sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо /ҮЭХ/-ны Ерөнхийлөгч П.Баттөр өнөөдөр "Монгол ньюс"-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Уурхайчдын цалин 2.3 сая гэдэг худал, гар дээрээ сая гаруй төгрөг авдаг. Уурхайчдын цалин нэмэх хангалттай санхүүгийн эх үүсвэр бий" хэмээн мэдэгдлээ.
 
Тэрбээр тус үйлдвэрийн 6000 мянга гаруй ажилчдыг төлөөлж байна гээд, “Уурхайчид 2017 онд Монгол Улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж 320.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ийнхүү ашигтай ажиллахад  Эрдэнэт үйлдвэрийн хууль эрх зүйн газар нөлөөлсөн. Мөн Эрдэнэт үйлдвэрт шахдаг шахааны бизнесийг зогсоох шатандаа ороод байна. Энэ бол шилэн данстай хуулийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлсний үр дүн гэж бид үзэж байна. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн захиргаа цалин хөлс нэмэх шаардлагыг эсэргүүцээд зогсохгүй ҮЭХ-ны удирдлагыг ажлын байранд нэвтрүүлэхгүй хууль бус ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ийм шийдвэр гаргаж ажилчдын эсрэг турхирч байна. Мөн тэрбээр 280 сая төгрөгийн машин авч, 200-аад сая төгрөгөөр байраа зассан. ТУЗ-ийн зөвшөөрөлгүй нийгмийн асуудал эрхэлсэн захирлыг томилон өрөөнийх нь засварын мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын бий болгосон баялгаас төлсөн. Зөвхөн намайг ажлын байранд нэвтрүүлэхгүй байгаа асуудал биш 6000 гаруй ажилчдыг доромжилсон асуудал" хэмээн мэдэгдэв.
 
Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч, уурхайчид нэг хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн татвар улсад төлдөг. Үүнийг ажилчдын цалинг нэмэх хангалттай эх үүсвэр хэмээн ҮЭХ-ноос үзэж байгаа юм. 
 
Э.Энхсаруул