sonin.mn
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.БАТТУЛГАТАЙ энэ сарын 7-нд эхлэх Хүүхдийн спортын VI наадмын талаар ярилцлаа. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уг наадмыг хоёр жилд хийж байхаар шийдвэрлэжээ.
 
-Хүүхдийн спортын наадмын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна. Орон нутгаас ирэх өсвөрийн тамирчдыг хаана байрлуулах зэрэг олон асуудал тулгарч байна уу?
 
 -Хүүхдийн спортын наадмын өвлийн төрлүүд өнгөрсөн хавар болсон. Одоо спортын зуны төрлүүдийн шигшээ тэмцээн болох юм. Бэлтгэл ажлын хувьд Засгийн газрын тогтоолоор орон нутгаас оролцох тамирчдын асуудлыг тухайн аймгаас нь шийдвэрлэдэг. Бид тэдэнд байр, сууцын судалгаа гаргаж өгөөд явуулсан. Хүүхдийн спортын наадмын 34 төрлийн тэмцээнийг энэ жил 22 зааланд зохион байгуулна. Эдгээр зааланд тэмцээн зохион явуулах бэлтгэлийг хийгээд дуусч байна. Ерөнхийдөө Хүүхдийн спортын наадмын бэлтгэл 80 гаруй хувьтай байна. Үлдсэн 10 хоногт тэмцээний бэлтгэлээ бүрэн хангана гэж төлөвлөсөн.
 
-Өсвөрийн тамирчид шигшээ тэмцээнд оролцохын тулд хэдэн шалгаруулалтад өрсөлдсөн бэ?
 
-Наадмыг хоёр үе шаттайгаар зохион явуулж байна. Өөрөөр хэлбэл, тамирчин эхлээд сургуулийн хэмжээнд өрсөлдсөн. Тэндээ аварга болсон хүүхэд аймагтаа ирж тэмцээнд оролцсон. Аймаг, дүүргийн шигшээ тэмцээнд 400 гаруй сургуулийн 40 мянга гаруй сурагч өрсөлдсөн гэсэн тоо мэдээ гарсан. Тэднээс шалгарсан 4500 гаруй тамирчин Улаанбаатар хотод ирж шилдгээ шалгаруулах юм. 
 
-Сонсголын болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчид тэмцээнд оролцохоор болжээ. Тэд спортын хэдэн төрлөөр өрсөлдөх вэ? 
 
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хичээллэдэг спортын төрлийг Хүүхдийн наадамд түлхүү оруулсан. Паралимп, дифлимп, тусгай олимп дотроо тус бүр спортын гурван төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна.
 
-Өсвөрийн шилдэгтамирчдыг сонгон шалгаруулж, дэмжиж буй нь олимп, дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдаа нээн, ур чадварыг нь ахиулах боломжтой болж буйгаараа онцлог байх?
 
-Хүүхдийн спортын наадмыг бэлтгэж буй гол зорилго нь залгамж  халаагаа бэлтгэх. Энэ наадмыг 1999 оноос хойш зургаа дахь удаагаа зохион явуулах гэж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас 183 дугаар тогтоолыг гаргасан. Үүний хүрээнд наадам зохион байгуулах журмаа өөрчилж, энэ удаагийн наадмаас хойш хоёр жил тутамд зохион явуулж байхаар болсон. Энэ нь нүдээ олсон шийдвэр гэж бодож байна. Учир нь, Хүүхдийн наадмыг дөрвөн жилд нэг удаа хийхээр наснаас нь шалтгаалж зарим хүүхэд орхигдчих гээд байсан. Үүнийг зохицуулахын тулд наадмын хугацааг ойртуулсан. Энэ нь ч маш их ач холбогдолтой. Хүүхдийн спортын наадмын зорилго нь олимп, дэлхийн аварга бэлтгэхээс гадна өсвөр үеийнхнийг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэх явдал юм.
 
-Хүүхдийн спортын VI наадмыг олон төрлөөр зохион байгуулж байна. Эдгээрийг судалгаатай сонгосон уу?
 
-Энэ жилийн наадмыг спортын олон төрлөөр зохион явуулж  байгаагаараа онцлогтой. Үндсэн 19, сонгох долоо, тусгайгийн 12 болон өвлийн төрөлтэйгөө нийлээд спортын 36 төрлөөр зохион явуулж байна. Үүний учир нь, ирэх жил “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадам болно. Энэ наадмын төрлөөс Хүүхдийн спортын наадамд оруулсан учир ингэж нэмэгдсэн.
 
-“Азийн хүүхдүүд 2020” наадамд энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас шалгаруулах авах уу?
 
-Хүүхдийн спортын наадамд амжилттай оролцсон хүүхэд шууд шалгараад орно гэж ойлгож болохгүй. Ирэх жил дахин сорилго хийж, хүүхдүүдээ сонгох юм.
 
-Хүүхдийн спортын наадамд түрүүлсэн тамирчдад ямар шагнал өгөх вэ?
 
-Наадамд түрүүлсэн хүүхэд 60 мянга, дэд байр 400 мянга, гуравдугаар байрт шалгарсан бол 200 мянган төгрөгийн шагналтай. Мөн хүүхдүүдэд алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл  гардуулна.
 
-Сүүлийн үед хүүхдүүд ихэвчлэн олимпын төрлийн спортоор хичээллэж байна. Үүнээс гадна багийн төрлийн спортыг хөгжүүлэх шаардлага бий? 
 
-Хүүхдүүд олимп, дэлхийн аваргуудаа үлгэр дуурайллаа болгож, тэдэн шиг болохын тулд спортоор хичээллэдэг. Бидний хувьд спортын төрлүүдийг жигд хөгжүүлэх бодлого баримталж байна. Мөн багийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөр гаргаж байсан. Үүний дүнд багийн төрлийн спортоор хичээллэгсдийн тоо олширч байна. Энэ удаагийн хүүхдийн наадамд ч спортын энэ төрлүүд түлхүү багтсан. Тиймээс бид сагсан бөмбөг, волейбол, 3x3 зэрэг тэмцээнийг бүсчилж, тэндээс шалгарсан хүүхдүүд шигшээ тэмцээнд өрсөлдөхөөр ирж байна. Түүнээс биш аймгаас шалгарсан хүүхдүүдийг оролцуулсан бол олон хүүхэд ирэх байсан юм.
 
-Наадмын үеэр үзүүлэх тоглолт хийх үү?
 
-Есдүгээр сарын 10-нд болох Хүүхдийн спортын наадмын нээлтэд зориулж сонирхолтой хөтөлбөр гаргасан. Тэмцээний дундуур үзүүлэх тоглолт болохгүй.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин