sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д шалгарлаа.
 
Харин эмэгтэйчүүдийн энэ жинд хүч үзсэн Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар нар ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Израилын бөх Шарир Гилитэй барилдаж вазари алдаж ялагдсан.
Б.Ганхайчын хувьд Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод иппон цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн Maria Centracchio-тэй барилдаж вазари үнэлгээгээр ялж жингийнхээ дэлхийн дэвжээний шилдэг 8 жүдоч нэгд багтлаа.
Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт  Мадагаскарын Фетра Ратсимизиватай барилдаж боох мэхээр цэвэр яллаа. Харин дараагийн тойрогт манай бөх Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдаж ялагдсан юм.
 
 
Д. Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг