sonin.mn
ҮБХИС-ийн АБС-ийн сонсогч Х.ЦОГБАЯРЫГ энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тэрээр үндэсний сурын Монгол Улсын гарамгай харваач бөгөөд спортын мастер цолтой.
 
Таныг сурын харваагаар амжилттай өсөж яваа тамирчин гэж сонссон. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
 
-Зэвсэгт хүчнээрээ шимтэн уншдаг цэргийн сониндоо ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Уншиж сууснаас өөрийгөө ингэж ярилцлага өгнө гэж бодож байсангүй. Би 1999 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. 2017 онд Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит хоёрдугаар бүрэн дунд сургуулийг төгсөөд ҮБХИС-д элсэж орсон. Багаасаа л цэргийн хүн болно гэж бодож байсан болохоор ямар ч эргэлзээгүй ҮБХИС-ийг сонгосон. Манай аймагт анх удаа Зэвсэгт хүчний анги байгуулагдаж, цэргийн хувцастай, цог жавхаатай ах эгч нарыг хараад бахархаж өссөн маань нөлөөлсөн. Ах минь ч ятгасан. Тэр цэргийн хүн л дээ.
 
Таны бодлоор цэргийн сургуулийн онцлог юу вэ?
 
-Хүнийг хүндлэх, зөв боловсон харьцахаас эхлээд амьдралд хэрэгтэй олон зүйлд сургадаг юм байна. Хамгийн наад зах нь “Та” гэж харьцаж, хэлэх үгийг нь дуустал сонсож сурсан. Өмнө нь болж өгвөл тайлбар тавиад л, өөрийн буруу байсан ч өөрийгөө өмгөөлдөг байж. Одоо бол цэргийн хүн даруу байх ёстой гэсэн алтан дүрэмтэй.
 
Таны хувь хүний хөгжилд их сайнаар нөлөөлсөн байна шүү...
 
-Тийм ээ. Хүнээс үг сонсох, цаг баримтлах, цэргийн дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсөх гээд л сурсан зүйл зөндөө бий. Гэрийнхэн маань ч гэсэн “Манай Цогоо цэргийн сургуульд ороод өөр болж. Төлөв даруу болсон байна” гээд магтаж байсан. Би багадаа их сахилгагүй байлаа. Аав, ээжийнхээ үгэнд ордоггүйн зэрэгцээ болж бүтэхгүй зүйлийг туршиж үзэх сонирхолтой гэж жигтэйхэн. Харин одоо өөрийгөө томоожсон гэж бодож байгаа шүү. Өөрийгөө магтах нь онцгүй л дээ. Зүгээр л цэргийн алба намайг төлөв даруу болоход нөлөөлсөн.
 
Та цэргийн хүн болоход ах маань нөлөөлсөн гэсэн. Энэ тухайд тодруулна уу?
 
-Миний ах Х.Цогтбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад алба хаадаг, ахлах ахлагч цолтой. Тэр бээр 2013-2014 онд БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөн 2015 онд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн. Энхийг сахиулаад ирсэн ахаараа аав, ээж бид бүгд бахархсан. Эх орондоо газардсан ахыгаа болон бусад энхийг сахиулагчдыг хараад ямар мундаг юм бэ гэж бодсон.
 
Би хожим ах шигээ цэнхэр дуулгатан болохыг мөрөөддөг. Үүний төлөө л өнөөдөр хичээж байгаа.
 
Сурын харвааны талаар ...
 
-Би 2009 оноос хойш үндэсний сурын харваагаар хичээллэж байгаа. 2018 онд Үндэсний их баяр наадмаар хоёрдугаар байрт шалгарч, Монгол Улсын гарамгай харваач, спортын мастер цол хүртсэн. Энэ жил харин сургуулийнхаа хичээлийн нээлтэд сурын харваагаараа оролцсон шүү. Сургуулийн захиргаа “Хичээлийн шинэ жилийн нээлтээ шинэлэг байдлаар хийе” гээд надад дуут сум харвахыг санал болгосон. Би ч дуртай зөвшөөрсөн. Тавин метрт дуут сумаар самбар харваж, цаанаас нь “Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ гарч ирсэн юм.
 
Сурын харваагаар хичээллэхийн ач холбогдол юу вэ?
 
-Олон талын ашигтай. Харваач хүн хараа хурц, эрүүл саруул биетэй байх ёстой. Сурын харваа тухайн хүнээс тэсвэр тэвчээр их шаарддаг. Тиймээс сурын харваагаар хичээллэдэг хүний зан ааш дөлгөөн, тогтуун болдог.
 
 
Харвахад тайван байдал чухал. Сэтгэл зүйн хувьд тайван байснаар тогтож харван хасаагаа онодог. Сэтгэл хөдлөл, догдпол ихтэй хүмүүс байгаа оноход нь хэцүү.
 
 
Сургуулийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
 
-Сайн дэмждэг. 2017 онд сургуулийн спорт цогцолборыг түшиглэн Үндэсний сурын харвааны дугуйлан хичээллэж эхэлсэн. Тэнд техникийнхээ бэлтгэлийг хийхээс гадна мөн хүчний бэлтгэл тогтмол хийдэг. Үргэлж тусалж дэмждэг аав, ээж, багийн хамт олон, сургуулийнхаа захиргаанд маш их баярладаг. Надад итгэсэн хүн бүхний сэтгэлийг би зүтгэлээр хариулахын төлөө хичээж явна даа.
 
Та аль спортын багт харьяалагддаг вэ?
 
-Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг болсон. Энэ баг маань таван улсын мэргэн, гарамгай, гоц харваач, мастеруудтай үндэсний сурын харвааны шилдэг багуудын нэг. Тэднээс их зүйл сурч байна.
 
 
 
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутан Б.Нямдорж
Эх сурвалж: "Соёмбо" сонин