Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага тод магнай, торгон жолоо өргүүллээ.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Г.Чинзоригийн хээр даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, уяач С.Батмөнхийн халтар даага тодров. Харин айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал даага, айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, уяач Д.Амарсанаагийн хүрэн даага торгон жолоо өргүүллээ.
Энэ жилийн уралдаанд 284 даага бүртгүүснээс 230 нь шандас хурдаа сорьсон юм.
Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмаар Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Н.Баярхүүгийн зээрд даага түрүү магнайд хурдалсан бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Төрмөнхийн зээрд даага аман хүзүүдэж байв.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0