sonin.mn
АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Магнай мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр коронавирусын халдварын улмаас эдийн засгийн хямрал нүүрлэж буй тул  Монгол Улсын иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж буйгаа мэдэгдсэн юм.
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ ТАНАА
 
 
Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах тухай
 
Ковид-19 Вирусийн тархалтын улмаас цар тахал дэгдэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Манай улсын хувьд энэ оны 1-р сараас эхэлсэн хөл хориог өнөөдрийн байдлаар 5-р сарыг хүртэл сунгалаа.
 
 
 
Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна.
 
 
 
Энэ мэт онцгой нөхцөл байдал үүссэн үед ЗГ нь мөн онцгой байдлаар асуудалд хандаж эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн ч, харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ.
Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд МУ-ын ҮХ-ийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” мөн арван зургадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг 4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.
 
 
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай
 
2020.03.25