Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Кавказын уулсын дунд манай улсын нэрийг дуурьсган сүндэрлэж буй “Пик МНР” буюу "БНМАУ оргил"-д анх хүн авирсны 80 жилийн ой өнөө жил тохиож байна.
“БНМАУ” оргил нь МНР гэсэн үсгийг бэлгэдсэн, гурван шовх оргил бүхий унтарсан галт уул бөгөөд Төв Кавказ, ОХУ-ын Кабардино-Балкарын Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт, Их Кавказын нурууны Адыл-Су хавцалд оршдог. 
 
 
Өндөр: Баруун өмнөд оргил  нь 3810 м, Төв оргил нь 3820 м, Зүүн хойд оргил нь 3830 м.
 
ЗХУ 1930-аад оны эхэн үеэс уулын спортод ихээхэн анхаарч эхэлсэн бөгөөд Кавказын уулс, тэр дундаа Эльбрус орчмыг ихээхэн сонирхох болжээ. Харин “Пик МНР”-т анх хүн авирсан нь Халх голын дайны үетэй давхацдаг. Тухайн үед оросууд шинээр нээсэн оргилууддаа ямар нэгэн түүхэн үйл явдал, улс төрийн үзэл сурталтай холбоотой нэр өгдөг байсан байна.
 
 
“Пик МНР”-ийн оргилд анх 1939 оны 7 дугаар сарын 4-нд ЗХУ-ын уулын спортын мастер Павел Филиппович Захаров /1906-1984/ ахлагчтай долоон хүний бүрэлдэхүүнтэй баг гарчээ. Тус багийнхан шинэ оргилыг “Пик МНР” хэмээн нэрлэсэн тухайгаа, мөн оргилд авирсан тайлангаа 1939 оны намар Москва, Улаанбаатар руу явуулжээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Пик МНР”-т анх гарч, манай улсын нэрийг мөнхөлсөн Оросын уулчдын ахлагч П.Ф.Захаровыг Засгийн газрын Хүндэт жуух бичгээр 1940 оны намар шагнаж байсан гэдэг.
 
 
“БНМАУ” нэртэй ч монгол хүн хөл тавиагүй энэхүү оргилд 2014 онд гурван монгол бүсгүй амжилттай авирчээ. Тэд бол Д.Оюунцэцэг, “Хайрхан” аялагч клубийн гишүүн С.Оюунцэцэг, Г.Нарангарав /МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан/  нар юм. Тэд Оросын хоёр уулчны хамт тавуулаа энэ оргилд 2014 онд, тэгэхдээ анх орос уулчдын авирсан 7 дугаар сарын 4-ний өдөр гарсан нь бас л сонин тохиол байдаг аж.
 
 
Кавказад байдаг, Европ тивийн ноён оргил Эльбрусь "Пик МНР" оргил дээрээс харагдах байдал: /Шуурга айсуй/
 
 
ОХУ-ын Пермь хотын уулчид (2009-2010 он) авиралт хийж байгаа нь. "Пик МНР"-ийн оргилуудад гарах авиралт одоо ч байнгын “идэвхтэй” эрэлттэй байдаг байна.   
Ташрамд дурдахад, “Монгол Улсад зориулж “МНР” гэж нэрлэсэн уул, даваа Кавказын уулсаас гадна хуучин ЗХУ-ын бусад нутаг дэвсгэрт мөн байдаг аж. Эрхүү мужид Монголын хилтэй ойрхон Мунку-Сардык (Мөнх Сарьдаг) нурууны орчимд “МНР” нэртэй нэг даваа байдаг тухай Павел Филиппович Захаров бичжээ.
 
 
Б.Хандмаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг