танил болж, үйл ажиллагаа нь сонирхол татаж байна. Энэ тухай сэдэв хөндөж тус хөдөлгөөний гишүүн бөгөөд ажлын албаных нь гишүүн судлаач-профессор, нийтлэлч Д.Баярхүүтэй sonin.mn сайтын сэтгүүлч ярилцлаа.
 
- Электорат хөдөлгөөнөөр сонин ихтэй юу? Хөдөлгөөн маань хэр танигдаж байна?
 
Манай хөдөлгөөн үүсэн байгуулагдаад жил хоёр сарын нүүр үзэж байна. Олон нийтийн үүсгэл санаачилгын, төрийн бус, ашгийн бус, сайн дурын клуб маягийн хөдөлгөөн шүү дээ. Зорилго нь ч тодорхой. “Зөв хүнийг дэмжье!” гэсэн байгаа. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар зөв шударга, нэр цэвэр,  хиртэйгүй, бохир ороогүй залуу улс төрчдийг дэмжиж гаргаж ирье, Монголын улс төрд цоо шинэ уур амьсгал оруулъя, улс төрийг авилагжсан улс төрчид-олигархиудаас чөлөөлье, үүний төлөө сонгогчдоо гэгээрүүлье, идэр залуу үеийнхнийг сонгуульд татан оролцуулъя, зөв сонголтыг нь чөлөөтэй хийлгэе гэсэн чин санаа зорилго бүхий эрх чөлөөт иргэдийн сайн дурын байгууллага гээд ойлгочихож болно. Тэр утгаараа Монголын нийгэмд танигдаж байна. Иргэд их сонирхож байна. Улс төрийн зарим хүчнүүд биднийг дэмжиж, хамтран ажиллая гэж байна. 
 
- “Электорат” гэсэн нэр хэр танил болж байгаа вэ, хүмүүст?
 
Үгээр хөөцөлдөх шаардлага бараг байхгүй дээ. Өнөө цагийн Монголчууд ойлгодог болсон. “Төлөөлөн сонгогч”, “сонгогч” гэсэн утгыг илэрхийлэх үг шүү дээ. Сонгуульд зориулагдсан олон нийтийн байгууллага юм байна гэдгийг монголчууд мэддэг болсон.
 
 
 
Гадаад үгээр нэрлэгдсэн хөдөлгөөн мөн боловч монголчуудын дасаагүй чихэнд хэдийнээ дасал болсон гэж үзэж болно. Өнгөрч буй гахай жилд Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх онцлох 10 үйл явдлын дотор лав манай хөдөлгөөн бичигдэж таарна гэж бид үзэж байгаа.  
 
 
 
- Та бүхэн ямар ажил хийж өрнүүлж байна вэ?
 
Хийсэн ажил гэвэл чамгүй. Чуулганаа 2019 онд дөрвөн удаа зохион байгууллаа. Хот аймгуудад олон түмний саналын тандалт судалгаа 5 удаа хийлээ. Үр дүнг нь чуулган дээрээ гишүүддээ танилцууллаа. Санал дүгнэлтийг нь авч байна. Олон талаас нь нарийвчлан хэлэлцэж байна. Монголын нийгэм-улс төр, эдийн засаг, олон нийтийн санаа бодлын тухай илтгэлүүд чуулганаараа хэлэлцсэн. Чуулганы хооронд ажиллах хороодыг байгуулсан. Хороогоороо дамжуулан гишүүдтэйгээ ажиллаж байна. Энэ нь мэргэжил мэргэжлээрээ эвлэлдсэн гишүүдийн 6 хороо. Хууль эрх зүйн, санхүү-эдийн засгийн, үндэсний аюулгүй байдлын, эрүүл мэнд-нийгмийн бодлого спортын, боловсрол-соёл, шинжлэх ухааны, хөгжлийн бодлогын хороо гэж зохион байгууллаа. Байнгын хороотой төстэй. Миний ажилладаг хороо бол Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуайн толгойлдог Үндэсний аюулгүй байдлын хороо. Бид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших, ялах магадлал бүхий хүмүүсийг тодруулахаар нийгэм, соёл, олон нийтийн танил олон зуун эрхмүүдэд хандаж саналыг нь түүвэрлэн авч 2000 хүний нэр цуглуулаад түүнээсээ хэд хэдэн удаа шилэлт хийж хороодоороо шүүн хэлэлцээд 100 гаруй хүний нэрс тодруулсан байгаа. Соён гэгээрүүлэх чиглэлээр ч Электорат чамгүй ажиллаж байна. “Электорат цаг” гээд телевизийн нэвтрүүлэгтэй болсон. World TВ сувгаар нэвтэрч байна. Сошиал дээр Live ТВ гээд хайвал байж байгаа. Ярилцлагуудтай эргээд танилцаж болно. Мөн хэвлэлүүдэд сурталчилгааны олон нийтлэл, ярилцлага, танилцуулга гаргаж байна. Ажлын хэсгийн хуралдаан 7 хоног бүр болж, хөдөлгөөнийхөө ажлыг ярилцдаг гэхчлэн яривал зөндөө ажил бий. 
 
 
- Электорат хөдөлгөөний гишүүдийн бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт орсон харагдана. Ноднин өдийд хэвлэл сайтуудад тавьж байсан зургийн цомог, энэ удаа нийтлүүлж байгаа зургийн цомогт зарим нэг хүмүүс солигджээ.
 
Тэр тийм. Манай гишүүдээс зарим нь чөлөөлөгдөж, зарим нэг шинэ хүмүүс орж ирсэн. Зөв хүнээ дэмжинэ, өөрсдөө дэвшихгүй гэсэн уриа тунхагтай гарч ирсэн учраас энэ жил УИХ-д өөрийгөө сойж байгаа зарим нэг гишүүдээ чөлөөлж, оронд нь шинэ гишүүнээр эгнээгээ бэхжүүлсэн. Манай хөдөлгөөн бол Монголын нийгэмд танигдсан, салбар салбартаа алдаршсан, нэртэй төртэй, олны танил эрхмүүдээс анх байгуулагдсан. Тэр хэвээрээ л байгаа.
 
 
 
Электорат хөдөлгөөний бүрэлдэхүүнд Улсын баатар нэг, Хөдөлмөрийн баатар дөрөв, Чингис хаан одонт гурав, Төрийн шагналт 9, Ардын цолтон 6, Гавьяат цолтон 27, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд 6, Тод манлай уяач нэг, зэвсэгт хүчний генерал хоёр байгааг уншигчид анзаарсан байх. Гишүүдийн бүрэлдэхүүнд цаашид өөрчлөлт орлоо гэхэд ийм зиндааны, нийгмийн шилдгүүдээс л нөхөгдөнө гэж ойлгочиход болно. 
 
 
 
- Танай хөдөлгөөн саяхан МСДН, ХҮН намын эвслийг дэмжлээ гэж ойлгосон, энэ зураг дээр ч харагдаж байна. Энэ тухайд? 
 
Зөв хүнээ дэмжих Электорат хөдөлгөөн улс төрийн хоёр намын эвслийг дэмжих шийдвэр олуулаа хэлэлцэж байгаад гаргасан. Нэгэнт халдварт өвчний хориотой байгаа тул бид чуулганаа хийлгүй, хороодынхоо хурлуудыг хийж, нэг бүрчлэн нарийвчлан хэлэлцэж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Монголын Социал Демократ Нам (МСДН), Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) эвсэл болон оролцохоор болсонд нь баяр хүргэж, тэдний хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Энэ хоёр нам хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байгаа. Бидэнтэй хамтран ажилладаг “Уухай” гэдэг хөдөлгөөний тухай уншигчид мэддэг болсон доо. Залуучуудын үүсгэл санаачилгын нэг байгууллага байгаа. Энэчлэн бидэнтэй хамтран ажиллая гэсэн бүхэнд манай хөдөлгөөн нээлттэй.
 
 
- Ярилцлага өгсөнд баярлалаа.