Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Доржийн Анар Киргизийн курош бөхийн Ази тивийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн +96 кг-д түрүүлэв.
 
Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр аваргын төлөөх барилдаанд Тажикстаны бөх Махмад Мировыг өвдөг шороодуулав. Энэ жинд Ираны бөх Мохаммеди Абдолвахед, эзэн орны тамирчин Тилек Куралов нар хүрэл медаль хүртжээ.
 
Монгол Улсын харцага Д.Анар Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат бөгөөд Монголд анх удаа болсон казахын курес бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д түрүүлж байсан юм. Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн АШТ-ээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн залуучууд, оюутан, өсвөр үеийн АШТ-д тус тус түрүүлж байв. Харин самбо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн нэг мөнгө, залуучууд болон өсвөр үеийн тус бүр нэг алтан медальтай.
 
Д.Анар өнөөдөр Киргизийн курош бөхийн энэхүү тивийн АШТ-ий үнэмлэхүй жинд хүчээ сорино.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг