ТАТВАР ГЭЖ ЮУ ВЭ?
 
Татвар бол нийгэм, эдийн засгийн хувьд олон ач холбогдолтой. Хамгийн гол нь баялагийн тэгш хуваарилалт гэж үздэг. Хүний ухамсарын түвшин дээшлэх тусам нийгэмд оруулах хувь нэмэр, иргэн хүний үүрэг хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдаж эхэлдэг. Зарим хүн татварыг улс, эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт  гэдэг бол нөгөө хэсэг нь ачаа дарамт, ойлгоход төвөгтэй систем, эсвэл ерөөсөө л нягтлангуудын л мэдэх зүйл гэж ойлгож ирсэн нь нууц биш. Үнэндээ бид татварын тухай тун тааруухан ойлголттой гээд дүгнэчихэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз.
 
 
 
Татвар нь эртний Грекийн “Gift” гэсэн үгнээс гаралтай бөгөөд анх өргөл барьц гэсэн агуулгыг илэрхийлсэн хэрэг. Түүхийн явцад энэ нь төрд зайлшгүй төлөх татвар болсон бөгөөд орчин үед татвар төлөгчид өөрөө татвараа тодорхойлон төлөх зарчим үйлчилж байна. Хамгийн энгийнээр татвар нь татвар төлөгчдийн орлогын зохих хэсгийг төрийн мэдэлд төвлөрүүлэх явцад төр болон татвар төлөгчдийн хооронд үүсч байгаа мөнгөн харилцаа юм. 
 
 
 
Монгол Улсад татварын анхны суурь ойлголт бүр эрт үед буюу хаад ноёд алба, гувчуур авах үеэс улбаатай. Харин өдгөө олон улсын татварын системтэй хөл нийлүүлж, боловсронгуй болохын төлөө өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Шинэчлэлт нь орчин үеийн мэдээлэл технологийн цоо шинэ шийдэл, өгөгдөл дээр суурилж байгаа нь бүр ч олзуурхууштай. Технологийн цаана баталгаатай, нээлттэй ил тод гэсэн ойлголт явдаг учраас иргэдийн татварт хандах хандлага ч эерэг болж байна.
 
Тухайлбал Монголчуудад татвар төлөхийн ач холбогдлын талаарх ойлголтыг шинэчилсэн алхам бол НӨАТ-ын урамшууллын систем юм. Судалгаанаас үзэхэд, Ибаримт аппликейшн ашигласан буцаан олголтын анхны жил буюу 2017 онд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн нийт 2017 онд 35 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт авсан байдаг. Тэгвэл Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцооллоор өнгөрөгч оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод буй. Үр дүнд нь арайхийн бүрддэг байсан татварын орлого даван биелдэг болсон. Энэ гурван жилийн хугацаанд эдийн засаг 3 дахин өсөөгүй. Ердөө л иргэдийн НӨАТ-ын системд хандах хандлагын л үр дүн байв. 
 
 
 
ТА ОЛСОН ТӨГРӨГ ТУТМЫНХАА ГУРАВНЫ НЭГ ОРЧИМ ХУВИЙГ ТАТВАРТ ЗАРЦУУЛДАГ ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ
 
Энэ бол бодит тооцоо. Гэвч амьдрал дээр бид үүнийг анзаардаггүй учраас татвар гэхээр өөрсдөөсөө холдуулж, ААН-д хамаарах зүйл мэтээр ойлгох гээд байдаг талтай. Яг үнэндээ бид өдөр тутамдаа л татвар төлж явдаг. Сарын өмнө таны дансанд орсон НӨАТ-ын буцаан олголт ч бас иргэн таны төлсөн татварын нэг хэсэг билээ. 
 
Гэртээ авсан гоёмсог тавилга, хажуугийн дэлгүүрээс өглөөхөн худалдан авсан талх, шинэхэн цөцгий, өөртөө худалдан авсан хувцасны үнээр дамжуулан бид татварыг төлж байдаг хэрэг. Мөн та аль нэгэн компанид гэрээгээр ажил гүйцэтгэхэд суутгуулах 10 хувь, авто машины болон хадгаламжийн татвар гээд нийт 13 төрлийн татвар төлж буй. Гадаад паспорт захиалахдаа хүртэл та тэмдэгтийн хураамжийн 5000 төгрөг төлснөөр татвараа төлж байдаг. Улс авах юмаа ч авч байгаа гэж та боддог уу. Тэгвэл хувь хүний төлсөн эдгээр татварын мөнгө төсөвт төвлөрснөөр, хүн амын боловсрол, эрүүл мэнд,  нийгмийн хэв журмыг сахиулах зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл татвар эргээд иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг гэсэн үг. Иймээс барууны орнуудад хувийн санхүүгийн төлөвлөлтийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь татварын төлөвлөлт болдог. Татвараа төлөх нь иргэний нэр төрийн хэрэг гэсэн ойлголт төлөвшсөн, үүнийгээ дагаад нийгмийн хөгжил нь хурдтайгаар урагшлах түлхүүр нь болжээ. Мэдээж төлсөн татвараа үнэнч шударгаар мэдүүлснээр цаана эдлэх хөнгөлөлт чөлөөлөлтийг зохицуулалт, журам түлхүүр болдог нь гарцаагүй. 
 
 
ТАТВАРЫН “ЦЭНХЭР ДЭВТЭР”-ИЙН ҮҮРГИЙГ ИБАРИМТ ГҮЙЦЭТГЭНЭ
 
Энэ оноос хэрэгжиж буй татварын хялбаршуулсан горим гэхэд иргэдэд татварт хандах хандлагаа өөрчлөхөд цоо шинэ шийдлийг багтаажээ. Ингэхдээ Ибаримт аппликейшн дээр суурилж ХХОАТ-ыг маш энгийн, ойлгомжтой шийдэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн цэнхэр дэвтэр халаагаа өгч иргэн бүр татвар төлөгчийн дугаар буюу TIN ID-тэй болох цаг ойртжээ.
 
 
 
Ибаримт аппликейшн нийгмийн даатгалын дэвтрээс илүү таныг санхүүгийн хувьд тодорхойлох цахим дэвтэр болох цаг ойртсон гэсэн үг. Давуу тал нь татварын албанд ирэхгүйгээр татварын үйлчилгээг цахимаар авах, өөрийн төлсөн татварын мэдээллээ бүрэн харах, хянах боломжтой болох юм. Ингэснээр татвар төлөгчийн цэнхэр дэвтэр хөтлөх шаардлагагүй болж иргэн и баримт апп-аар өөрийн кодоор нэвтэрч татвартай холбоотой бүх мэдээллээ харах боломж бүрдэнэ. 
 
 
 
Цаашид арилжааны банкууд ч энэхүү мэдээлэл дээр суурилж зээл олгож эхлэх бүрэн боломж харагдаж байна. Хэдийгээр НДШ төлдөггүй ч орлоготой иргэдийн хувьд энэ нь цоо шинэ боломж юм. Ингэхийн тулд иргэн та Ибаримт аппликейшнаар дамжуулаад “Би ийм орлого олсон, тийм зарлага хийсэн” гэдгээ л тайлагнаж бүртгээд явах юм. 
 
Тайлагнахад танд нягтлан эсвэл санхүүгийн мэдлэг хэрэг болохгүй. Ерөөсөө л Ибаримт аппликейшн ашиглаад л тайлан гаргачихна гэсэн үг. Энэ бол зарлагаа НӨАТ-ын баримтаараа баталгуулж буй шинэ алхам юм. Та тайландаа тусгах баримтаа тухайн газар хэвлэхээс өмнө байгууллагын хооронд гээд өөрийнхөө регистрийн дугаараа хэлээд авчихдаг болсон байна. Ингэж Ибаримтын бүртгэлээх зардлаа тайлагнах систем өмнө нь байгаагүй учраас иргэд татвараас жийрхдэг байж, дээр нь нягтлан ажиллуулах зардал ч нэрмээс болж иржээ. 
 
Энэхүү шийдлийн ачаар иргэн бүр регистрийн дугаараар татвар төлөгч болж бүртгэгдсэн гэсэн үг. Үүний цаана өмнө нь хувь хүнээс баримт авч чаддаггүй асуудал цэгцэндээ орж байгаа юм. Нөгөө талд таны хийсэн ажил үйлчилгээний 10 хувийн татвар орж байгаа эсэхийг иргэн та Ибаримт аппликейшнаар хянах боломжтой гэдгээрээ давуу талтай. Та яг одоо өөрийн төлсөн татварын цахим мэдээллийг харахыг хүсвэл Ибаримт аппликейшнаараа орж иргэний үнэмлэхийнхээ QR кодыг уншуулаарай. Таны төлсөн төлсөн татварууд жирийтэл гараад ирнэ. Монгол Улсад энэхүү өгөгдөл байдаг ч анх удаа иргэндээ нээлттэй болгож байгаа нь энэ юм. Иргэн та үйл ажиллагааны орлого зардлаа бүртгүүлснээр төлбөрийн баримтаар баталгаажуулснаар 10 хувийг авах ёстой гээд суутгадаг ч зувчуулчихдаг ААН-д орон зай үлдэхгүй, далд эдийн засгийг хумихад өөрийн үүргээ гүйцэтгэх юм.  
 
ХХОАТ нь хувь хүний хөдөлмөр эрхлэх, хөрөнгө түрээслүүлэх, хөрөнгө борлуулах зэрэг бүхий л орлогод ногдох албан татвар юм. 
 
Зарим хүмүүс “За тэр ХХОАТ-ын 10 хувь хаашаа орох нь надад падгүй ээ” гэж бодож болох юм. Гэтэл иймэрхүү хайнгадуухан хандлагаасаа татварын хөнгөлөлт чөлөөлөлт хамрагдах боломжоо алддаг байна. Энэ жилээс гэхэд амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, байшин барьсан иргэд 6,0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Мөн хүүхдийн их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын төлбөрийн,  Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчийн хувьд 50, 90 хувийн орлогын албан татварыг хөнгөлөлтүүд гээд хүнд хэрэг болохуйц хөнгөлөлтүүд бий. Гэхдээ ХХОАТ-аа баталгаажуулдаггүй хүмүүст хамааралгүй гэсэн үг. Баталгаажуулах гэхээр татвар авна гэж бүү ойлгоорой.  Энэ бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхийн тулд иргэнээс тусгайлан авах мөнгө биш. Хүмүүс өөрөө л анзаардаггүй болохоос санхүүгийн харилцаанд орох болгондоо ААН-д, хувь хүнд татвараа төлөөд явдаг орлого, зарлагаа ч бүртгүүлэх тухай асуудал юм. Тухайлбал байр авахын тулд тухайн хүн орлого олж л таарна, тэр орлогоо тайлагнаад явах юм. Татварын хуулиар үүнийг энэ хүн байр авахын тулд ажил хийжээ, үүнээс нь 6 сая төгрөгийг нь чөлөөлье, хүүхдээ сургахын тулд чамгүй хөдөлмөрлөж төлбөрөөс нь хөнгөлөлт өгье гэж л байгаа хэрэг.
 
Иргэн та баримтаа бүртгүүлснээр л өөртөө хөнгөлөлт чөлөөлөлт аваад зогсохгүй улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.
 
 
 
Хамгийн авууштай нь сар бүр татварын тайлангаа өгөх биш 3 сарын турш баримтаа бүртгүүлж болно. Бүртгэлээ сайн хийгээд, зардлаа зөв тайлагнаж чаддаг 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн 1 хувийн татвар төлөх боломжийг шинэ хуулиар олгожээ. Ихэнх хүмүүс татвараа шударгаар төлдөг. Гэхдээ татварын талаарх мэдлэг, практик туршлагадаа үндэслэн хуулиас гажилгүй татвараа бууруулах боломж бийг мэддэггүй учраас уг боломжийг олгосон хэрэг. 
 
 
 
Татварын албанд 60 мянган хүн бүртгэлтэй буюу ХХОАТ-аа тайлагнадаг. Харин Ибаримт аппликейшн дээр суурилснаар 1,4 сая хэрэглэгч татвар төлөгчийн цэнхэр дэвтэртэй болчихож байгаа юм.  Ард нь мэдээж татварын бааз суурийн хэмжээ нэмэгдэж татварын орлого нэмэгдэж цаашлаад улс орны эдийн засгийн үзүүлэлтэд эерэг нөлөөлөл үзүүлэх нь дамжиггүй.