sonin.mn
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тамирчдын чансааны оноог шинэчлэн гаргажээ. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд БНХАУ-ын Шиань хотод болсон Азийн аваргад мөнгөн медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Ө.Батзул 44 оноогоор жиндээ гуравдугаар байрт бичигджээ. Энэ жинд “Рио-2016” олимпын наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев 80 оноогоор тэргүүлж, түүний гол өрсөлдөгч "Рио-2016” олимпын наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдер 78 оноогоор аман хүзүүдэж байна.
Тавдугаар сарын 24-25-нд болох Сассаригийн олон улсын тэмцээн, долоодугаар сард зохиох Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд дэлхийн чансааны оноо олгоно. Дээрх хоёр тэмцээний дараа дэлхийн чансааны оноог нэгтгэж есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох дэлхийн аваргад жин тус бүрт эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин хэсэг тус бүрээ толгойлох юм.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин