sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Шинэ Дели хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн 2020 оны АШТ-ий эхний өдөр Налайх дүүргийн харъяат, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн эмэгтэйчүүдийн 55 кг-д мөнгөн медалиар Монголын багийн амжилтын салхийг хагалав.
Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Казахстаны Марина Зуевад 8:11-ээр ялагдсан ч удаах барилдаанд БНСУ-ын Ким Жин Хи, хагас шигшээд 2019 оны Японы аварга Кана Хигашикаваг тус бүр цэвэр ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдав. М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.
 
 
Харин чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг-д мөнгөн медаль хүртэв. Түүний хувьд сүүлийн гурван жил дараалан тивээсээ медаль /2018 онд Бишкект хүрэл, 2019 онд Шианьд мөнгөн медаль хүртсэн/ зүүж байна. А.Батцэцэг хэсгийн барилдаанд Узбекстаны Гульнора Тошпулатоваг 10:0-ээр, БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2-оор, Японы Кон Юүмиг цэвэр, хагас шигшээд Казахстаны Мадине Бакбергеноваг 5:1-ээр тус тус ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Сарита Морд 2:3-аар ялагдсан юм.
 
 
Эмэгтэйчүүдийн 68 кг-д таван бөх тойргоор барилдснаас залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдснаар хүрэл медаль хүртэв. Ази тивийн АШТ-д анх удаа зодоглосон тэрбээр өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекстаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас ийнхүү медаль зүүлээ.
Энэ өдөр хүч үзсэн Монголын 5 бөхөөс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр нь хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэв. 50 кг-д Б.Мөнхнар Узбекстаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг