sonin.mn
МАХН-ын ээлжит бус Их чуулган "UB palace"-ийн их танхимд үргэлжилж байна. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Б.Тулга намын үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
-МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчооны тайлан
Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө,
Монгол Улсын өнцөг булан бүрээс МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчөөр сонгогдон ирсэн төлөөлөгчид өө,
Эх орныхоо төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө үйлс зорилгоороо нэгдсэн эх орончид оо,
Хүндэт зочид оо, Хатагтай ноёдоо.
Шинээр сэргээн байгуулагдсан МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчооны 2011-2017 оны тайланг та бүхэнд товч толилуулъя.
2011 оны 1 дүгээр сарын 27-ы өдөр хуралдсан анхдугаар Их чуулганаас хойш 7 жил өнгөрчээ. Энэхүү Их чуулганаас намын Бага чуулганыг 205 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар батлаж, үүнээс 139 хүнийг тухайн чуулганаасаа батлаж, дүрмийн дагуу дараа дараагийн Бага чуулганаас сонгож, чөлөөлж 205 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, Гүйцэтгэх товчоо 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ирлээ.
Бага чуулган энэхүү Их чуулган хүртэл .... удаа, Гүйцэтгэх товчоо ....удаа  хуралджээ. МАХН Бүх ард түмний Их хуралдайг ....удаа хуралдуулж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл, шаардлага гаргажээ.
Анхдугаар Бага чуулган хуралдаж ЕНБД, дэд дарга, Гүйцэтгэх товчоо, нарийн бичгийн дарга нарыг сонгож томилсон. Гүйцэтгэх товчоо байгуулагдсанаар намын дүрэмд заасны дагуу намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр-төлөвлөгөөг Бага чуулганаар батлуулан ажиллаж ирлээ. 
Анхдугаар Их чуулганаар баталсан дүрмэндээ намын их чуулганыг 2 жил тутам хуралдуулахаар тогтоосон билээ. Гэвч цаг үе, нөхцөл байдал тийм боломжийг олгосонгүй. Их чуулганыг хуралдуулах асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч тухай бүр хойшлуулахаас өөр аргагүй байдалд орж байсан болно.2017 оны 12дугаар сарын ... өдөр хуралдсан -? Дугаар Бага чуулганаас МАХН-ын 2 дугаар Их чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2018 оны 2 дугаар сарын 9-10-ы өдрүүдэд МАХН-ын 21 дүгээр зууны 2 дахь Их чуулган хуралдаж намын дүрэм мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм. Улс төрийн намын тухай хуулийн дагуу шинэчилэн баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан боловч Улсын дээд шүүхийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар Бага чуулган хуралдсан эсэхийг нотлох баримт алга хэмээн илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гарган намын дүрэм мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан болно.
МАХН нь 2011 оны Анхдугаар Их чуулганаас хойш  УИХ-ын 2012, 2016 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль болон нийслэл, аймаг, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож, тухай бүр намынхаа мөрийн хөтөлбөрт нийцсэн зорилтууд бүхий сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн, үндэсний хэмжээнд, улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирлээ. 
Эдгээр сонгуулийн үр дүнгийн талаар тайланг тухай бүр Гүйцэтгэх товчоо, Бага чуулганаар хэлэлцэн батлаж байсныг энд нэгтгэн товч тайлагнана.
Шинэчлэгдсэн МАХН-ын хувьд анхных нь болох 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай тайлан мэдээж томоохон байр суурийг эзлэх нь зүй ёсны асуудал биз ээ. 2012 оны УИХ-ын сонгуульд 1840824 хүн саналаа өгсөнөөс 252115 хүн буюу 22,31% нь “МАХН-МҮАН-ын Шудара ёс эвсэл”-ийн төлөө саналаа өгчээ.
Сонгуулийн өмнөх нөхцөл байдал нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн, илт хууль бусаар баривчилж орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлснээр тодорхойлогдоно. Сонгуулийн тогтолцоо нь холимог системийн дагуу явагдах болсон, МАН ба АН аль аль нь Стандарт бус хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байсан тул 7 сарын нэгний хэрэг, Монгол Улсад илт ашиггүй нөхцлөөр байгуулсан Оюутолгойн ашиггүй гэрээ, 2008 оны сонгуулийн биелээгүй амлалт зэрэг олон хүчин зүйл МАН, АН-ыг бус улс төрийн шинэ хүчнийг, тэр дундаа МАХН-ыг сонгох хандлагатай байсныг тухайн үеийн судалгааны үр дүнгүүд харуулдаг.
 
Харамсалтай нь МАН-АН сонгуулийн үр дүнгээс буюу МАХН-ыг сонгож болзошгүй ард түмний сонголтоос айж байсан учир улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр олон зуун цагдаагаар хүч түрэмгийлэн Н.Энхбаяр даргыг илт хууль бусаар баривчилсан билээ.
Энэ нь сонгуулийн өмнө намаа удирдан зохион байгуулах ёстой лидерийг нь хэлмэгдүүлж, удирдлагагүй болсон мэтээр нийгэмд ойлгуулахын төлөө Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлж, ардчиллыг гутаан доромжилсон үйл явдал гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдэжээ.
Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн учраас МАХН-аас олон хүн сонгогдсон мэт ташаа ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Харин бодит байдал дээр эсрэгээрээ МАНАН илүү олон суудал авсан, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшсэн бол илүү олон санал өгөх байсан ард түмний саналыг дээрэмдсэн юм. Энэ нь улс төр-бизнесийн олигархи бүлэглэл дараа дараагийн сонгуульд шударгаар өрсөлдөх бус, хуулийг мушгин гуйвуулж, хууль шүүхийн байгууллагыг ашиглах замаар Н.Энхбаяр дарга болон бусад хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хязгаарлах замаар сонгуульд давуу тал олох арга залийнх нь эхлэл болсон юм. Үүнээс хойш МАНАН бүлэглэл МАХН-ын даргыг нь сонгуульд оруулахгүйгээр ялдаг муу зан сурсан гэж ойлгож болно. Тухайлбал 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг “ялтай байдал” нь арилаагүй мэтээр илт хууль бус шийдвэрийг СЕХ гаргасан ба сонгуулиас хойш 6 сарын дараа СЕХ-ны энэ шийдвэр хууль бус байсан тухай үнэнд гүйцэгдсэн шийдвэрийг УДШ гаргасан байдгаас харж болно.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч эрх бүхий бүх байгууллагаас албан ёсны тодорхойлолтыг хүргүүлсээр байтал эрх баригч МАНАН-аас томилогдсон СЕХ мөн л өнөөх хууль зөрчдөг муу аргаараа МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэн аваагүй юм.
СЕХ, цагдаа, хууль шүүхийн байгууллагын удирдлагууд хэрхэн улс төрийн намд үйлчилдэгийг АН-аас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацсан дүрс бичлэг ард олон үзсэн тул илүү тайлбар хэрэггүй биз ээ. 
Улсын дээд шүүх МАХН-ын 2 дугаар Их чуулганы шийдвэрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь хууль зүйн гэхээс илүүтэй МАНАН бүлэглэлийн айдас, захиалгын дагуу гарсан шийдвэр гэж үзэж болно.
2012 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй учир хуулийн шаардлагаар эвслийн засгийн газар байгуулагдаж МАХН эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон билээ. 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Оюу толгойн гэрээнд Засгийн газрын шалгалт оруулан 2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн, Таван толгойн ордыг төрийн өмчид хэвээр авч үлдсэн зэрэг МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн шийдвэрүүд гаргаж байсныг энэхүү тайланд заавал дурдах ёстой гэж үзэж байна.
Хэдийгээр  2016 оны УИХ-ын сонгуульд үзүүлж болох амжилтаа алдсан ч гэлээ Эрдэнэтийн 49-ийг хуйвалдан авч байгааг нь эсэргүүцэж, олон нийтэд мэдэгдсэн, сэрэмжлүүлсэн, Таван толгойг ард түмний мэдэлд өгөх боломжоо хадгалан үлдсэн, Оюу толгойн гэрээний луйвар булхайг илчилж, төрийн хяналт шалгалтын байгууллагаар зөрчлүүдийг илрүүлсэн зэргээр Хамтарсан засгийн газар орсны давуу тал болсныг дахин хэлье.
Манай намаас томилогдсон сайд нар өөр өөрийн салбар амжилт бүтээл дүүрэн, намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Тухайлбал Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн салбар хариуцлага хяналтыг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар аюулгүй байдлыг сайжруулах, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг навтрүүлэх, эрүүл мэндийн довтолгоо, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд монгол улсын түүхэнд эхийн нас баралт хамгийн бага, хүн амын цэвэр өсөлт хамгийн өндөр болсныг үндэсний статистийн хорооноос 2013 онд зарлаж байсан.
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ МАХН-ын мөрийн хөтөлбөрт туссан “төрийн орон сууцны сан” байгуулах тухай томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Монгол улсад анх удаа урьдчилгаа төлбөр, өндөр үнэ төлөлгүйгээр иргэд түрээсийн төлбөрөө урт хугацаанд төлөх арга замаар нэвтрүүлсэн ба энэ хөтөлбөрийн үр дүнд 1500 өрх, айл түрээсийн орон сууцанд орсон юм. Энэ нь цааш цаашдаа МАХН-аас иргэдээ орон сууцжуулах томоохон хэмжээний төслийг санаачлах бодитой боломж байгааг нотолсон юм. 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн 450 мянган айлын орон сууц барих, жаргалын найман хот барих зэрэг хөтөлбөрийн үндэслэл, санал санаачлага энэ үед бий болсон юм.
2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль МАХН-ын хувьд улс төрийн хүнд нөхцөлд явагдсан билээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор яллан, хар гэрт хорьж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл суллахгүй гэх, нэг талаас МАХН сонгуульд оролцож болохгүй, нөгөө талаас МАХН заавал сонгуульд оролцох ёстой гэх мэтээр МАНАН-ийн зүгээс цадигаа алдсан дарамт шахалтыг үзүүлж аль аль нам нь намын даргын эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаар нь барьцаалан шантаажилж байлаа. Ийм хүнд нөхцөлд Бага чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүнийг, шинжлэх ухааны доктор хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдсөн.  Улс төрийн нам сонгуульд оролцож, өөрийн үнэт зүйл, мөрийн хөтөлбөрөө сонгогчидод таниулж байх нь ард түмэнтэйгээ холбоотой байх ач холбогдолтой хэмээн Бага чуулган шийдсэн юм.
2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 1864273  хүн санал өгсөнөөс 80563 хүн буюу 6.5 хувь МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалын төлөө саналаа өгсөн байна.  
 
Манай намд элссэн байсан олон гишүүд тэр дундаа төв штабыг удирдаж байсан намын дэд дарга нь хүртэл МАН-ын нэр дэвшигчийн төлөө ажиллаж, санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө штабаа удирдахаас татгалзах гэх мэтээр зөрчилдөөнтэй нөхцөл байдалд энэ сонгууль өнгөрсөн байдаг. Энэ үед хүртэл тодорхой нөхцөлтэйгээр намд гишүүнээр элсдэг, цаанаа өөр ашиг сонирхолтой, чухал цаг үед урваж шарвахад бэлэн хүмүүс байгаа нь анзаарагдаж эхэлсэн гэж дүгнэж болно.
2016 оны УИХ-ын сонгууль манай намын хувьд тэсэж үлдэх үү үгүй юу гэдгийг шалгасан сорилт болсон. 2015 оны 12 дугаар сард МАНАН хамтран сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, нэгдсэн сонгуулийн хуулийг баталсан билээ. Ингэхдээ сонгуулийн хуульд санал хураалт болохоос өмнө 6 сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг шударга сонгуулийн нэг гол зарчмыг нууцаар авч хаясан байдаг. МАНАН хамтран сонгуулийн тогтолцоог өөрчлөх, ингэхдээ ҮХЦ-ээр дамжуулан сонгуулийн порпорциональ буюу хувь тэнцүүлсэн тоголцоог өөрчлөх тухай нууцаар хуйвалдсан байжээ. Энэхүү хуйвалдаанаа хэрэгжүүлэхийн тулд МАН-ын зүгээс МАХН-тай сонгуулийн эвсэл болох  ажлын хэсэг байгуулах зэргээр өнгөлөн хууран мэхэлж, сонгуулийн цаг хугацааг тулган эвсэл байгуулахаас татгалзах, МАХН-д шургалуулсан хүмүүсээ буцааж урвуулах, МАХН-аас нэр дэвших боломж бололцоог хязгаарлах, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэх муу аргаа давтан хэрэглэх зэрэг олон давхар мэхийг хэрэглэсэн байдаг. МАН анхнаасаа МАХН-тай эвсэхгүйгээр шийдсэн байсныг тухайн үед хуралдсан Бага чуулганы гишүүд нотлох бизээ. МАН эвслээс татгалзсан ба харин буруугаа бусдад чихэх аргаар МАХН-ыг буруутай мэтээр урьдчилан бэлдсэн мэдээллийг олон сувгаар цацсан юм. 
Эдгээр үйлдэл нь МАН ба АН-ын удирдлагуудын зүгээс  МАХН, түүнийг дэмжих ард түмний сонголтоос айн болгоомжилсоор байгааг нотлон харуулдаг. МАХН-ыг, МАХН-ын даргыг сонгуульд оруулж шударгаар өрсөлдөхөөс айсан айдас нь цагдаа, прокурор, шүүх бүр ҮХЦ-ийг хүртэл дамнан хууль сахиулах үүрэгтэй эдгээр байгууллагуудаар хууль зөрчсөн шийдвэр гаргуулж байгаагаар хэр хэмжээ нь мэдэгдэнэ.
2016 оны УИХ-ын сонгуулиар 1911047 хүн санал өгсөнөөс 113103 хүн буюу 8,12  хувь нь МАХН-д саналаа өгч, УИХ-д нэг суудалтай үлдсэн юм. Энэ сонгуулийн үр дүн, түүний дараа болсон орон нутгийн сонгуулиар МАХН хэд хэдэн сургамж авсан бөгөөд намынхаа дүрэмд намын эсрэг ажилласан, үйлдэл эс үйлдлээрээ өөр намд үйлчилж байгаа бол намын гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авах нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай болсон юм.  Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн учир тэрхүү тогтолцоонд тохируулж намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагыг зүй ёсоор бий болгосон.
Улс төр-эдийн засгийн олигархи бүлэглэлийн зүгээс удаа дараагийн сонгуульд МАХН-ын даргыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх нэг л мэхийг хийсээр ирсэнийг дээрх жишээ ойлгомжтой харуулсан болов уу. Энэ нь мянгат түмтийн дарга нар өөрсдийн ажил мэргэжлээс гадна, улс төрийн ажилд суралцаж, сонгогчидод өөрсдийгөө таниулах ажлаа эрчимжүүлэх ёстойг анхааруулсаар байна. Иймээсс МАХН-ын гүйцэтгэх товчоо, Бага чуулганаас Мянгат, Түмтийн дарга нарыг чадавхижуулах, тэдэнд ачааны хүндийг үүрүүлэх шийдвэр гаргаж дүрмийн өөрчлөлтөө боловсруулсан болно. 
 
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАХН байгуулагдсан цагаас хойш хамгийн олон сонгогчдын санал авч гишүүд дэмжигчдийн эгнээг өргөтггөсөн үр дүнтэй сонгууль болсон. Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409 мянга 899 санал буюу 30.19 хувийн санал авсан байна. Өрсөлдөгч М.Энхболдоос 1800 саналын зөрүүгээр ялагдсан. Асар их хөрөнгө мөнгө, төрийн бараг бүх байгууллагууд өрсөлдөгч нарын талд байсан боловч Монголын ард түмэн сонгогчид МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарт саналаа өгсөн юм. МАН ба АН үнэн хэрэгтээ огтын ялгаагүй болохыг ойлгож, сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авахыг оролдсон ч ард түмэн үгүй гэж хэлж чаддаг болохыг ойлгуулснаараа ихээхэн ач холбогдолтой сонгууль боллоо. Өмнөх сонгуулиудаар ҮХЦ-ийг хүртэл татан оролцуулж сонгуулийн луйвар булхай хийж ирсэн бүлэглэлүүд энэ удаагийн сонгуульд Тагнуулын байгууллагыг хүртэл татан оролцуулж С.Ганбаатар зохиомол хэрэг үүсгэн, нэрийг нь татуулах шийдвэр гаргуулж байлаа. Энэ тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр тагнуулын байгууллагад хууль зөрчиж байгааг нь сануулан буруушааж байсныг тэмдэглэн хэлье.
Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа хоёр шаттай болж, хоёр дахь шатанд сонгуулийн луйвар булхайд эгдүүцсэн 100 мянга орчим иргэн цагаан хуудсаар санал өгч эсэргүүцлээ илэрхийлсэн.
Шинэ үндсэн хуулийн төсөл буюу Дээд хуулийг боловсруулан улс орон даяар өргөн хэлэлцүүлэг хийсэн, намын бүтэцийг шинэчлэн, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулсан зэрэг бэлтгэл ажил, Н.Энхбаярыг нэр дэвшүүлдэггүй муу аргаа дахин хэрэглэсэн бүлэглэлд ард түмний дургүйцэл төрсөн, өрсөлдөгч нарын сөрөг рейтинг зэрэг олон хүчин зүйлс энэхүү сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нь дамжиггүй. Хамгийн гол нь МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатрын нэр хүнд, байгалын баялгийн эх оронч үзлийг тээн тууштай зүтгэж ирсэн зүтгэл нь ийм амжилт үзүүлэх гол нөхцөл болсон гэж дүгнэж болно. МАХН үнэт зүйл, үзэл бодол нэгтэй эх орончидыг нэгтгэх улс төрийн хүчин мөн гэдгээ нотлон харуулсан түүхэн ач холбогдолтой сонгууль боллоо. Үнэн хэрэгтээ МАХН, С.Ганбаатар ялсан гэж ард түмэн дүгнэж байна.
Бид энэ сонгуулиас бид ялж болно, ялж чадна гэх итгэлийг дахин олж харсан. Харин ялахын тулд цөөн оноогоор биш харин накаутаар ялах хэрэгтэй. Эс тэгвэл худалдагдсан шүүгч нар оноог манайд биш өрсөлдөгчид өгсөн хэвээр байх болно гэдэг сургамжийг олж авсан гэж найдаж байна.   
Эдгээр сонгуулиудад нийтлэг дараах дүгнэлтийг МАХН-ын Бага чуулганаас өгчээ. МАХН-ыг чиглэж онилсон улс төрийн хэлмэгдүүлэлт эдгээр бүх сонгуулиудад ноцтойгоор нөлөөлжээ. Тухайлбал намын дарга Н.Энхбаярыг МАХН байгуулагдсан цагаас хойш нэг ч удаагийн сонгуульд нэр дэвшүүлээгүй ба тухай бүрт гарч байсан шүүхийн шийдвэрүүд өөр хоорондоо зөрчилтэй, сонгууль өнгөрсний дараа хууль бус болох нь тогтоогдсон байдаг.
Одоо Бага чуулган, Гүйцэтгэх товчооны зүгээс хийж байгаа бусад ажлын талаар тайлангийн хэсгийг танилцуулъя.
Монгол Улсын хөгжлийн гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн үзэж БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулсан ба эрдэмтэд, салбар бүрийн төлөөлөл, улс төрийн намууд, улс төр судлаачид зэрэг олон салбар бүхий хэлэлцүүлэг зохион байгуулж, ард түмнээр хэлэлцүүлэх эхийг бэлэн болголоо. 
Намын удирдах бүхэлдэхүүн баг, бүрэлдэхүүнээрээ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, Баярлалаа аян Сонгуулийн сурталчилгаагаар улс орноо нийт 8 удаа бүтэн тойрч, намын гишүүд, сонгогчидтой уулзалт хийсэн байна.
Гадаад харилцааг хөгжүүлэх зорилгоор Элчин сайдын яамдуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Унага тамгалах ёслол, Мөсний баяр зэрэг монголын соёл уламжлалыг танилцуулах соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, улс төр, хүний эрхийн талаар байр сууриа илэрхийлсэн уулзалтуудыг тогтмол хийж хэвшлээ.
1945 оны 10 дугаар сарын 20 өдөр зохион байгуулагдсан Ард нийтийн санал асуулгын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж жил бүр тэмдэглэдэг болов. 11 дүгээр сарын  26 Улс тунхагласаны баярыг зохион байгуулж, хүчит бөхийн барилдааныг тасалдуулалгүй тэмдэглэн өнгөрүүлж ирлээ. Түүнчлэн К.Марксын Капитал зохиол бичигдсэн болон Монгол Улсад хэвлэгдсэний ойн арга хэмжээг зохион байгуулав. 
Бүсийн чуулганыг зохион байгуулж, сургалт семинар хийх, соёл спортын арга хэмжээгээр дамжуулан намын хамт олныг бүрдүүлэх, чадавхижуулах, мэдээлэл солилцох арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
Үнэний уриа, Үнэний элч сонин нийт 26 удаагийн дугаараар 900 мянга орчим хувь хэвлэгдэн сонгуулийн болон бусад арга хэмжээний үеэр намын гишүүд, сонгогчидод түгээгдлээ. Элч.мн веб сайтыг тогмол ажиллуулан намын мэдээ мэдээллийг байршуулж эхлэв.
Индаго төвөө ажиллуулж намын ажилтаны сургалтыг бүсчилж, мэргэшүүлж, намын ажилтан ухуулагч, ажилагч, намын удирдах ажилтаныг бэлтгэх зэрэг олон талт сургалтуудыг зохион байгуулж ирлээ. Нийт 23 удаагийн сургалт зохион байгуулж, өссөн дүнгээр 10 гаруй мянган намын гишүүдийг сургалтад  хамруулсан байна.
Хүний нөөцийн санг бүртгэх журмыг гаргаж, намын гишүүн болон дэмжигчид бусад хүнийг оролцуулан бүртгэж, намаас нэр дэвшүүлэх, төрийн албан томилох зэргээр үйл ажиллагаа явууллаа. Жил бүр шинэилсэн бүртгэлийг хөтлөх талаар санаачлага гарган ажиллаж хамгийн сүүлийн бүртгэлээр 35 орчим намын гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулаад байна. Цаашид цахим бүртгэл, цахим батлах олгох талаар судлан ажиллаж байна.
Гишүүдийн бүртгэлийн системийг хийж, бүртгэлжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, гишүүдийн бүртгэлийг шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар анхан шатны байгууллагуудаас авсан мэдээ бүртгэлээс дүгнэхэд намын батлахаа авсан, үйл ажиллагаанд идэвхи саначлагатай оролцдог 30 мянган гишүүдтэй болжээ.
МАХН-ын санхүүгийн үйл ажиллагаа нь сонгуулийн ба, өдөр тутмын гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Удаа дараагийн сонгуулийн  тайлангуудыг сонгуулийн төв штабын зүгээс Сонгуулийн тухай хуульд заасан, шаардлага, цаг хугацаанд нь өгч, үндэсний аудитийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэн баталгаажуулж ажиллаа.
Энэ дашрамд зарим аймаг дүүрэг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн хүмүүс тайлангаа цаг тухайд нь өгөөгүйгээс шалтгаалан дараа дараагийн сонгуульд намаас нэр дэвшихэд саад тотгор учруулж буйг анхааруулан сануулах нь зүйтэй болов уу.
МАХН-ын жил бүрийн санхүүгийн тайланг Аудитийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд зааснаар цаг тухайд нь баталгаажуулж ирсэн бөгөөд санхүүгийн хувьд хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь жил бүрийн татвар, санхүүгийн бүртгэлээс тодорхой харагдана.
 
МАХН нь 2012 оноос өнөөг хүртэл Эскон компанийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд гэрээгээр байгуулсан түрээсийн төлбөрөө төлж чадалгүй өдийг хүртэл явж ирлээ. Харамсалтай нь эрх баригчдын зүгээс,  МАХН-ын үйл ажиллагаанд саад тотгор учруулагч хэсэг бүлгийн гар хөл болсон хууль хүчний байгууллагуудын зүгээс Эскон компанийн эсрэг зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар намын даргыг сонгуульд оролцуулахгүй гэх үндэслэл болгохоор ажилласаар байна.  Улс төрийн хэлмэгдүүлэлтийн ийм дайралт шахалтыг өөрийн болон гэр бүлийн хүмүүсийн эрх эрх чөлөөг хязгаарлуулан байж даван туулж, намаа үйл ажиллагаа явуулах байраар хангаж байгаа Н.Энхбаяр даргад намын Их чуулганаас энэ индрээс намынхаа гишүүдийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Миний энэхүү тайланг хамт бэлдсэн, зүй ёсоор хамтран илтгэх учиртай МАХН-ын анхны ЕНБД, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй, анагаах ухааны доктор, эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЕНБД Э.Эрдэнэжамъян нарт гүн талархал илэрхийлье.
МАХН-ын гишүүд, зуут, аравтын дарга нар, Мянгат түмтийн дарга нартаа гүнээ талархал илэрхийлье. МАХН-ын удирдлагад чиглэж буй дайралт, дарамт шахалт анхан аймаг дүүрэг, сум хороонд ажиллаж буй намын идэвхитэн сонгуультан та бүхэнд тэр бүү хэл жирийн гишүүдэд ч мөн адил нүүрлэж байгааг, та бүхэн маань улсаа хөгжүүлэх чин сэтгэлээр мөр зэрэгцэн яваа гэдэгт итгэж, та бүхнээрээ бахархаж талархаж байгаагаа илэрхийлье.
Хүч тэнцвэргүй улс төрийн тэмцэлд үнэний талд бидэнтэй хамт байсан хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрхэм хүндэт сэтгүүлчиддээ, түүний дотор Зуун мэдээ сонин, ТВ9 телевизийн хамт олонд намынхаа гишүүд, Их чуулганы төлөөлөгчдийнхөө өмнөөс халуун талархал илэрхийлье.
 Өнгөрсөн 7 жил МАХН-ын туулсан бэрхшээл бүхэн бидэнд хатуужлыг олгож, бидэнрүү чиглэсэн дайралт бүхэн бэрхшээлийг даван туулах чадвар суулгаж, нэг хэсэг нь орхиод явхад илүү олон гишүүд гараа сунган ирж, алдсан алдаа бүхэн маань туршлага болон хуримтлагдаж, дарлагдсан олон ардтайгаа амь нэгсэн тэмцэж ирлээ. Амжилт бүхэн зоригийг нь чангалж, сорилт бүхэн булчин суулгасаар шөрмөслөг нэгэн нам, МАХН эрийн цээнд хүрч байна. Баян тарган эрх баригчид биднийг хяхаж хавчих тусам ард иргэд маань МАХН-ыг өөриймсөн түшиж байна.  Маргааш өглөө болход нар мандана, манан арилна хэмээн итгэж бид хийх ажлаа тунгаан, очих газраа товлож байгаа. Зовсны эцэст жаргана гэдэг үг Манай намд ч, ард түмэнд ч хамаатай билээ.
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө байж Монгол улсаа мандуулья