Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн буюу Нагоя башё ид дундаа үргэлжилж байна. Цар тахал өвчний улмаас тавдугаар сарын башё өнжиж харин энэ башёгийн барилдаан эхэлсэн.
Эхлэх эхлэхдээ бүр үзэгчтэйгээр хийхээр болсон. Хэдийгээр тус оронд "КОВИД-19" цар тахал өвчин төдийлэн буураагүй хоногт 100 орчим хүнээр халдварын хүрээ тэлж байгаа ч энэ башё тодорхой дэглэмийн дагуу болж байгаа юм. Бөхийн хувьд дэлхийд ганцхан сүмо л барилдаж байна. Бас ч хоёр гээд тоолбол манай Үндэсний их баяр наадмын бөх үзэгчгүйгээр болж өнгөрсөн дөө. Түүнийг зурагтаар харж баяссан. Одоо сүмог үзэж байна. Үзэхээс ч яахав. Дэлхийд өөр бөхийн барилдаан тэр ч байтугай спортын төрөл бараг алга. Бөх л лав байхгүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шийдвэрээр есдүгээр сар гартал тив, дэлхийн хийгээд улс доторх тэмцээн ч болохгүй. Японы сүмод монголчууд олон байдаг болохоор бид сонирхдог, үздэг. Зарим хүн Д.Дагвадоржоос хойш төдийлэн үзэхийг больсон гэдэг. Тэгвэл манай Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд нарын их аваргуудаас эхлээд зөндөө л сүмочид байгаа. Зиндаа бүрт монгол сүмоч бий.  Энэ Нагоя башёг монголчууд үзэхдээ 2500 япон үзэгчид атаархсан маягтай л үзэж байгаа. Харин үзэгч нар ердөө харж суух, алга таших л эрхтэй. Өөрөөр дуу чимээ гаргах, хашгирахгүй байх ёстой. Аваргыг хаяхаар суудал юугаа авч шиддэг ч бүр байхгүй. Нэг л томоотой башё болж байна. Барилдааны эхний найман өдөр нь өнгөрөв. Тэмцээний үр дүн ямар болох, хэн гэдэг сүмоч түрүүлэхнэв гэдэг таамаг дэвшүүлж болох цаг ирлээ. Сүмочид ч барилдаандаа дасч би хэн бэ гэдгээ харуулж байх шиг. Амжилтыг харвал их аварга Хакүхо М.Даваажаргал, шинэхэн озеки Осанояма нар найм давж тавин хувиа хийв. Түрүү бөх тэр хоёрын нэг байх өнгө ч харагдаж байна. Тэд учраагаа тун зоволгүй давсаар байгаа. Даангүй Хакүхо учраа бүртэйгээ тун ч удахгүй харагдана. Сүмогийн түүхэнд бичсэн 44 түрүүгээ нэгээр нэмэхээр л байна. Жинхэнэ их аварга юм даа. Тэр хоёрын араас секиваке Митаканоүми, Шёодай нар долоон даваа, нэг унаатай нэхэж явна. Хоёр секиваке найм дахь өдөр болзсон юм шиг оноолт таардаг юм. Митаканоүми унаагүй, Шёодай нэг унаатай байв. Хэн нь бол гэхээр бөхчүүд. Адилхан цолтой, хэн хэн нь озеки цол "зүүдэлж" яваа хоёр. Тайлбарлагч онцлох барилдаан энэ шүү гэж хэлэхтэй зэрэгцээд Шёодай, Митаканоүмиг зайлаад шидчихдэг юм. Тэгээд хоёул тэргүүлэгчийн ард жагсав.Тэгвэл гурав дахь эгнээнд Миёогирюү, Тамаваши, Котошогикү, Китаёокү нарын хэдэн бөх байна. Монгол сүмочдоос Тэрүнофүжи, Кирибияма нар тун аятайхан барилдаж байгаа юм. 
 
 
 
Онцгой дэг журамтай болж буй башё бас юм юмтай л... Их аварга Какирюү тэмцээний эхний өдөр унахдаа тохойныхоо гэмтлийг сэдрээснээс тэмцээн өнжихөөр болсон. Залуу  сүмоч Котоновака бас гэмтэж найм дахь өдөр барилдсангүй. Аби гэдэг сүмоч тун гайгүй барилдаж байсан чинь тэмцээний зургаа дахь өдрийн орой хөгжөөн дэмжигчтэйгээ хооллож, ууж наргиснаар башё өнжөөх сахилгын шийтгэл хүлээв. Онц дэглэм тогтоосон үеийн том алдаа тэр байсан юм байх. 
 
 
 
Энэ башёд озеки цолоо хамгаалах барилдаан хийж байгаа Такикейшёо гэмтэл нь ч бүрэн эдгээгүй ч юм уу, өөрийнх нь барилдаан гарахгүй. Одоо таван даваатай тааруухан байна. Бас үзэгчдийн танил сүмочид цагтаа озеки цолтой, хэн хэн нь нэг удаа түрүүлж явсан Такиясү, Точиношин нар муухан барилдаж залуучуудад нухуулаад л харагдана. Ояката нар тэднийг дээд зиндаандаа л байж сэргэлт аваасай гэсэн янзтай хэлж байна лээ. Дээд зиндаанд барилдаж байгаа сүмочдын хамгийн ахмад нь гэх Котошогикү шиг сэтгэлзүйн бэлтгэл тэдэнд алга гэдгийг нэг биш хүн хэлж байх нь дуулдав. Одоо 36 настай Котошогикү бол озеки цолтой, нэг удаа аваргуудыг бүгдийг орхиод түрүүлж Эзэн хааны цом гардаж байсан хүн. Барилдсаар л байна. Одоо зургаа давчихсан л явналээ. Дэлхийд ганцхан байгаа сүмогийн Нагоя башёгаар энэ мэт л сонинтой байна. 
 
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин