sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд нэг унаатай башёг тэргүүлж байсан Токушорюү, Озэки Такакейшог хаяж 14 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ.
Тэрбээр Макүүчи буюу Дээд зиндааны хамгийн доод чансаа болох Магэаширагийн 17-гоос босч барилдан түрүүлсэн бөх болов. Мөн мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хамгийн ахмад /33 нас 5 сар/ насандаа түрүүлсэн 3 дахь бөхөөр тодорлоо.  Харин Эзэн хааны цомыг хүртсэн хамгийн ахмад бөх нь Кёкүтэнхо Н.Цэвэгням /37 нас 8 сар/ юм байна.
 
 
Энэ башёгийн 14 дэх өдөр Токушорюүд унасан Шодай сүүлийн өдөр Митакэүмиг давж 13 даваатай болж, Токушорюүг сүүлийн өдөр унавал түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийх байв. Харин Токушорюү түүнд ийм боломж олгосонгүй.
 
 
Сэкиваке Асанояама 15 дахь өдрийн барилдаанд Рюүдэнг давснаар 10 даваатай башёг дуусгаж Озэки цолны болзлыг хангаж байна. Озэки Гойэдогийн хувьд сүүлийн өдөр Оношод унаж 5 даваа, 10 унаатай, дараагийн башёд цол буурч Сэкиваке цолтой барилдахаар болов.
Макүүчид барилдсан монгол бөхчүүдээс Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ өдөр өрсөлдөгчөө хаяж 11-4, Азүмарюү С.Тодбилэг 7-8, Тамаваши Б.Мөнх-Оргил 5-10 гэсэн унаа, даваатай Хацү башёг дуусгав.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг