“Энэ Баярхүү яасан их мэдэмхийрдэг нөхөр вэ?” гэдэгт чинь хоёр зураг!-гэж байгаад би facebook-т пост оруулсан. Израиль, Иран, Ойрхи Дорнод, исламын терроризмын тухай өглөө бүр мэдээллийн пост оруулдаг. Иерусалимын “Гаслангийн хана”-нд олонтаа зочилсноо нуух бүү хэл бахархдаг. Бүр кипа (жүүд тоорцог) өмссөн зургаа тавьсан.
Түүнтэй яг адилаар надад хань, номын садан бас байнаа. “Миний аялсан 1000 хот нэвтрүүлэг” монголын ТВ-үүдээс нэг хэсэг салахаа больсон бол түүний автор Зандангийн Оюунчимэг мөн тэр хананд зочлож, тэр улс, тэр ард түмний тухай аяллын тэмдэглэл бичсэнийг би өөртэй нь тохиролцоод сайтдаа оруулсныг хүлээн авна уу.
З.Оюунчимэг бичиж байна:
Аялагч хүний хувьд нэг нь Энэтхэг, нөгөөх нь Израиль орноор аялах хамгийн сонирхолтой улс гэж бодож, мөрөөддөг байлаа. Ингээд 2021 оны 11 дүгээр сард 15 хоног Израиль орноор аялснаасаа хуваалцая.
Израиль бол хүн төрөлхтний том гурван шашин загалмайтан, ислам, иудэй гурвуулаа үүссэн, цуг оршин тогтнож буй газар.
Энэ үндэстэнд онцгой гэмээр, бусдыг бахархуулж, заримынх нь атааг хүргэж гайхшрал төрүүлээд байдаг нууц бий.
Улс байгуулахаасаа л өмнө их сургуулиа байгуулж байсан түүхтэй үндэстэн юм. Алберт Эйнштейн гэх мэт алдартнууд нь оролцсоор 1925 онд байгуулсан. Одоогийн Иерусалимын их сургууль.
Энэ улс дор хаяж 3500 жилийн түүхтэй. 2000 жил уугуул нутгаасаа хөөгдөж ихэвчлэн Европын орнуудаар тархсан байсан энэ 8-9 сая хүн ардыг яаж цуглуулав гэдэг түүх бас сонин түүх юм. Бодоход зөвхөн хэл, бичиг хоёр нь л энэ үндэстнийг аварсан байна. Еврей хэлийг мөхсөн гэж үзэж байсан ч Орост байсан, Польшид байсан, хаа ч байсан еврей нар гэр орондоо, овог ахан дүүсээрээ дандаа еврейгээрээ ярьдаг байсан гэнэ. Харин үндэсний бичиг үсэг нь мөхсөн байсан. Бичиг нь нөгөө Тора буюу Библийн хуучин гэрээс гэдэг хэсэгт нь л үлдсэн гэж хэлж болно. Эрдэмтэн мэргэд нь эхлээд “Бид ер нь цуглаж чадах уу, үгүй юу?” гэж бодож байжээ. Элгэн нутагтаа цуглаад улсаа байгуулна гэдэг бол мөрөөдөл, зүүд шахуу байсан гэж ярьдаг юм байна. Арга ч үгүй 2000 жилийн дараа. Одоо хүртэл ирж л байдаг.
Сүүлийн жилүүдийн тоо баримтаас харахад, дэлхий дахинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдал болон антисемитизм (еврейчүүдийг үзэн ядах үзэл) нэмэгдэж байгаатай холбоотойгоор Израилийг зорих еврейчүүдийн урсгал тасраагүй байна. Жишээлбэл 2025-2026 онд л гэхэд Орос, Франц, АНУ, Их Британи гэхчлэн 100 гаруй орноос жил бүр 20000 гаруй хүн шинээр ирж байгаа гэнэ.
Израиль Улс болон еврей үндэстний олон улсын байгууллагууд шинээр ирж буй элэг нэгтнүүдээ нутагшихад нь дараахи байдлаар маш системтэйгээр тусалдаг юм байна. Үүнд:
- Израилийн Цагаачлалын яамнаас шинээр ирсэн хүн бүрд эхний 6 сарын амьжиргааг нь залгуулахад зориулж “Амьжиргааны сагс” хэмээх бэлэн мөнгөний буцалтгүй тусламж гэр бүлийн гишүүдийн тооноос хамааран сар бүр банкны данс руу нь шилжүүлдэг. Мөн эхний жилүүдэд байрны түрээсийн татаас олгодог.
- Шинэ цагаачид Израильд ирснээс хойш эхний 10 жилийн хугацаанд гадаадад олсон орлого, бизнес болон хөрөнгө оруулалтаасаа Израиль Улсад татвар төлөхөөс бүрэн чөлөөлөгддөг.
- Олим (шинэ цагаачид) нарт зориулж татварын тусгай шинэчлэл хийсэн бөгөөд тодорхой хэмжээний орлого хүртэл орлогын албан татварыг 0% болгох зэрэг онцгой хөнгөлөлтүүдийг эдлүүлдэг.
- Гэр ахуйн цахилгаан бараа, хувийн эд зүйлс болон автомашиныг гаалийн татваргүй, эсвэл маш бага татвартай оруулж ирэх эрх өгдөг.
- Еврей (иврит, хэбрөү) хэлээ сурах нь нийгэмд хөлөө олоход хамгийн чухал тул төрөөс 5-6 сарын хугацаатай, эрчимжүүлсэн “Ульпан” хэмээх еврей хэлний үнэ төлбөргүй курст сургадаг. Зарим тохиолдолд хэл сурч байх хугацаанд нь байр, хоолоор хангадаг тусгай дасан зохицох төвүүдэд амьдруулдаг.
- Израильд ирсэн эхний 6 сард улсаас эрүүл мэндийн суурь даатгалыг үнэ төлбөргүй хариуцдаг.
- Залуу цагаачдад Израилийн их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг болон дэмжлэг үзүүлдэг.
- Эмч, инженер, багш зэрэг нарийн мэргэжилтэй хүмүүсийн дипломыг Израиль Улсын стандартад дүйцүүлж, лиценз авахад нь тусалдаг.
- Мөн цагаачдад зориулсан ажлын байрны үзэсгэлэн гаргаж, өөрийн бизнесээ эхлүүлэх сонирхолтой хүмүүст тусгай хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгодог гэхчлэн бичвэл зөндөө хөнгөлөлт байна.
Бүх тусламжийг Засгийн газраас гадна дэлхийн еврейчүүдийн хандиваар санхүүждэг “Жүүдийн агентлаг” гэх мэт төрийн бус байгууллагууд гардан зохион байгуулж, нислэгийн тийзийг нь даахаас эхлээд онгоцны буудал дээр угтан авах хүртэлх бүх процессыг хариуцдаг байна. Ер нь еврей үндэстнээ цуглуулж улс байгуулсныхаа дараа иудейн соёл, иргэншлээр дамжуулаад, еврей хүн болгох арга гэж үзсэн байна л даа. Иудейн соёл ба иргэншил нь нэгдүгээрт шашин, хоёрдугаарт философи нь гэж ойлгож болно.
Ротшильдын гэр бүл, тэр дундаа Барон Эдмон Жэймс де Ротшильд (1845–1934) болон түүний залгамжлагчид Израиль Улсыг үүсэн байгуулагдах суурийг тавихад түүхэн дэх хамгийн том санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийсэн гэлцдэг. Палестин дахь Османы эзэнт гүрний хяналтад байсан газар нутгаас Барон Эдмон Ротшильд 500 гаруй квадрат километр (50000 га) газрыг өөрийн хөрөнгөөр худалдан авчээ. Эхлээд улс байгуулна гэж хэлээгүй. Еврей хүн газраа худалдаагүй. Арабууд нь өндөр үнэ хэлэхлээр нь газраа худалдаад байсан хэрэг. Тэгээд газартай болж авснаар хожим Израиль Улсаа байгуулсан.
Одоо ч гаднаас, жишээлбэл АНУ-ын банкны эздийн ихэнхи нь еврей нар улсдаа их тусламж өгдөг. Үүний сөрөг тал нь олон хүн хандиваар амьдарч, зөвхөн таро судраа уншаад, мөргөл үйлдээд, өв уламжлалаа хадгалсан үндэсний цөөнхи хэмээн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Орчин цагт нийгмийн харилцаанд тэд нь асуудал болоод байгаа.
1948 онд 600 мянгахан хүнтэй байгуулагдсан Израиль Улс одоо 9 сая гаруй хүнтэй болжээ. Израиль нь хоёр үндэстэнтэй, еврей ба араб гэж. Араб нь хүн амын 22 хувь. Нийт 9 сая хүний хоёр сая нь хуучин СССР-ээс ирсэн еврей нар юм.
Израилийн иргэний дундаж цалин 4500-6300 ам.доллар гэж байна. Мэдээж салбар салбараар өөр. Еврей хүний дундаж нас нь 84, зуу хүрсэн хүн зөндөө. Бүх хүн цэргийн алба хаана, эрэгтэй эмэгтэй ялгаагүй.
Израильд сургалт хатуу гэж жигтэйхэн. Сургуулийн хүүхэд даалгавар хийхгүй байх аргагүй. Гэр бүл, сургууль нийлээд анхаарал маш сайн тавьдаг. Еврей айлын хүүхэд сургуулийнхаа хажуугаар заавал хөгжмийн хичээл, уран зурагт ч юм уу, аль нэг нэг юманд явна. Бүр эрэгтэй хүүхдийг 3 настайгаас нь шашны судар цээжлүүлэхдээ, толгой дээр нь ном тавьчихдаг заншил эрт дээр үеэс байжээ. Унтах юм уу, уншихгүй өөр тийшээ харвал ном нь унангуут ээж саваа бариад цохидог. Ийм жаахан хүүхэд хий цээжлээд юу сурах юм гэж би асуухад тэр чинь сахилга бат, бас юм цээжилж сурна, бас эрэгтэй хүүхэд гэр орноо тэжээнэ, хариуцлага чухал гээд өмнөөс ярьж байх юм. Үнэхээр ч бодууштай юм.
Боловсролынхоо чанарыг маш сайжруулсан. Израильд их сургууль төгссөн гэвэл том корпорациуд шууд ажилд авдаг. Тиймдээ ч Дэлхийн Нобелийн шагналтны 22 хувь нь еврей гаралтай хүн. Физик, хими, биологи, анагаах ухааны эрдэмтэн, зохиолч нийлээд 220 еврей Нобелийн шагнал хүртсэн байдаг.
Бас нэг их гайхмаар юм байна. ЮНЕСКО-гийн гаргасан мэдээгээр, жилд хэвлэсэн, борлуулсан номын тоогоороо Израиль Улс дэлхийд дээгүүрт ордог юм байна. Еврей хүн болгон ном уншдаг. Их, дээд сургуулиуд оюутныхаа 10 хувьд хүрэх хэмжээний ном худалдан авдаг. Багшийн унш гэсэн номыг оюутан уншихгүй бол хөөгдөнө. Израильд ном асар үнэтэй. Сургуулийнхаа номын сангаас л оочерлож байж ном авна. Дайны байдалтай мөртлөө л сурчихна. Суралцахаас үл шантарна.
Хил гаалиар анх ороход шууд л оруулчихна. Харин гарах гэж зарим хүмүүс 3 хонодог, намайг л гэхэд 3 цаг байцаасан. Дайн дажин, тагнуул гээд хэцүү байдаг бололтой гэжээ.
Мягмар - 11 сарын 10,
2026
Сэтгэгдэл0