sonin.mn

Ардчилсан намаас “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Дундговь аймгийн Ардчилсан намаас “Сонсъё, бүтээе” арга хэмжээг Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өчигдөр (2026.11.10) Мандалговь хотноо зохион байгууллаа.



Хөдөлгөөний нээлтэд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан намаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван гишүүн болох УИХ-ын гишүүн, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганбат, түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, Дундговь аймгийн Ардчилсан намын дарга Б.Лхагвамандал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, АН-ын ХЭЕГ хариуцсан нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган, Дата аналитикийн газрын дарга Д.Өлзий-Эрдэнэ тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцов.


Хөдөлгөөнийг нээж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Монгол бахархлын өдрийн мэндчилгээ дэвшүүлээд, сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн зардал, төсвийн хэмжээ тав дахин нэмэгджээ. Харамсалтай нь, иргэдийн амьдрал тал хувиар нь ч сайжирсангүй. Тэгвэл энэ баялгийн өгөөж, орлого хаашаа очсон бэ? Ийм тогтолцоог өөрчлөх ёстой юу, үгүй юу? Хөдөлмөрлөсөн хүн өнөөдөр сайхан амьдарч чадаж байна уу, үгүй юу зэрэг олон асуудлыг ярьж болно. Тиймээс Ардчилсан намаас иргэдээ сонсож, үүний үндсэн дээр суурь өөрчлөлтүүдийг хийе гэсэн үзэл санааг үйл хэрэг болгохоор орон даяар энэхүү үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган санал ирээд байна. Энэ бол нийгэмд өөрчлөлт хийх хүлээлт, шаардлага ямар их байгааг харуулж байгаа тоо юм” хэмээн ярилаа.


Дараа нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Өнөөдөр Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган өнөө өглөө боллоо. Бид 800 гаруй жилийн өмнө Эзэн Чингис хааныхаа хэлж ярьж, бодож сэтгэж байсан үзэл санааг хэрэгжүүлж чадаж байна уу? Хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс бид “Сонсъё, бүтээе” гээд энэхүү үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Манай ардчиллынхан өмнө нь бүтээж байсан түүхтэй. 2012 онд Хамтарсан Засгийн газрын үед нэлээд зүйл хийж бүтээсэн. Тухайлбал, Дундговь аймагт зам тавина гэж амлаж, гурван удаа шав тавьсан. Гурван удаа шав тавьж, гурван удаа шороо овоолсон. Гэхдээ зам нь баригдаагүй. Үүнийг манай Ардчилсан намын Засгийн газар тавьсан. Ардчиллынхан хийж бүтээж чаддаг хүчин” хэмээв.


УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр бодлого, хөтөлбөрөө танилцуулаад Дундговь аймагт ирэхэд УИХ-ын гишүүнгүй уулзалт хийж байлаа. Өнөөдөр таван гишүүнтэй болсон. Дундговьчууддаа баярлалаа. Өнөөдөр Монгол бахархлын өдөр тохиож байна. Нийгэмд өнөөдөр Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрөөр бахархаж, баярлаж чадаж байгаа, сэтгэл өөдрөг байгаа хэдэн хүн байна вэ? Үнийн дарамтаас болж монголчууд сэтгэл өөдрөг байж чадахгүй байна. Ахмадууд тэтгэврээрээ даралтын эмээ авах уу, эсвэл мах, гурилаа авах уу гэдэг сонголтын өмнө тулж байна. Аль алийг нь авах боломжгүй байна. Үнийн өсөлт авлигатай холбоотой. Тиймээс бидний хамгийн түрүүнд хийх зүйл бол авлигыг таслан зогсоож, авлигачдад цэг тавих” хэмээн ярилаа.


Дараа нь УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид бол дэлхийд төр улсыг байгуулж байсан агуу өвөг дээдсийн үр сад. Гэтэл өнөөдөр ямаршуухан амьдарч байгаагаа дүгнэж, цэгнэх ёстой. НҮБ-д бүртгэлтэй 200 гаруй улс байдаг. Бид хөгжлөөрөө тэрхүү 200 гаруй орны дунд явж байна. Уг нь нөөц, боломжоороо дэлхийн эхний 30 орны нэг болох боломжтой. Авлига, хулгай, луйвар ихэссэн учраас бид ийм байдалд хүрсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний зорьсон үр дүн гарсангүй. Тиймээс хэрхэн хөгжих боломжтой талаар ярилцах ёстой” гэлээ.