sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд мягмар гарагт Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг огцруулах оролдлогыг зогсоосноор ирэх онд Ардчилсан нам Конгрессыг хяналтдаа авахаас өмнө түүнд түр хугацаанд боломж олголоо. Ардчилсан намынхан ирэх онд уг асуудлыг дахин хөндөх магадлалтай байна.


Өөрийг нь огцруулах оролдлогыг "жүжиг" хэмээн шүүмжилж, АНУ-ын Зэвсэгт хүчнийг удирдаж буй ажлынхаа үр дүнг хамгаалан байр сууриа илэрхийлснээс хэдхэн цагийн дараа П.Хегсетийг огцруулахтай холбоотой процедурын санал хураалт болжээ. Түүний мэдэгдлийг Ерөнхийлөгч Дональд Трамп сайшаасан байна.


П.Хегсетийг огцруулах үндэслэл бүхий найман заалттай тогтоолыг Бүгд найрамдах намын хяналтад байдаг Хууль зүйн хороонд шилжүүлэхийг Төлөөлөгчдийн танхимын 211 гишүүн дэмжиж, 204 гишүүн эсэргүүцжээ. Энэхүү алхам нь огцруулах асуудлыг үндсэнд нь зогсооно гэж уг тогтоолыг санаачлагч, Кентакки муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын төлөөлөгч Томас Мэсси анхааруулсан байна. Бүрэн эрхийнх нь хугацаа удахгүй дуусах Т.Мэсси Пентагоны тэргүүний баримталж буй бодлогод сэтгэл дундуур байгаа, түүнчлэн Ираны эсрэг дайныг олон нийт таашаахгүй байгаад болгоомжтой хандаж буй намынхаа гишүүдийн саналыг авна гэж найдаж байсан ч намын гишүүд нь түүнтэй нэгдсэнгүй.


Ардчилсан намын гишүүд П.Хегсетийг огцруулах санаачилгыг хүчтэй дэмжиж байсан хэдий ч Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси зэрэг тус намын 11 гишүүн санал хураалтад оролцсонгүй.


Хэрэв тэднээс дор хаяж найм нь саналаа өгсөн бол уг процедурын санал хураалт унах байсан бөгөөд ингэснээр Төлөөлөгчдийн танхимд Хегсетийг огцруулах асуудлаар санал хураалт явуулах боломж бүрдэх байв. Н.Пелоси санал хураалтад яагаад оролцоогүй талаар түүний ажлын албанаас одоогоор тайлбар хийгээгүй байна. Д.Трамп санал хураалтын дүнг сайшааж, П.Хегсетийг огцруулах оролдлого “бүрэн бүтэлгүйтлээ” хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ. Энэхүү үйл явдал Д.Трамп, П.Хегсет хоёрыг улам бүр ойртуулсан бололтой. Иран, Венесуэл болон бусад асуудлаарх Хегсетийн үйл ажиллагаа нь түүнийг “Америкийн агуу эх оронч хүний хувьд бүрэн зөвтгөлөө” гэж Д.Трамп нэмж бичсэн байна.


Хэрэв огцруулах үйл явц амжилттай болсон бол П.Хегсет АНУ-ын түүхэнд огцруулах асуудал нь хөндөгдсөн Батлан хамгаалахын анхны сайд болох байв. АНУ-ын Зэвсэгт хүчнийг удирдаж байсан цэргийн бус албан тушаалтныг огцруулах асуудал хамгийн сүүлд 1876 онд хөндөгдөж байжээ.


Тухайн үед уг албан тушаалыг "Дайны асуудал сайд" (Secretary of War) гэж нэрлэдэг байсан бөгөөд тус албан тушаалыг Уильям Белкнап хашиж байв. П.Хегсет өөрийгөө “цэргийн хэргийн сайд” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь өнгөрсөн онд үүрэгт ажилдаа орохдоо зэвсэгт хүчнээ хэт сул дорой, "хэт соргог, туйлширсан" байдалд орсон хэмээн үзэж, шинэчлэх гэсэн оролдлогынх нь нэг хэсэг юм. Гэхдээ Батлан хамгаалах яамны нэрийг өөрчлөхийн тулд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп дангаараа ийм шийдвэр гаргах эрхгүй юм.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг